Хайх

Намар-өвөл 2019 улиралд худалдаж авах 9 гутал

Намар-өвөл 2019 улиралд худалдаж авах 9 гутал

Ирэх улирлын гол чиг хандлагууд

Text: Бюро 24/7


Дэлхийн загварын тайзнаа пүүз болон кет үзэгдэх нь улам бүр л багасч оронд нь үргэлж ултай гутал, дөрвөлжин хоншоортой туфли, мотоциклчны ботинк зэрэг сонирхолтой дизайн бүхий зоригтой хувилбарууд ноёрхож байна. Бид намар-өвөл 2019 улирлын бүх шоунуудыг сайтар судалж таны зайлшгүй мэдэх хэрэгтэй 9 тренд загварыг онцолж байна.

Платформ ултай, өсгийтэй ботинк

1970-аад оны загвар эргээд ноёрхож эхэллээ. Гэхдээ дизайнерууд тухайн цаг үеийн гутлын дизайныг илүү өвөрмөц болгож резинэн платформ ул, хилэн материал, металлик чимэглэл зэрэг сонирхолтой шийдлүүд танилцуулж байна.

Үслэг түрийтэй гутал

Энэхүү тренд нь цочир хүйтэрдэг Монголын нөхцөлд нэн тохиромжтой. Дулаан ч байна, загварлаг ч харагдана.

"Загасчны" түрийтэй гутал

Яг л мэргэжлийн загасчдын өмсдөг гутал мэт харагдах өвдөг давсан түрийтэй, резинэн ултай, сул өмсгөлтэй энэхүү гутал нь таны нэгэн хэвийн хувцасны шүүгээг илүү сонирхолтой болгоно.

Дөрвөлжин хоншоортой гутал

Хайр ба үзэн ядалт хоёрын голд маш нарийн зураас байдаг гэгчээр саяхан л бидэнд үзэмжгүй муухай харагддаг байсан дөрвөлжин хоншоортой гутал цаг өнгөрөх тусам улам л сэтгэл булааж, загварлаг санагддаг болоод байна. Proenza Schouler, Balenciaga, Acne Studios, Bottega Veneta ба Chloé брэндүүдээс хамгийн гоёмсог загваруудыг олоорой.

Mary Jane туфли

Яг л хүүхэлдэйн гутал мэт өхөөрдөм дизайнтай Mary Jane туфли нь Miu Miu, Maison Margiela, Rochas брэндүүдийн шинэ цуглуулгад багтжээ. Зарим нь сонгодог дизайныг санал болгосон бол, бусад нь илүү гранж хэв маяг бүхий зузаан ултай хувилбарыг танилцуулжээ.

Мотоциклчны ботинк

Ер нь л намар-өвлийн улиралд болхи хийцтэй, зузаан, арзгар ултай гутал л хамгийн гоёмсог харагддаг. Энэ жил мотоциклчны гэмээр урт түрийтэй болхи гутлыг нимгэн коовт, торгон юбка, ганган даашинз зэрэг эмэгтэйлэг хувцаснуудтай хослуулаарай.

Үргэлж ултай түрийтэй гутал

Бас нэгэн 70-аад оноос ирсэн гутал. Хөлд эвтэйхэн энэхүү трендийг Chanel, Stella McCartney зэрэг брэндүүд дэлгэрүүлсэн байгаа.

Өвдөг хүрсэн түрийтэй гутал

Өвдөг давсан биш, гэхдээ бас өвдгөөс доогуур биш. Яг л өвдөг дөнгөж хүрсэн урттай түрийтэй гутал нь намар-өвөл 2019 улирлын гол тренд байх болно. "Ийм нэгэн явдал" кино дээр гардаг шиг энэхүү загварыг Isabel Marant, Saint Laurent ба Max Mara брэндүүдээс олоорой.

Пүүзний гибрид

Дээр дурдсанчлан дизайнеруудын цуглуулгад пүүз, кет үзэгдэх нь улам л багасаад байна. Харин үүний оронд пүүз ба гутлын холимог гэмээр гибрид загваруудыг Tibi, Burberry ба Alexander McQueen брэндүүд санал болгожээ.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

Сэтгэгдэл бичих