Хайх

Орчин цагийн Энэтхэг бүсгүй хэрхэн амьдарч байна вэ?

Орчин цагийн Энэтхэг бүсгүй хэрхэн амьдарч байна вэ?

Мянган жилийн дараа ирсэн эрх чөлөө

Text: Ж.Чинбат


Энэтхэгээр сонин юу байна вэ гэж асуувал тэнд уламжлал, орчин үе хоёр хоорондоо уусан сүлэлдэж, эмэгтэйчүүд урд урдынхаас илүү эрх чөлөөтэй болж эхэлжээ

Энэтхэг эрчимтэй хөгжиж буй эдийн засгаараа олон улсын шохоорхлыг татаж байгаа хүчтэй орон юм. Хэдийгээр бид Энэтхэгийг өв, уламжлалаа хатуу баримталдаг гэдгийг нь мэддэг ч гэлээ тэнд эмэгтэйчүүдийн эрх хэрхэн өөрчлөгдөж байна гэдгийг Катя Ковтунович сонирхож үзжээ. Эмэгтэйчүүдэд амжилт гаргах ямар боломж байгаа талаар зургаан Энэтхэг бүсгүйтэй ярилцжээ.

Энэтхэг албан ёсны дөрвөн шашин, 400 гаруй хэлтэй, хэдэн мянган жилийн турш оршин тогтносон кастын буюу ангийн систем нь орчин үеийн хэв маягт ч чухал нөлөө үзүүлсээр байгаа нийгмийн тогтолцоотой. Энэтхэг орны өв уламжлал хэрхэн хувьсаж байна вэ?

Сүүлийн жилүүдэд энэтхэг эмэгтэйчүүдийн хувьд маш олон зүйл өөрчлөгдөж байна. Залуу бүсгүйчүүд Энэтхэгийг дэвшилтэт улс болж өөрчлөгдөж байгаа гэж үзэж байгаа ч сари өмсөхөө болих бодолгүй байна. Эцэг, эх нь хүүхдээ хэнтэй гэрлүүлэхийг шийддэг уламжлал өөрчлөгдөөгүй ч гэлээ кастын системийг үл ойшоож болдог болсон талаар бид унших болно.

Масала сэтгүүлийн редактор Лекха Менон:

Энэтхэгт таны төсөөлж байгаагаас ч олон кастын тогтолцоо байдаг. Би танд тайлбарлахыг оролдоё л доо. Миний овог Менон бөгөөд хэн ч миний овгийг сонсоод шууд л энэ улсын аль хэсгээс ирсэн, манай гэр бүл ямар хэлээр ярьдаг, миний иддэг хоол, өмсдөг хувцас зэргийг хялбархан хэлж чадна. Миний каст дээд ч биш, доод ч биш. Яг дундаж ангидаа орно. Гэвч орчин үед каст тийм ч чухал байхаа больсон. Би америк, европ кино үзэж өссөн. Тиймээс ч миний англи хэлний чадвар төрөлх малаялам хэлээс ч илүү. Би сэтгүүлч болж, энэтхэгийн тэргүүлэх зэргийн сэтгүүлд ажиллаж байна. Над шиг амьдралтай охид олон болсон.

Одоо Энэтхэгт "найз залуу, найз бүсгүй" гэсэн шинэ ойлголт бий болж байна. Та итгэхгүй байж болох ч Энэтхэгийн нийгэм 2000 он хүртэл уламжлалаа чанд мөрддөг байлаа. Та магадгүй эмэгтэйчүүд өөр хүнтэй үерхэж ч үзэлгүй хуримаа хийж байхыг Болливүүд кинооос харсан байх. Манай ээжийн үед ч эмэгтэй хүн ажиллаж, мөнгө олж чадах ч 25 наснаасаа өмнө хүнтэй суухыг шаардаж байсан. Өнөөдөр бидэнд хүнтэй суусан ч бай, суугаагүй ч бай дуртай зүйлдээ суралцах, санхүүгийн тал дээр хараат бус байж сонголтоо өөрөө хийх хавьгүй их эрх чөлөө бий болсон. Олон залуу охид найз залуутай болон ганц бие амьдралыг сонгоцгоож байна. Тэд эрх чөлөө, адал явдлыг илүүд үзэж гэрлэлтээ хойшлуулах болcoн.

