Хайх

Raw foodism: Өвчин, целлюлит, харвин, гэдэс бүгд баяртай!

Raw foodism: Өвчин, целлюлит, харвин, гэдэс бүгд баяртай!

Түүхий ногоон хооллолтын ид шид

Text: Б.Бадамханд


Бюро 24/7 -ийн шинэ нийтлэлчтэй танилцана уу. Б.Бадамханд өнөөдрөөс эхлэн та бүхэнд эрүүл, зөв хооллолтоор хэрхэн жингээ хасч, биеэ эрүүлжүүлж, эрч хүчтэй болох талаар өөрийн туршлагаас хуваалцаж эхэллээ

Би "raw food" буюу түүхий веган хооллолтын талаар анх ном, интернэтээс мэдэж авсан юм. Үнэн гэхэд итгэмээргүй олон давуу талууд нь миний сонирхлыг ихээхэн татаж, үүний талаар улам их мэдээлэл олж авах хүсэл надад төрлөө. 

Энэхүү хоолны дэглэмийг барьснаар хүн хүссэн хэмжээгээрээ идсэн хэрнээ, жин хасагдаж, өөрийгөө төрөл бүрийн өвчнөөс урьдчилан сэргийлэхээс гадна, биеэ хоолоороо бүрэн илааршуулах боломжтой гэдэг. Үүнээс гадна, эрч хүч нэмэгдэж, оюун ухааныг саруул болгож, хөгшрөлтийн үйл явцыг удаашруулж хүний бие организмыг залуужуулдаг дэглэм гэвэл хүн итгэх болов уу?

Хичнээн сайхан сонсогдож байгаа ч энэ нь зөвхөн хоолны дэглэм биш, бүхэл бүтэн амьдралын хэв маяг юм шүү. Анх би өөрөө зөвхөн түүхий ногоо, жимс, хааяа самар ургамлын үр л идэх тухай нь мэдэж аваад, хамгийн түрүүнд би лав тэгж туйлширч чадахгүй байх гэсэн бодол төрж, жаахан сэтгэлээр унаж билээ. 

Raw foodism: Өвчин, целлюлит, харвин, гэдэс бүгд баяртай! (фото 1)

Би багаасаа л хоолонд маш дуртай болохоор өсвөр насны хүүхэд байхдаа хоолоо хэтрүүлэн идэх үе зөндөө байв. Хоолоо тааруулаагүйн улмаас жин нэмэх болгондоо буцаад хасах гэж олон төрлийн дэглэм, хоргүйжүүлэх хөтөлбөр оролдож үзсэндээ. Би хэзээ ч хэт тарган байгаагүй ч миний жин үргэлжийн л йо-йо тоглоом шиг дээшээ доошоо хэлбэлздэг байлаа. Төрөл бүрийн дэглэм барих болгонд үр дүнд хүрч, тухайн үедээ жингээ хасдаг байсан ч удаан хугацаанд баримтлаж чаддаггүйн улмаас турсан ч гэлээ буцаад л хэвэндээ орчихдог байж билээ.

Иймд түүхий хооллолтын санаа уул нь их сонирхолтой сонсогдсон ч амьдрал дээр хэрэгжүүлэхэд урдных шигээ түр зуурын юм болох вий гэж болгоомжлоод хэсэг хугацаанд энэ бодлоо орхисон юм. Гэтэл бодоод байсан чинь, би ер нь урд нь буруу хийгээд байсан юм болов уу гэж эргэлзэж эхэллээ. Нэг хийвэл хар ухаанаараа биш, ном ёсоор нь хийж, шинжлэх ухааны үндэслэлтэйгээр оролдсон нь зүйтэй байх гэж шийдээд чадах чинээгээрээ асуудлыг судлалаа. Өөрийнхөө биеийг хэрэгтэй шим тэжээл, эрдэс бодисоор нь хангаж чадах хэмжээнд мэдлэгтэй болж байж эхлэхгүй бол, эрүүл мэнддээ эерэг хувь нэмэр оруулахын оронд, бүр сөрөг нөлөө үзүүлж, турах биш, өвчин зовлонтой болоод хоцрох вий гэсэн бодол ч орж ирэв. Ер нь ямарваа зүйлийг 21 өдрийн турш хийвэл шинэ зуршил тогтдог гэдэг. Алдах юм байх биш, харин ч олз болох нилээн олон давуу талтай юм чинь үнэхээр биед тийм сайн эсэхийг нь өөрийн бие дээр туршилт хийж, мэдэж авахаар шийдлээ. Ямар ч байсан эрүүл мэнддээ анхаарах шинэ зуршилтай болох гээд эхлэхдээ гурван долоо хоногийн дараа л орхих уу, үргэлжлүүлэхүү гэдгээ шийдэхээр болов. 

