Хайх

Т.Мягмарсүрэн: Оюун ухааны спортын 17 рекордын 14-ыг нь Монголчууд эзэмшиж байна

Ой тогтоолтын гайхамшиг

Text: Ж.Чинбат


Оюун ухааны спортын Дэлхийн аварга, Азийн рекорд эзэмшигч Т.Мягмарсүрэн өөрийн амжилт, ой тогтоолтоо хэрхэн хөгжүүлэх тухай болон аливааг бүгдийг санахаас илүү мөн мартаж чаддаг байхын давуу талын тухай ярьж байна

Оюун ухааны спортын Чээж бодолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 2012 онд Германы Гизн хотод зохион байгуулагдсан цагийг эргэн дурсъя. Учир нь тэр тэмцээнд дэлхийн шилдэг 40 тамирчинтай өрсөлдөж "Хүн хуанли" төрөлд Дэлхийн аварга болсон Т.Мягмарсүрэн хүний ой тогтоолтын гайхамшигт чанарын тухай бидэнд ярьж байна. Тэрхүү 2012 оны тэмцээнд Монгол улс анх удаа оролцохдоо гуравдугаар байр эзэлж, эхний алхамаар л өөрсдийн байр сууриа бат эзэлж чаджээ. Хоёр жил тутамд нэг удаа болдог, Оюун ухааны Олимп гэгддэг энэхүү Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох тамирчид хамгийн өндөр чансаатай тамирчид байдаг байна. Т.Мягмарсүрэн 2011 оноос хойш ой тогтоолт, чээж бодолтоор хичээллэсэн бэлтгэлийнхээ оноо, амжилтыг бичлэг хэлбэрээр илгээхэд шүүгчид "Дэлхийн рекорд эвдэх боломжтой" гэж үзээд, тэмцээнд оролцох зөвшөөрөл олгожээ. Тэрбээр өнөөдөр Ази тивийн Ой тогтоолтын "Хүн хуанли" төрлийн рекордыг эзэмшдэг ба  Монголын Оюун Ухааны Академид багш, тамирчнаар ажилладаг. Оюуны спорт нь дотроо ой тогтоолт, хурдан уншилт гээд олон салбарладаг байна. Үүн дотроо чээж бодолт нь мөн таван төрөлд хуваагдана. Олон оронтой тооны нийлбэр, найман оронтой хоёр тооны үржвэр олох, язгуур бодох, хүн хуанли буюу хүний төрсөн он, сар өдрөөр нь дамжуулж ямар гарагт төрсөнийг нь тогтоох, сюрприз бодлого буюу тухайн дүрсний талбай, квадратыг олох зэрэг олон янзын даалгавартай. Ер нь товчхондоо бол бал цаас, тооны машин хэрэглэхгүйгээр чээжээрээ арифметик үйлдэл хийж, оюун ухааныхаа хурд, хүчийг соридог ажээ.

Дэлхийн аваргад өрсөлдөх тамирчид унаган авьяастай байдаг уу, эсвэл цэвэр хичээл зүтгэлээ үнэлүүлдэг юм болов уу?

Ихэнх тохиолдолд зуун хувь хичээл зүтгэлээс хамаардаг. Тэгэхдээ би Германы Рудгерграм гэдэг нэг онцгой тамирчинтай ярилцаж байсан. Энэ хүн тэмцээн, уралдаанд ерөөсөө бэлтгэл хийхгүйгээр ирдэг. Өөрөө үүнийг тайлбарлахдаа "Намайг ухаан орсон цагаас л манай гэрийн зурагтан дээр тоо анивчиж байсан. Энийг бол мэдээж манай аав, ээж зохион байгуулсан зүйл. Би анх үүнийг тоо, цифр гэж огт мэдэхгүйгээс эхлээд л нэрлэж, бодож чаддаг болсон. Сүүлдээ өдөр алгасалгүй гардаг тэдгээр тоонууд өөрчлөгдөж, хоёр орон, таслалтай болж өмнө нь харж байснаас хүндэрч эхэлсэн. Би ямар ч суръя гэсэн зорилгогүйгээр эргэн тойрноосоо тоог сурсан юм. Тиймээс би математикдаа сайн байсны дээр тоог бараг бодохгүйгээр хариуг нь хэлдэг" гэж ярьж байсан.

Т.Мягмарсүрэн: Оюун ухааны спортын 17 рекордын 14-ыг нь Монголчууд эзэмшиж байна (фото 1)

Таны хувьд ?