Эмэгтэйчүүд урт, удаан унтаа байдлаас сэрж "Энэ миний л амьдрал. Би өөрийнхөөрөө л амьдарна. Хэнд намайг шүүмжлэх эрх байгаа юм" гэж бодох нь олширчээ. Тэд зөвхөн гал тогоонд байх биш харин өөрөө мөнгө олж, ажил хийх болсон. Магадгүй үүнээс болж эрэгтэйчүүд шинэ хүчирхэг эмэгтэйн хэв маягийг хүлээж авч чадахгүй, тэдний эсрэг дарамт үзүүлэх, гар хүрэх нэг шалтгаан гардаг байх.

Хэдэн жилийн өмнөхөн эмэгтэй хүн эрэгтэй хүний эсрэг гомдол гаргахдаа хохиролтойгоо батлах шаардлагатай байсан. Одоо эрэгтэй нь буруугүй гэдгээ түрүүлж батлах ёстой болжээ.

Уламжлалт нийгэмд эмэгтэй хүнтэй хамааралтай хүчингийн гэмт хэрэг гарахад ямар ч тохиолдолд эмэгтэй хүн үргэлж буруутайд тооцогддог байсан. Харин бүсгүйчүүд үүний эсрэг тэмцэж эхэлсэн. Одоо ямар нэгэн гэмт хэрэг болоход энэ мэдээ бүх сонингийн нүүр хуудсанд гарч, нийтийн мэтгэлцээний төв болж байна. Интернет болон сошиал медиа бидний дэлхийг харах үзлийг өөрчилсөн. Бид өөрсдийнхөө эрхийн төлөө зогсохоос айхаа больсон.

Үнэнийг хэлэхэд, өнөө үеийн Энэтхэгт эрэгтэй хүн байна гэдэг бараг илүү хэцүү болсон. Олон хууль эмэгтэйчүүдэд ээлтэйгээр өөрчлөгдөж байна. Хэдэн жилийн өмнөхөн эмэгтэй хүн эрэгтэй хүний эсрэг гомдол гаргахдаа хохиролтойгоо батлах шаардлагатай байсан. Одоо эрэгтэй нь буруугүй гэдгээ түрүүлж батлах ёстой болжээ.

House of Misu загварын блогийг үндэслэгч Милтали Сагар болон Суммия Патни нар:

Бид Энэтхэгийг дэвшилтэт улс гэж дүгнэж байна. Гэхдээ бид хуримын үеэр европ загварын даашинз биш үндэсний сари өмсөхийг илүүд үзсээр байгаа. Магадгүй Вера Ванг Энэтхэгээс сэдэвлэж даашинз хийж эхэлвэл бид бодлоо өөрчилж болох юм.

Энэтхэгийн нийгэмд одоо хүртэл эцэг эх нь урьдчилж төлөвлөсний дагуу хурим хийдэг уламжлалыг баримталсаар байна. Энэ нь бусад хүмүүст аймшигтай, магадгүй бүр дундад зууны хуучинсаг зүйл шиг санагдаж болох юм. Гэхдээ бид үргэлж ийм л маягаар амьдарч ирсэн ба мөн үүнийгээ муухайгаар бодож байсангүй. Юутай ч одоо үед ихэнх хүмүүс хосоо өөрсдөө олж, сонгож байна.

Жишээ нь одоо 40 хүний хоёр нь л эцэг эхийн тохиролцоогоор хоорондоо сууж байна. Энэтхэг урд урдаасаа илүү нээлттэй болж байгаа. Гэхдээ уламжлал маань бидэнд байгаа бүх зүйлийн эхлэл учраас бид уламжлалдаа итгэдэг.