Raw foodism: Өвчин, целлюлит, харвин, гэдэс бүгд баяртай! (фото 2)

За тэгээд үүнээс хойш зөвхөн ногоо, жимс, самар ба ургамлын үрээр ямар хоол хийх талаар судалж үзээд олон төрлийн жор олж авлаа. Шүүс, шөл, смүүти, салат, салатны сүмс, амттан гээд л төрөл бүрийн хоол хийж болдог гэдгийг нь мэдэж аваад шууд л ажилдаа орлоо. Тэр үед Лондонд магистрын зэргээ хамгаалж байсан үе юм. Долоо хоног болгон зах орж шинэхэн органик ногоо жимс бөөнөөр аваад л, гэр лүүгээ  ирдэгсэн. Гэртээ очоод л жоруудаа туршиж үзтэл хичнээн олон төрлийн хоол хийж болохоос гадна, жинхэнэ эрүүл хоол ямар гоё амттай байдгийг олж мэдээд их гайхсан.

Бие хөнгөрч, санаа бодол цэлмэн, эрч хүч мэдэгдэхүйц нэмэгдэж, арьс хүртэл зөөлөрч, өнгө нь гэрэлтэж эхэлсэн


Ингээд эрүүл хооллолтын үр дүн надад шууд л мэдрэгдэж эхэллээ. Бие хөнгөрч, санаа бодол цэлмэж, сэтгэл санаа тайвшрахаас гадна, эрч хүч мэдэгдэхүйц нэмэгдэж, арьс зөөлөрч, өнгө нь гэрэлтэж, жижиг өө сэв нь алга болж ирэв. Үүнээс гадна гэдэс дүүрэхээ больж, целлюлит, харвин, гэдэс, "галифе" гэсэн хувьдаа л асуудалтай гэж тооцдог байсан биеийн хэсгүүд шуугдаад, нэг мэдсэн алга болчихсон байсан. Мэдээж, энэ богино хугацаанд гарсан гайхамшигтай өөрчлөлтүүдийг би дуртайяа хүлээж авсан. Бас нэг гайхалтай зүйл бол, би үүнээс хойш өвдөхөө больсон. Бага байхаасаа л хөнгөн ханиадаас эхлээд бронхит, уушигны үрэвслээр өвчилж, ээж аавыгаа мөн ч их зовоож, эмнэлэгээр гүйлгэдэг байж билээ. Жилдээ доор хаяж 4-5 удаа ханиад хүрч, хоолой өвдөх бол жирийн үзэгдэл шиг санагддаг болсон байтал гэнэт өвдөхөө болингуут нэг юм дутагдаж байгаа мэт сонин, гэхдээ сайхан мэдрэмж төрж билээ.

Raw foodism: Өвчин, целлюлит, харвин, гэдэс бүгд баяртай! (фото 3)

Урд өмнө нь барьж байсан дэглэмээс юу өөрчлөгдөж, ийм үр дүнд хүрсэн бэ гэсэн асуултанд миний сэтгэхүй өөрчлөгдсөн гэж би хэлэхээр байна. Энэхүү туршилтаас авсан миний гол сургамж гэвэл: "Өөрийгөө хязгаарлаж, идэж болохгүй зүйлсийг тоочиж хянахын оронд, эсрэгээр нь өлсөх болгондоо биеэ чагнаж, түүнд чухам ямар эрдэс бодис, шим тэжээл хэрэгтэй, юу дутагдаж байгааг мэдрээд, түүгээр нь баярлуулахын төлөө зүтгэх хэрэгтэй" гэсэн сэтгэлгээг бий болгох юм байна.

Энэ туршилтыг хийж эхлэснээс хойш жил гаруй хугацаа өнгөрлөө. 21 өдрийн турш дэглэмээ бариад зогсохгүй, хэдэн сарын туршид өнөөг хүртэл түүхий ногоон хоолтны дэглэмийг барьж ирлээ. Гэхдээ миний зүгээс дэглэмээ барих гэж хүч хөдөлмөр зарцуулах ч юм уу, өөрийгөө барьж хорих нь маш бага байсан. Гол нь үр дүнтэй байсан учраас, өөрийн эрхгүй урамшиж, буцаад энгийн хооллолтод орох шалтгаан буюу хүсэл байгаагүй. Харин хэдэн сарын дараа би Монголдоо буцаж ирэх боллоо. Манай цаг уурын нөхцөлд тохируулан, мөн ногоо жимсний олдоцыг харгалзан хоолны дэглэмдээ бага зэрэг өөрчлөлт оруулах шаардлага гарсан юм. Буцаад ердийн хооллолтонд орохгүйгээр, би веган хэвээр үлдсэн ба чадах хэмжээндээ түүхий веган хоол идэхийг хичээж өдрийн гурван хоолны доор хаяж хоёрыг нь (өглөөний цай ба өдрийн хоол) дан түүхий жимс ногоогоор хийж иддэг болсон.

Танд ч бас миний туршлага хэрэг болж, эрүүл, эрч хүчтэй амьдрахад тань туслах болов уу.

 

цааш үзэх