Хайх

Интерьер шинэчлэлт: 2017 оны чиг хандлагын талаар дизайнерууд ярьж байна

Интерьер шинэчлэлт: 2017 оны чиг хандлагын талаар дизайнерууд ярьж байна

Эхний дизайнер Э.Билигт

Text: Ж.Чинбат


Энэ 2017 онд гэрээ шинэчилж, интерьер дизайнаа өөрчлөх, эсвэл шинэ байранд орохоор төлөвлөж байгаа уншигчиддаа зориулж Бюро 24/7 цуврал нийтлэлүүд бэлтгэлээ

Хэрэв танд хэт нүсэр хийцгүй, энгийн хэрнээ тухтай интерьер засал таалагддаг бол Э.Билигтийн зөвлөгөө хэрэг болно. Бээжингийн Урлагийн Төв Академийг архитектор дизайнер мэргэжлээр төгссөн түүний хувьд минимал хэв маягийг урлагтай илүү дөхүүлж, мэдрэмжтэй байдлаар илэрхийлэхийг зорьдог юм. Э.Билигт одоо "Миний Урлан" уран зураг, гар урлалын урлангийн захирал бөгөөд Австралийн дизайнер Габриелла Пауэртай хамтарсан "Inspired Living" дизайн студийн хамтран үүсгэн байгуулагч, дизайнераар ажилладаг.

Та өөрийн хийж байсан интерьер дизайны ажлуудынхаа талаар танилцуулахгүй юу. Таны онцлог, таны чиглэл юу вэ?

Би сургуулиа төгсөж ирээд ихэвчлэн архитектур дизайны ажлууд дээр төвлөрч ажилласан. Интерьерийн хувьд гэвэл албан байгууллага, оффисын дизайнаас илүүтэйгээр жижиг ч байсан хамаагүй өөрт таалагдсан, сонирхолтой концепц гаргах боломжтой ажлуудыг хийх дуртай. Айл гэрийн интерьерийн хувьд амьдарч буй хүмүүсийнхээ сэтгэл санааны байдал хоорондын харьцаанд шууд нөлөөлдөг шүү дээ. Тиймээс гэрийн интерьер хийж, эргээд тэр хүмүүсийн сэтгэл ханамжийг мэдрэх нь надад таатай санагддаг учраас энэ чиглэлээр бас ажилладаг. Миний онцлог, сонирхдог чиглэл гэвэл хэт нүсэр хийцгүй, нэг хэв загварт оруулах гэж хүчлээгүй энгийн хэрнээ тухтай стилийг баримталдаг. Жишээ нь еклектик дизайн. Мөн архитектор мэргэжилтэй учраас зай талбайг дээд зэргээр ашигласан, олон үүрэг гүйцэтгэж чадах шийдлүүд гаргахыг хичээдэг.

Хүмүүс интерьер дизайны талаар нэн түрүүнд мэдэж байх хэрэгтэй ямар зүйлс байдаг вэ?

Хэмжээ болон харьцаа. Энэ нь дан ганц тавилга чимэглэл гэх мэт зүйлсийн хэмжээ, харьцаа ч биш өнгө, хээ, текстур гээд бүх зүйлсэд хамаатай. Эхний ээлжинд үүнийг анхаарч, зөв тохируулж сурах хэрэгтэй. Жишээ нь өөрчлөхөөр төлөвлөж буй орон зайд хамгийн тод өнгөө хэр их хэмжээтэй хэрэглэх вэ гэдгээс шалтгаалаад тэр хэсэг хүнд хоорондоо тэс өөр мэдрэмж төрүүлдэг.

Энэ 2017 онд интерьер дизайны салбарт ямар чиг хандлага орж ирж байна вэ?

Миний хувьд еклектик минимализм илүүтэйгээр таалагдаж байгаа. Энэ нь хэт минималист, хүйтэн хөндий бус хэрнээ хөглөрсөн олон эд зүйлгүй, минималист үзэл санаан дээр суурилсан интерьер юм. Гэхдээ ер нь бол интерьерийн хэв маягууд хэзээ ч хуучирдаггүй гэдгийг санах хэрэгтэй. Тэднийг зөвхөн хэрхэн хэрэглэх, зохицуулах трендүүд л байнга солигдог юм. Учир нь интерьер хэв маягууд нь өөрөө дэлхийн улс үндэстэн бүрийн соёл, гоо зүйн мэдрэмжээс шалтгаалдаг шүү дээ. Мөн дэлхийн түүх, цаг хугацаа, соёл урлагийн давалгаа гээд олон хүчин зүйлсээс улбаалан бий болж, урт удаан хугацааны туршид оршсон байдаг тул "моодноос гарна" гэж байдаггүй.