Орчин цагийн Энэтхэг бүсгүй хэрхэн амьдарч байна вэ? (фото 1)

Кастын тогтолцоо одоо ч байсаар л байна. Өөр кастын хүмүүст боломж, бололцоо байгаа юу? Тийм бас үгүй. Хамгийн доод кастад төрсөн хэрнээ том амжилтад хүрсэн олон хүн байхад дээд кастад төрсөн атлаа юу ч хийж бүтээгээгүй хүмүүс бас л бий. Доод түвшинөөс дээш гарахад танд холбоо сүлбээ байхгүй байлаа ч өөрөө мэрийж чадвал боломж бага ч болов бий.

Өнөөдөр бидэн шиг олон өөр хүмүүс каст гэх зүйлийг үл тоон энэ улсын бүх хүмүүст зориулан шинэ санаа, бүтээтдэхүүн гаргаж, үйлчилгээ үзүүлж байна. Бидний блог хүн бүрт зориулагдсан. Бид ямар нэг хүмүүст зориулж бичдэггүй. Үүгээрээ загвар хүмүүсийг холбодог нь гайхалтай санагддаг юм.

Энэтхэгт ч гэсэн барууны орнуудад байдаггүй Monsoon буюу ширүүн борооны улирлын загвар гэх мэт өөрийн загварын төлөвтэй.

Энэтхэг өөрийн загварын ертөнцөө аажмаар хөгжүүлж байгаа нь Энэтхэгийн загварын долоо хоногуудаар ажиглагддаг. Бид Vogue, Cosmopolitan, Grazia, Harper's Bazaar, L'Officiel, GQ болон Femina зэрэг зөндөө олон загварын сэтгүүлтэй болсон. Femina сэтгүүлд ээжүүд илүү дуртай, уламжлалт хэв маягийн сэтгүүл бол бид Vogue унших дуртай.

Энэтхэгт ч гэсэн барууны орнуудад байдаггүй Monsoon буюу ширүүн борооны улирлын загвар гэх мэт өөрийн загварын төлөвтэй. Ямар харагдах вэ гэж үү? Өөрийнхөө дуртай Birkin цүнхнийхээ гадуур мундаг загвар зохион бүтээгчийн пластик гэр, мөн чамин Louboutin гуталныхаа оронд усны резинэн гутал төсөөлөөд үз дээ. Тийм л харагдана.

Дубай дахь Femina болон Filmfare энэтхэг сэтгүүлүүдийн ерөнхий редактор Манжу Раманан:

Би Гужарат мужид, ам бүл олонтой айлд төрж, өссөн. Бид эцэг, эхийн ах дүү нартайгаа нэг дор амьдарч, гэр бүлийн үүргээ хуваалцах нь энгийн л үзэгдэл. Гэвч би одоо Дубайд нөхрийнхөө эцэг эхтэй хамт, нэгдсэн гэр бүл маягаар амьдарч байгаа. Би гэр дүүрэн хүнтэй амьдралд дассан төдийгүй ингэж амьдрах нь сайхан гэж боддог. Гэхдээ одоо хүмүүс тусдаа, цөөхүүлээ амьдрахыг илүүд үзэх болжээ.

Нөхөр бид хоёр хоёулаа Энэтхэгийн хамгийн дээд кастын нэг болох Брахмин кастаас гаралтай. Бид ажил дээрээ танилцаж, бие биедээ дурлаж хуримаа хийхээр шийдсэн. Манай гэр бүлийнхэн намайг нөхрөө өөрөө сонгосон учраас дургүйцэж байсан. Уул нь бол манай гэр бүлийн дүрмээр каст, хөрөнгө чинээ, зурхайн зохицол зэрэг олон шалгуурыг харж байж гэрлэлтийг харилцан тохиролцож хийдэг уламжлалтай.

Харин миний бодлоор каст өнгөрсөнд үлдсэн. Би кастад хэзээ ч итгэдэггүй. Үүнийг би өөрийнхөө болоод хүүгийнхээ амьдралд битгий нөлөөлөөсэй гэж хүсдэг. Би хүүгийнхээ сонголт, хайр сэтгэлийг хүндэлж, түүнийг ямар ч кастын охинтой гэрлэхийг хүссэн би зөвшөөрөх болно.

