Хайх

ISAIA: Хувцаслалтандаа анхаардаг эрчүүдийн мэдэх хэрэгтэй 4 чиг хандлага

ISAIA: Хувцаслалтандаа анхаардаг эрчүүдийн мэдэх хэрэгтэй 4 чиг хандлага

Эрчүүд улам бүр загварлаг болсоор байна

Text: Ө.Тодгэрэл


Эрэгтэй хувцас загвар хэзээ ч ийм сонирхолтой байсангүй ээ. Виржил Абло Louis Vuitton-ыг удирдаж, Ким Жонс Dior Men-д шилдэг бүтээлээ туурвиж, Дэвид Бекхэм Их Британийн Загварын Холбооны төлөөлөгчдийн ерөнхийлөгчөөр сонгогдож, Maison Margiela анхны эрэгтэй кутюр цуглуулгыг танилцуулсан энэ үед эрчүүд урьд өмнөхөөс илүү эрх чөлөөтэй хувцаслаж, загвараар дамжуулан өөрийгөө илэрхийлж байна. Манай улсад ч бас өнгөлөг, дэгжин хувцасласан залуус улам бүр олширч байгаад ISAIA брэндийн том хувь нэмэр бий. Жентельмен эрчүүдийн зорих дуртай цөөн газруудын нэг болсон ISAIA брэндэд хавар-зун 2019 улирлын шинэ загварууд ирсэнтэй холбогдуулан бид хаяанд ирсэн хавар-зуны улиралд ямар чиг хандлага ноёрхохыг онцлохоор шийдлээ.

 

I

Контемпорари хувцаслалт


ISAIA: Хувцаслалтандаа анхаардаг эрчүүдийн мэдэх хэрэгтэй 4 чиг хандлага (фото 1)

Юуны түрүүнд контемпорари хувцаслалт гэдэг нь юу юм бэ? Өндөр чанартай материал, биед тухтай хийц, хэзээ ч хуучрашгүй цэмцгэр стиль зэрэг нь контемпорари хувцаслалтын үндэс бөгөөд ямар ч үед мэдрэмжтэй, цэгцтэй харагдах нь үүний гол зорилго юм. Харин контемпорари стилийг тэйлор хийцтэй хувцас, сонгодог хослолоор дамжуулан гаргахад хамгийн хялбар байдаг. Яг одоо зөвхөн эрэгтэй гэлтгүй эмэгтэй загварт ч тэйлор хувцас өндрөөр үнэлэгдэж шинэ мянганыхны тэргүүн сонголт болж байна. Хамгийн гол нь одоо тэйлор хувцаснууд илүү чөлөөт, тайван уур амьсгалтай болсон тул зөвхөн ажил албанд төдийгүй ямар ч үед өмсөхөд тохиромжтой байж, үргэлж гоёмсог харагдахын гол нууц болжээ. 

Тэйлорингийн ертөнцийн салшгүй нэг хэсэг болсон ISAIA брэнд шинэ улиралд 1970-аад оноос санаа аван гипси, цэцгэн хээтэй загваруудыг төрөл бүрийн тод өнгөөр танилцууллаа. Уран зөгнөл, эрх чөлөөг санагдуулам эдгээр загварууд мэдээж мөн брэндийн олон жилийн түүхтэй Наполигийн уран хийц, дэгжин стильтэй уусаж, бүхэлдээ маш контемпорари аяс мэдрүүлж байсан юм. Үргэлж өв уламжлал болоод өнгөт ирээдүйг хослуулж чаддаг ISAIA-гийн загварууд ийм ч учраас ямар ч нөхцөлд зохистой байж, ямар ч насны эрчүүдийг гоёх чадвартай гэх давуу талтай билээ. Цуглуулгад мөн аялалд авч явахад хамгаас тохиромжтой цэвэр даавуун материалтай, индүүдэх шаардлагагүй нимгэн пиджакууд, Жианлука Изайагийн урлах дуртай Италичуудын хөгжилтэй гарын дохионуудыг дүрсэлсэн футболканууд, сонгодог давхар энгэртэй пиджак бүхий хослолууд багтсан байгаа.