Жижиг зайтай гээд заавал минимал, модерн стилиэр гэрээ тохижуулах алба байхгүй. Жижигхэн, овор багатай классик тавилганууд ч байдаг. 

Тэгэхээр өөрсдийн амьдралд тохируулж интерьер хэв маягаа сонгоорой. Хэт чиг хандлага хөөцөлдөх гэсний хэрэггүй. Магадгүй хэдхэн сарын дараа л тэр тренд болж байсан зүйл Pinterest сайтаар дүүрэн болж, ямар ч сонирхолгүй харагдана. Гэрийн тавилга, хананы өнгийг бид хувцас шиг байнга солиод байж чадахгүй шүү дээ. 

Мөн гэрээ тохижуулахдаа нэг төрлийн стилиэр дагнах гэсний хэрэггүй. Тэгвэл амьгүй, хиймэл сэтгэгдэл төрүүлэх магадлалтай. Тийм болохоор таныг хэн бэ гэдгийг илэрхийлж чадах, удаан хугацааны туршид өөрөө бүрэлдэн бий болсон мэт орчин үүсгэхийг эрмэлзээрэй. Ингэснээр хэт хичээсэн бус хэрнээ сэтгэл татам харагдуулна. Үүнийг яг л франц бүсгүйчүүдийн хувцаслах хэв маягтай адилтгаж болох юм. 

Монголын нөхцөлд буюу 50-100 м2, 100-200 м2 хэмжээтэй орон сууц, амины сууцыг тохижуулахад ямар хэв маяг илүү тохиромжтой байдаг вэ?

Ямар ч хэв маягаар тохижуулж болно. Гагцхүү зай талбайдаа таарсан хэмжээ харьцаатай зүйлс сонгох хэрэгтэй. Мөн илүү дутуу догол, дам нуруу, багана гэх мэт зүйлсээ давуу тал болгож зөв ашиглах хэрэгтэй. Жижиг зайтай гээд заавал минимал, модерн стилиэр гэрээ тохижуулах алба байхгүй. Жижигхэн, овор багатай классик тавилганууд ч байдаг. Гагцхүү хэмжээ харьцааг хэзээ ч марталгүй сонголтоо л зөв хийх хэрэгтэй.

Өөрийн үл хөдлөх хөрөнгөө шинэчлэх гэж байгаа хүмүүст зориулаад энэ жил ямар өнгө санал болгох вэ?

Ямар ч байсан гэрийнхээ өнгийг өөрчлөхөөр шийдсэн бол тухайн өрөө тань наран талдаа юу үгүй юу гэдгээс хамаарч хүйтэн эсвэл дулаан суурьтай өнгө сонгох эсэхээ шийдээрэй. Сүүдэр талдаа бол дулаан суурьтай цайвар өнгө тохиромжтой бол наран талын өрөөнд эсрэгээрээ гэх мэт.
Өнгөний хувьд ихэвчлэн саармаг, байгалийн тайван өнгийг суурь болгож ашиглаарай. Энэ нь тухайн орон зайг дараа нь өөрчилж, хувиргах боломж олгодог тул хэзээ ч хоцрогдохгүй. Харин тодотгож өгөх өнгөний хувьд пастель өнгөнөөс илүү эрдэнийн чулууны мэт тод, баялаг өнгө одоо тренд болж байгаа шүү.

Мөн тавилгын хувьд ямар загвар, стиль, материалтай зүйлс санал болгох вэ?

Нэгэнт тавилга авах бол эрүүл мэндээ бодсон ч тэр байгалийн материалтай тавилга сонгох нь ирээдүйд үнэ цэнээ алдахгүй. Тэд яг л сайн жийнс мэт хуучрах тусмаа улам гоё болдог давуу талтай. Мөн дизайнеруудын тавилгууд угаас өөрөө урлагийн бүтээл болчихсон байдаг учраас хэзээ ч хоцрогдохгүй. Загвар, хэлбэр хэмжээг яг өөрийн орон зайд л тааруулж авах хэрэгтэй. Хувийн зүгээс захих зүйл гэвэл тавилгыг иж бүрдлээр нь битгий аваарай. Харин өөр, өөр тавилгуудыг хооронд нь зохицуулж тавьбал илүү мэдрэмжтэй, сонирхолтой орчин үүснэ.

цааш үзэх