Орчин цагийн Энэтхэг бүсгүй хэрхэн амьдарч байна вэ? (фото 2)

Та нарт би нэгэн түүх ярьж өгье л дөө. Femina сэтгүүлийн асуудлаар Сушма Андхаре гэдэг охиноос ярилцлага авсан юм. Сушма Махараштра мужийн колхати гэдэг хамгийн доод нийгмийн бүлгээс гаралтай. Энэ бүлгэмийн охидууд лавани зэрэг эротик бүжиг бүжиглэж, биеэрээ мөнгө олдог амьдралтай. Залуучууд тайзнаас хүссэн охиноо сонгож, шөнийг өнгөрүүлж болдог. Тиймээс эдгээр охид муу нэрнээсээ болоод гэрлэж чаддаггүй. Хүмүүс тэднийг ааваа мэддэггүй учраас эхээрээ овоглодог гэж үздэг юм.

Би кастад хэзээ ч итгэдэггүй. хүүгийнхээ сонголт, хайр сэтгэлийг хүндэлж, түүнийг ямар ч кастын охинтой гэрлэхийг хүссэн би зөвшөөрөх болно.

Тэдэн дотор төрсөн Сушма авга ах дээрээ өсчээ. Тэр 14 настай байхдаа нэг л өдөр ээж болон нагац эгч шигээ тайзан дээр гарч, танихгүй эрийн өвөрт мөнгөний төлөө орно гэж айж байлаа. Тиймээс тэр юу ч болсон бай хувь тавилангаа хүлцэнгүй дагах биш сургуульд явна гэсэн хатуу шийдвэр өөртөө гаргажээ. Гэр бүл нь түүнийг тайзан дээр ажиллахгүй гэж эсэргүйцсэний төлөө ямар ч мөнгөгүй орхив.

Тэр үед аймшигт газар хөдлөлт болж, азаар засгийн газар Сушмагийн амьдарч байсан дүүргийн хүмүүст туслахаар шийдэж бүх сургуулийг төлбөрөөс чөлөөлжээ. Сушма ийнхүү сургуульд орж, хамгийн сайн дүнтэй төгсөж чаджээ. Дараа нь их сургууль дүүргэж, докторын зэрэг амжилттай хамгаалж чадсан. Өнөөдөр, Сушма Андхаре Энэтхэгт сайн танигдсан нийгмийн зүтгэлтэн, Буддын номлогч, олон номын зохиолч, алдартай илтгэгч болсон байна. Тэр одоо олон охидын амьдралыг аварч, тэдэнд ямар ч каст, гэр бүл заяагдсан бай бүгд амьдралаа өөрчлөх боломжтой гэдгийг таниулж, дэлгэрүүлэх зорилготой амьдардаг ажээ.

Мумбай хотын даатгалын компаний дэд захирал Ниша Найр:

Том хотуудад хүмүүс сайхан амьдарч байна. Гэхдээ хүн амын дийлэнх болох жижиг хот, тосгонд байгаа хүмүүс өөр гарагт л амьдарч байгаа мэт сэтгэгдэл төрдөг. Манай улсын хаана ч одоо хүртэл кастын тогтолцоо хүчээ алдаагүй учраас эмэгтэйчүүд өөрийн эрхийн төлөө хатуу тэмцэх шаардлага гардаг.

Манай багт 30 эмэгтэй байдаг л даа. Тэд бүгд өөр каст, соёлтой, өөр хэлээр ярьцгаадаг ч тэднийг нэгтгэх нэг зүйл бол бие дааж, амьдралаа өөрсдөө бий болгох зорилго. Хэдэн зуун саад бэрхшээлийг давж, уламжлалаа эвдэж, бараг уулыг хөдөлгөх шахаж байж өнөөдрийн өндөрлөгт тэд хүрч чадсан. Хэдийгээр XXI зуунд бид амьдарч байгаа ч ийм зүйл Энэтхэгт энгийн үзэгдэл биш юм.