 

II

Энэ улиралд таны сонгох өнгө - Шүрэн улаан, цэнхэр ногоон мөн мэдээж сонгодог хөх цэнхэр

ISAIA: Хувцаслалтандаа анхаардаг эрчүүдийн мэдэх хэрэгтэй 4 чиг хандлага (фото 2)

Pantone институтийн зүгээс 2019 оны гол өнгөөр Амьд Шүр өнгийг тодруулсныг та мэдэж байгаа биз ээ. Гэхдээ шүрэн өнгө нь олон жилийн өмнөөс ISAIA брэндийн бэлгэ тэмдэг байсаар ирсэн бөгөөд цуглуулга бүрд нь онцгой байр суурь эзэлдэг уламжлалтай. Тэр ч бүү хэл шүрэн улаан нь аз амжилтыг билэгдэж байдгаараа аливаа трендээс илүү гүн утгатай өнгө юм. ISAIA-гийн хавар-зун 2019 оны цуглуулгад шүрэн өнгийн олон туяанууд өргөн сонголттойгоор орсон тул та энэ өнгийг заавал хувцаслалтдаа нэвтрүүлээрэй.

Мөн бага зэргийн цэнхэр туяатай тансаг ногоон өнгө энэ удаад анхаарлын төвд байгаа бөгөөд энэ нь жийнсэн өмд ба поло футболкагаас эхлээд сонгодог сорочкан цамцтай хослох чадвартайн зэрэгцээ цэнхэр, саарал, цагаан гэх бусад өнгөнүүдтэй сайхан зохицдог.

Үүнээс гадна хөх цэнхэр, цайвар шаргал, саарал зэрэг бүх цаг үеийн сонгодог, үндсэн өнгөнүүдийг мартаж болохгүй. Эдгээр суурь өнгийн загварууд эрэгтэй хүний хувцасны шүүгээнд зайлшгүй байх ёстой юм.

 

III

Дотроо үргэлж хүүхдээрээ байдаг дэггүй эрчүүдийн гол чимэглэл - Хөгжилтэй хээтэй зангиа ба алчуур

ISAIA: Хувцаслалтандаа анхаардаг эрчүүдийн мэдэх хэрэгтэй 4 чиг хандлага (фото 3)

Эр хүн бүрийн дотор дэггүй хүүхэд нуугдаж байдгийг ISAIA-гийн дизайнерууд сануулж байгаа бөгөөд тэрхүү өөрийн доторх балчир хүүхдээ мартахгүй байхыг уриаллаа. Өөрөөр хэлбэл хэт ажил хэрэгч, хуучинсаг хувцаслахын оронд тод өнгө, хөгжилтэй хээ ашиглан сахилгагүйтэж хувцаслалтаа амилуулж өгөхийг зөвлөж байна. Шинэ цуглуулгад багтсан 1970-аад оны хиппи хээ, угалзтай тод өнгөтэй зангиа ба алчуурыг сонгодог загваруудтай хослуулснаар илүү эрч хүчтэй, залуу сэтгэлгээтэй харагдах нь гарцаагүй.

Энэ дашрамд дурдахад ISAIA мөн энэ улиралд анх удаа хүүхдэд зориулсан тэйлор хувцасны цуглуулга гаргасан ба цуглуулгадаа өөрсдийн санал болгодог дэгжин хослолуудын мини хувилбаруудыг багтаажээ.

 

IV

Made-To-Measure өөрийгөө болон дотоод ертөнцөө илэрхийлэх боломж


Тренд гэхээс илүүтэйгээр өөрийн зан чанар, дотоод ертөнцийг шингээсэн дахин давтагдашгүй хувцас өмсөх нь хамгийн үнэ цэнэтэй санагддаг. Төрөлдөө цор ганц хослол өмсөхийг хүсэж буй хэрэглэгчдэд хүссэн өнгө, материал, загвараа сонгон өөрийн биед яг таарсан хувцсыг захиалж авах боломжийг ISAIA-гийн Made-To-Measure үйлчилгээ олгож байгаа.

Гуравдугаар сарын 25, 26, 27 өдрүүдэд ISAIA брэндийн Шангри-Ла Молл дахь дэлгүүрт Италиас мастер тэйлор Francesco Mazuccuolo, Bernard Chin нар урилгаар хүрэлцэн ирж захиалга авах бөгөөд захиалгууд бүгд нарлаг Наполи хотод гар аргаар бэлтгэгдэх юм.

Мөн хэрвээ та өөрийн стилийг хараахан тодорхойлж амжаагүй байгаа бол ISAIA брэндийн мэргэжилтнүүд танд зөвлөгөө өгөн туслахад үргэлж бэлэг байдгийг анхаараарай.

 

ISAIA Mongolia
Хаяг: Шангри-Ла Молл, 1-р давхар, ISAIA дэлгүүр
Утас: 77221010, 80906070
Facebook: ISAIA Mongolia
Instagram: @isaia_mongolia

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

Сэтгэгдэл бичих

цааш үзэх