Хайх

Танилцана уу, Ambush гоёл чимэглэлийн дизайнер Юн Ан

Танилцана уу, Ambush гоёл чимэглэлийн дизайнер Юн Ан

Ким Жонс, Виржил Абло, Канье Уэст нарын итгэлийг хүлээсэн гайхалтай бүсгүйн түүхийг өгүүлье

Text: Бюро 24/7


Үнэт эдлэлийн салбар бол нэлээд хуучинсаг, шинэ авьяастнуудын хувьд нэрээ таниулахад хүндрэлтэй, хязгаарлагдмал орчин юм. Пирамидын оройд зуун жилийн түүхтэй алдарт загварын орднууд, эсвэл гоёл чимэглэлээр дагнан олон жил ажилласан дизайнерууд залардаг төдийгүй үнэт эдлэл гэдэг нь өөрөө хувцас загвартай харьцуулбал төдийлөн олны анхааралд өртдөггүй, хайп үүсгэдэггүй зүйл билээ. Энэ бүхнийг тооцоолон авч үзэхэд Ambush брэндийн дизайнер Юн Аны түүх үнэхээр гайхалтай. Өнгөрсөн жил Dior Homme-ийн бүтээлч захирал Ким Жонс загварын шоуныхаа төгсгөлд үзэгчдэд хүндэтгэл үзүүлэхээр тайзнаа гарч ирэхдээ Юн Аныг дуудсан нь залуу бүсгүйн нөлөөллийг илтгэх гол үйл явдал болсон билээ.

Ким Жонстой нас чацуу тэрээр нэгэн үеийнхээ залуусын адил үнэт эдлэлийн дизайнаар мэргэшин сурч байгаагүй юм. Юн анх өөртөө зориулан үнэт эдлэл урлаж эхэлсэн ба өөрийн нөхөр, Teriyaki Boyz гэх Японы рэп хамтлагийн гишүүн Вербалын санаачилгаар нэрийн брэндээ үүсгэн байгуулсан байдаг. Ерөнхийдөө тухайн үед буюу 2005 онд Япон рэпперүүдийн стиль ид хүчээ авч байсан нь Юний карьерт маш чухал нөлөө үзүүлсэн. Bape брэндийн цахилгаантай юүдэнтэй цамц, oversize жийнсэн өмд, "хөшиг" хэлбэрийн нарны шил, өндөр түрийтэй кет гээд Япон рэпперүүдийг тодорхойлдог байсан хувцаслалт дэлхий дахинаа танигдаж бүх өсвөр настнууд ийм байдлаар хувцаслаж эхэлсэн тэр үед Канье Уэст ба Фарелл нар энэ давалгааг анзааран Японд ихээхэн хугацааг өнгөрүүлдэг байсан юм. Ингээд Канье улмаар Teriyaki Boyz хамтлагтай хамтран ажиллаж, Юнтэй нөхөрлөлийнхөө эх үүсвэрийг тавьсан билээ. Канье Юн Аний чадварыг үнэлсэн анхны хүмүүсийн нэг байсан гэж хэлж болно. Сонирхуулахад залуу дизайнерын хамгийн анх урласан гоёл чимэглэл нь комикс номонд харагддаг үүл хэлбэрийн (ихэвчлэн дотроо Pow! гэх бичиг агуулдаг) хүзүүний зүүлт байсан юм.

Үүнээс найман жилийн дараа Юн Ан Ambush брэндийнхээ хүрээнд хувцас загвар гаргаж эхэлсэн бөгөөд LVMH-ийн нэрэмжит тэмцээнд оролцон Dior брэндийн эрэгтэй чиглэлийн үнэт эдлэлийн дизайнерын тушаалд очсон байдаг. Харин одоо тэрээр Токио, Парис хотуудын хооронд амьдарч байна. Юний хэлдгээр Токио бол өөрийгөө чөлөөтэй илэрхийлэн туршилт хийх боломжтой, дэлхийн хамгийн бүтээлч хот бөгөөд амьдралынхаа чухал үеийг өнгөрүүлсэн энэхүү хотоос тэрээр нуух ямар ч бодолгүй байгаа аж. Юн үнэндээ Солонгос улсад төрсөн бөгөөд Сиэтлд өсөж торнин нөхөртэйгөө Бостонд график дизайнераар суралцаж байх үедээ танилцсан байдаг. Токио руу нүүж, өөрийн гэсэн брэнд үүсгэн байгуулах санааг түүнд нөхөр нь өгч байжээ.

Өнөөдөр Ambush брэнд нь масс худалдан авагчид дунд алдартай төдийгүй загварын салбарын мэргэжилтнүүдийн хүндэтгэлийг хүртсэн гол үнэт эдлэлийн брэндүүдийн нэг юм. Юн Dior Homme-тэй гэрээ байгуулахаасаа өмнө Sacai, Undercover, Amazon ба Nike брэндүүдтэй хамтарч байсан туршлагатай ба Солонгосын Gentle Monster нарны шилний брэндэд зориулж Дэвид Боуигаас санаа аван капсул цуглуулга бүтээж байсан удаатай. Хэдийгээр Юн Ан одоо Dior Homme-той гэрээтэй байгаа ч түүний хэлдгээр Ambush брэнд бол түүний хамгийн гол төсөл юм.

Сэтгэгдэл бичих