Эмэгтэйчүүд ажлынхаа хажуугаар гэр орон, хүүхдүүдээ анхаарах шаардлагатай ч манай багийн эрчүүд хүүхнүүдээс их чөлөө авдаг. Эрчүүд эмэгтэйчүүдийн чадвар, хүсэл зорилгод итгэдэггүй. Тэгвэл бид эмэгтэй хүнийг илүү шийдмэг байж, дэлхий дахинд эмэгтэйчүүд юуг ч хийж чадна гэдгийг харуулах түлхэц бий болгоход анхаардаг.

Хуримынхаа өмнөхөн нөхөртөө "Бид хоёр амьдралынхаа турш хамт амьдрах гэж байна. Гэхдээ би өөрийнхөө амьдралыг өөрөө шийднэ" гэж хэлсэн.

Энэтхэгийн уламжлалаар эмэгтэй хүн нөхөр болон түүний бүх гэр бүл, хүүхэддээ нэн түрүүнд анхаарал тависны дараа өөртөө цаг зарцуулах эрхтэй. Гэхдээ хүн өөрийгөө хайрлахгүй бол бусдыг ч хайрлаж чадахгүй. Чи аз жаргалгүй байвал бусдын амьдралд ч аз жаргал авчирч чадахгүй гэдэгт би итгэдэг. Тиймээс бүх эмэгтэйчүүд өөрсдийгөө хайрлаж, өөртөө анхаарч чадвал дэргэдээ байгаа азтай залуугаа аз жаргалтай байлгаж чадна.

Хуримынхаа өмнөхөн нөхөртөө "Бид хоёр амьдралынхаа турш хамт амьдрах гэж байна. Гэхдээ би өөрийнхөө амьдралыг өөрөө шийднэ. Чи бас өөрөө шийдэж болно" гэж хэлсэн. Бид одоо банкинд тусдаа данстай, бас өөр өөрийн найзуудтай. Заримдаа би найзуудтайгаа гарч, орой хүртэл юм ууж суух дуртай. Тиймээс би үүний эсрэг ямар нэг шүүмжлэл сонсохыг хүсэхгүй. Би хэзээд бие даасан эмэгтэй байсан ба үүнийгээ бас хэзээ ч нөхрөөсөө болон түүний гэр бүлээс нуудаггүй.

Би Хиндү шашинтай, харин миний нөхөр Католик шашинтай. Бид хоёрыг гэрлэхэд нөхрийн маань гэр бүл намайг шүтлэгээ өөрчлөхийг хүссэн ч би тэдэнд шашин ямар байх нь огт хамаагүй, хүн өөрөө ямар байх нь л чухал гэдгийг тайлбарлах гэж их хичээсэн. Би хүн хүссэн сонголтоо хийх эрх чөлөөтэй байх ёстой гэж үздэг.

Мерлин Варкэй, оффисийн зохион байгуулагч

Мумбайд охид орой гадуур гарч болох ч миний амьдардаг Keрэла мужийн жижиг дүүрэгт эмэгтэйчүүд орой долоон цагаас хойш гэрээсээ ганц ч алхам холдож болохгүй. Чи гэрийн эзэгтэй, инженер, эмч байх нь хамаагүй. Энэ цагаас хойш заавал гэртээ байх ёстой. Хэрвээ эмэгтэй хүн жийнсэн өмд өмсвөл хэт их анхаарал татна. Чи олон хүний дунд зохицож явмаар байвал caри өмс гэж хэлэхийг байнга л сонсоно. Миний өссөн газар ийм л байдаг.

