Хайх

Ирээдүйд ямар мэргэжилтнүүд өндөр эрэлттэй байх вэ?

Цахим спорт тайлбарлагч, дрон гэрэл зурагчин болон бусад

Text: Ц.Намуун


Зураг: Matt Chinworth

Дэлхийн эдийн засгийн форумаас өнөөдөр бага сургуульд сурч буй хүүхдүүдийн 65 хувь нь ирээдүйд бидний хэзээ ч сонсож байгаагүй ажлын байрыг бий болгоно гэх сонирхолтой тоо баримтыг танилцуулаад байна. Итгэхэд бэрх ч хуульч, эдийн засагчийн оронд цахим спорт тайлбарлагч, дижитал детокс зөвлөх, ухаалаг автомашин хөгжүүлэгч зэрэг мэргэжилтнүүд ирээдүйд илүү эрэлттэй байх бололтой.

eSport буюу цахим спорт тайлбарлагч

Ирээдүйд ямар мэргэжилтнүүд өндөр эрэлттэй байх вэ? (фото 1)

eSport буюу цахим спорт бол 21-р зууны спорт гэдгийг мэргэжилтнүүд, хэвлэл мэдээллийнхэн онцолж байна. BBC-ийн мэдээлэлж буйгаар 2020 онд цахим спорт үзэгчдийн тоо 600 саяд хүрч, дэлхийн шилдэг таван спортын нэгээр нэрлэгдэх магадлалтай гэнэ. Цахим спорт сонирхогчдын тоо нэмэгдэхийн хирээр Twitch, Youtube тавцангуудаас гадна ESPN, Fox Sports зэрэг дэлхийн спортын шилдэг сувгууд DOTA 2, League of Legends зэрэг тоглоомын аварга шалгаруулах тэмцээнийг шууд дамжуулах болсон ба уг салбарт чадварлаг тайлбарлагч нар шаардлагатай болоод байна. 

Их Британийн цахим спортын холбооноос явуулсан судалгаанд цахим спорт тайлбарлагчаар ажиллах сонирхолтой залуусын тоо нэмэгдэх болсон ба мэргэжлийн тайлбарлагч нар өдөрт дунджаар 600 ам.долларын цалин авдаг болохыг мэдээлсэн юм.

Дрон гэрэл зурагчин

Ирээдүйд ямар мэргэжилтнүүд өндөр эрэлттэй байх вэ? (фото 2)

Дрон бидний төсөөлж байснаас хурдтай хөгжиж, кино болон телевизийн салбарт мэргэжлийн дрон зураглаачид ажиллаад эхэлжээ. Түүнчлэн гэрэл зурагт аerial буюу агаарын гэрэл зураг гэх нэр томьёо шинээр нэмэгдсэн ба ийм төрлийн гэрэл зургийг зөвхөн дроны тусламжтайгаар л дарах боломжтой юм. Мөн жил бүр шилдэг агаарын гэрэл зургийг шалгаруулдаг Drone Awards арга хэмжээнд 110 гаруй орны, 4,000 орчим уран бүтээлчид оролцдог ба энэ нь дрон гэрэл зураг хэчнээн өргөн цар хүрээг хамарч байгааг илтгэж байна. Их Британид гэхэд л 2012 онд албан ёсны бүртгэлтэй 250 орчим дрон гэрэл зурагчин байсан бол, өнөөдөр энэ тоо 4,000 хүртэл өсжээ.

Ухаалаг автомашин хөгжүүлэгч

Ирээдүйд ямар мэргэжилтнүүд өндөр эрэлттэй байх вэ? (фото 3)

Tesla Motors, Mercedens-Benz нарын араас Apple, Google, Uber зэрэг технологийн компаниуд ухаалаг машин үйлдвэрлэхээр төлөвлөж буйгаа зарлаж, хүн төрөлхтөн автомат жолоодлоготой машин хөлөглөх цаг ойрхон ирээд байна. Ухаалаг автомашины борлуулалт 2040 онд 33 сая хүрэх магадлалтай бөгөөд энэ тоо нь уг салбар дахь инженерүүдийн эрэлт ихсэхийг давхар илтгэж байгаа юм.

Стэнфордын их сургуулийн харьяа Udacity онлайн сургалт, 2016 оноос ухаалаг автомашин хөгжүүлэгч инженер бэлтгэх сургалтаа явуулж эхэлсэн ба уг сургалтанд 8,000 гаруй хүн хамрагджээ. Уг программыг Ford компанид ажиллаж байсан Дэвид Силвэрийн ахалсан чадварлаг инженер, багш нар удирддаг ба Дэвид Силвэр "Ухаалаг автомашины тусламжтайгаар та бидний төсөөлж ч чадахгүй гайхалтай өөрчлөлтүүд бий болно. Гэхдээ юуны түрүүнд мэргэжилдээ дуртай, чадварлаг инженерүүд шаардлагатай байна" хэмээн ярилаа.

Дижитал детоксийн зөвлөх

Ирээдүйд ямар мэргэжилтнүүд өндөр эрэлттэй байх вэ? (фото 4)

Бид олон нийтийн сүлжээ, технологийн ертөнцөөс түр ч болов завсарлага авч, амрахыг хүсэхэд тархи үүнийг эсэргүүцдэг ба энэ үед бидэнд нэг төрлийн эмчилгээ буюу дижитал детокс хийх шаардлагатай байдаг тухай өмнө нь мэдээллэж байсан билээ. Дижитал детоксийг бие даан хийх боломжтой ч зарим хүмүүсийн хувьд мэргэжлийн дижитал детоксийн зөвлөхтэй байхыг илүүд үзэх болжээ. Тухайлбал Time To Log Off, Digital Detox® зэрэг дижитал детоксийн зөвлөгөө өгч, интернет орчин ба гар утасгүй аялалд хамруулдаг компаниуд хүчээ авч эхэлжээ. Ofcom сэтгүүлд Их Британийн насанд хүрэгсдийн гуравны нэг нь дижитал детокс зөвлөгөөнд хамрагдсан ба техник технологи хөгжих тусам энэ салбар улам илүү хөгжих магадлалтайг тайлбарласан байна.

Вертикал цэцэрлэгч

Ирээдүйд ямар мэргэжилтнүүд өндөр эрэлттэй байх вэ? (фото 5)

Милан хотын Vertical Forest цамхаг болон Лондонгийн Rubens зочид буудлыг холоос харвал хотод байрлах ой мод мэт харагдана. Гэвч энэ нь жинхэнэ ой мод биш харин цамхгийн хананд ургуулсан өвс ургамал ингэж харагдуулах ажээ. Технологийн дэвшлийн ачаар усалгаа болон цэцэрлэгжүүлэлтийг илүү хялбар аргаар хийх боломжтой болж, өндөр барилгын хана, террас дээр мод ургамлыг төвөггүй тарьдаг болоод байна. Гэхдээ цэцэрлэгжилт гэдэг зүйл хүний арчилгаа зайлшгүй шаарддаг ба тэр тусмаа барилгын ханан дээрх ургамлыг арчлах цэцэрлэгч шаардагдаж байгааг "Green Infrastructure Consultancy" компанийн Гэрри Грант онцоллоо.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

Сэтгэгдэл бичих

цааш үзэх