Хайх

Мэргэжилтнүүд зөвлөж байна: Өглөөг хэрхэн эрүүл, эерэгээр угтах вэ?

Мэргэжилтнүүд зөвлөж байна: Өглөөг хэрхэн эрүүл, эерэгээр угтах вэ?

Кейт Мосс, Сиенна Миллер зэрэг алдартнуудын зөвлөх

Text: Бюро 24/7


Зураг:

Алдартнуудын иогийн багш Надиа Нариан, хоолны мэргэжилтэн Катя Нариан Филлипп нар Instagram олон нийтийн сүлжээнд selfcare гэсэн "hashtag" ашиглан эрүүл амьдралын хэв маягийг уриалсан давлагаа үүсгэсэн нь аль хэдийн долоон сая дагагчтай болжээ.

Тэдний 2017 онд гаргасан "Self-Care for the Real World" ном нь шилдэг борлуулалттай номын жагсаалтад бичигдэж, шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авсан билээ. Загвар өмсөгч Кейт Мосс уг номыг "Таньдаг хүн бүрдээ бэлэглэмээр..." хэмээсэн бол жүжигчин Сиенна Миллер "Эерэг хандлага, эрүүл, ухаалаг амьдралын хэв маяг" гэж цөөн үгээр тодотгожээ. Энэхүү номонд хэрхэн сонирхолтой аргаар эрүүл, тайван байхыг заахаас гадна бусдыг хайрлаж, хүндэтгэхийн давуу талуудыг дурддаг байна.

Ингээд уншигч та бүхэндээ "Self-Care for the Real World" номд өгүүлсэн өглөөг хэрхэн эрүүл, эерэгээр угтах зөвлөгөөг хүргэж байна. Доорх зөвлөгөөнүүдийг нэг дор хэрэгжүүлэхийн оронд бага багаар өдөр тутамдаа зуршил болгоорой.

Бүлээн ус уух

Өглөөний кофе эсвэл цайгаа уухаас өмнө нэг аяга бүлээн усанд зүсэм нимбэг хийж уугаарай. Ингэснээр өглөө та биед шаардлагатай чийгшлийг өгөхөөс гадна хоол боловсруулах систем болон элэгний үйл ажиллагааг дэмжиж өгөх байна.

Сунгалтын дасгал хийх

Өглөө сэрсэн даруйдаа сунгалтын дасгал хийх нь нойрноос тань сэрээж, биеийн чилээг тайлах ач тустай. Тухайлбал дээшээ харж хэвтээд баруун өвдгөө цээжиндээ ойртуулан, биеийн зүүн хэсгийг давуулна. Ийм байдлаар минут орчим байлгаж, 4-5 удаа гүнзгий амьсгаа авна. Энэ маягаар эсрэг талдаа ээлжлэн хийж 3-4 удаа давтаарай.

Бясалгал хийх

Техник технологи хөгжиж, завгүй байдал ноёрхсон өнөө цагт оюун бодлоо цэгцлэн бясалгаж сурах нь сэтгэл зовнилгүй, амар амгалан байхын үндэс юм. Өглөө бясалгал хийхэд 5-10 минутыг л зарцуулахад оюун санаа сэргэг болж, тухайн өдрийг бүтээмжтэй өнгөрүүлэхэд туслах болно.

Гэр бүлийнхнээсээ эрт босох

Гэр бүлийнхээ гишүүдийг сэрэхээс 30 минутын өмнө сэрснээр тухайн өдрийн ажлаа төлөвлөх, дээр дурдсан бясалгал, сунгалтын дасгал хийх цагийг өөртөө гаргаж болох юм. 

Тосоор амаа зайлах

Аюрведа буюу эртний Энэтхэгчүүдийн эрүүл амьдрах хэв маягийн нэг хэсэг хүнсний зориулалттай тосоор амаа зайлах нь амны хөндийг эрүүл байлгаж, шүдийг цайруулах ашиг тустай. Ингэхдээ ургамлын тос, наргил самрын тос гээд ямар ч төрлийн тос ашилах болoмжтой.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

Сэтгэгдэл бичих

цааш үзэх