Миний бодлоор кастын тогтолцоо нөхөрлөл, ажил хэргийн холбоонд ямар ч нөлөөгүй. Манай гэрийнхэн Христийн шашинтай ба бид орчин үеийн үзэл бодолтой. Гэхдээ миний гэрлэлт өмнө нь тохиролцсоны үндсэн дээр хийгдсэн. Бидний гэр бүлүүд хоёулаа бидэнд тохирсон хос бараг таван жилийн турш хайсан байгаа юм. Манай уламжлалд эмэгтэй хүн эрэгтэй хүнтэй ганцаараа уулзахыг зөвшөөрдөггүй учраас би нийт зургаан залуутай уулзахдаа ахыгаа дагаж явсан. Арван минутын дотор би түүнтэй танилцах бөгөөд энэ aрван минутын хугацаанд түүний эхнэр болох үгүйгээ шийдэх ёстой. Би анх нөхөртэйгээ танилцахдаа түүнийг цайнд дуртай юy кофенд дуртай юу гэж асуухад тэр алинд нь ч дургүй гэж хариулсан. Би дотроо "Энэ юм уух дургүй ямар сонин хүн бэ" гэж бодсон ч түүнийг хүлээн зөвшөөрсөн юм.

Орчин цагийн Энэтхэг бүсгүй хэрхэн амьдарч байна вэ? (фото 3)

Би миний насны олон европ хүмүүс гэрлээгүй байгаатай таардаг. Манай ажил дээр 35- аас дээш настай мөртлөө ганц бие олон хүн намайг "Өө Мерлин, чи аль хэдийнэ хоёр хүүхдийн ээж болчихсон, гайхалтай юм аа" гэж хэлцгээдэг. Энэ мөчид би өөрийн уламжлалдаа сэмхэн талархдаг. Хэрвээ би Энэтхэгт төрөөгүй байсан бол одоо хүртэл хуримаа хийгээгүй, хэний ч туслалцаагүйгээр өөртөө нөхөр хайгаад явж байх байсан ч юм бил үү?

Би анх нөхөртэйгээ танилцахдаа түүнийг цайнд дуртай юу кофенд дуртай юу гэж асуухад тэр алинд нь ч дургүй гэж хариулсан. Би дотроо "Энэ юм уух дургүй ямар сонин хүн бэ" гэж бодсон ч түүнийг хүлээн зөвшөөрсөн юм.

Заримдаа би ганц бие, хүүхэдгүй байсан бол Европд хийж болох ажил мэргэжлийн талаар боддог юм. Надад маш их хүсэл зорилго, эрч хүч байсан. Надад дэлхий дахинаар аялах хүсэл үргэлж төрдөг байсан. Гэхдээ одоо надад харамсах зүйл нэг ч үгүй. Би эцэг, эхийнхээ миний төлөө хийсэн бүхэнд, ялангуяа надад маш сайн нөхөр олж өгсөнд маш их талархдаг.

Гэр бүлийн амьдрал бол хүсэл тэмүүлэл, галзуу дурлал дээр тулгуурлахгүй. Гэр бүл бол харилцан хүндлэлцэл, бие биенийхээ төлөөх хариуцлага, халамжаас тогтдог. Хамт амьдарч байгаа хүнээ халамжилж, хүндэлж чадвал, чи түүнд амархан дурлана. Миний эцэг эх мөн л өмнө нь тохиролцсон хурим хийсэн ба тэд хамтдаа 36 жил амьдарч байна. Аав хол явах бүртээ ээж рүү өдөрт гурван удаа залгадаг. Харин хамт байхдаа бие биендээ нэг их анхаарал тавьдаггүй, заримдаа бүр өрдийн турш бие биетэй ярихгүй байдаг. Миний бодлоор энэ л жинхэнэ хайр.

Хүүхдүүддээ бас адил зүйл хүсэх үү гэж үү? Тийм ээ. Тэд өөрсдөө тохирсон ханиа сонгож чадхгүй бол би тэдэнд хуримыг нь зохион байгуулж өгнө. Хүүхдүүдийн маань ирээдүйн эхнэр, нөхөр католик шашинтай бас Энэтхэг байх ёстой. Байж боломгүй юм, би өөр орны хүнийг өөрийн гэр бүлдээ төсөөлж ч чадахгүй нь. Түүнийг хүлээн зөвшөөрөхөд надад маш хэцүү байх болно.

цааш үзэх