Би тэмцээнд оролцохоосоо дөрвөн сарын өмнө "Хүн хуанли" гэдэг энэ төрлийг байдаг гэж мэдээд сурсан юм. Энэ төрөл бол чээж бодолт дотроо хамгийн хүнд төрөлд тооцогддог. Яагаад гэхээр ихэнхи тоо бодлого арваар бүхэлдэж боддог бол энэ төрлийн тоо долоогоор тооцож боддог учраас бусад арифметик үйлдэл, багаасаа сурсан зүйлтэй зөрчилдөж, арай өөрөөр сэтгэх шаардлагатай болдог. Өрсөлдөөний зарчим нь нэг минутанд олон гараг тогтоох байдаг. Би 2012 оны дэлхийн аваргын тэмцээн дээр нэг минутанд 57 гараг олж түрүүлж байсан.  Анх суралцаж байхдаа минутанд нэгийг ч бодож чаддаггүй байсан. Аргыг нь заагаад өгөх юм бол хэн ч бодож чадна. 

Учир нь уураг тархи булчин биш боловч тогтмол дасгал хийх тусам хөгжиж чаддаг.

Орчин үед хүмүүс дэлгэцээр маш их мэдээлэл авч, нэг зүйлийг үзээд л өнгөрдөг болчихсон. Түүнээс юм уу эсвэл стрессээс шалтгаалж хүмүүс "Би мартамхай болж байна" гэж ярьдаг. Тэгвэл ой тогтоолтоо сайн байлгахын тулд хэрэгжүүлж болох энгийн зөвлөгөө та хэлж өгч болох уу?

Ой тогтоолт сайтай байхын тулд, жаахан хүүхдүүд төрөлхийн чадвартай учраас хөгжүүлэх боломжтой. Магадгүй электрон төхөөрөмжтэй холбоотойгоор хүмүүсийн ой тогтоолт муудаж байж болох юм. Хүн залуудаа сурч, боловсорч байх үедээ оюуны дасгал маш их хийдэг ч ажил дээр гараад ирэхээрээ багасгаж, нэг ёсондоо суралцахаа зогсоодог. Тиймээс хүний уураг тархи хөгжихөө больж, мартамхай болдог. Бид арван жилд байхдаа яаж чээжлэх аргаа мэддэггүй байсан ч гэсэн янз бүрийн шүлэг, томъёо чээжлэх гэж оролдож, давталт хийдэг байсан. Тэгэхээр аргачлал заахгүйгээр зөвлөгөө өгье гэх юм бол хүн оюуны ажлыг өдөрт дор хаяж 30 минут хийх хэрэгтэй гэж зөвлөмөөр байна. Ядаж ном унш. Ер нь бол уураг тархитай холбоотой дасгалуудыг хийж байгаарай. Учир нь уураг тархи булчин биш боловч тогтмол дасгал хийх тусам хөгжиж чаддаг.

Тэгвэл аргачлалаас нь та бас сонирхуулахгүй юу.

Төсөөлөл ашиглаж, хийсвэр зүйлийг бодитой мэт дүрслэн хар. Хүний уураг тархинд дутагдалтай юм шиг сонсогддог хэрнээ гайхалтай нэгэн чадвар байдаг. Энэ нь хийсвэр мэдээллийг бодит мэдээллээс ялгадаггүй. Ингэж хийсвэр зүйлийг бодитой мэт харж чадах учраас бодит болсон  зүйл юм шигээр санаж чадна.

Ой сайтай хүмүүсийг зурган ой санамжтай гэж ярьдаг. Энэ бодитой юу?

Энэ яалт ч үгүй үнэн л дээ. Хүн нийт авч байгаа мэдээллийнхээ 80 орчим хувийг нүд буюу харах эрхтэнээр, үлдсэн нь үнэрлэх, сонсох гэх мэт мэдрэхүйн эрхтэнүүдээрээ авдаг. Ихэнхи мэдээллийг нүд буюу харах эрхтэнээр авдаг учраас өнгөтэй холбоотой, зурган мэдээлэл, дүрслэх мэдээллийг илүү сайн санадаг гэж үздэг. Миний хувьд ч гэсэн тэмцээн уралдаанд хөзөр болон тухайн цифрийг чээжлэхдээ зурган байдлаар буцаан санадаг.

Т.Мягмарсүрэн: Оюун ухааны спортын 17 рекордын 14-ыг нь Монголчууд эзэмшиж байна (фото 2)

Гуравдугаар сарын 14-нд Пи тооны өдөр гэж болдог. Хамгийн олон орон нэрлэж байгаагаараа хүмүүс өрсөлддөг. Та тэр төрөлд оролцож байв уу?

Би олон улсын Пи тооны өдөрлөгт оролцож үзээгүй. Монголд бол гуравдугаар сарын 14-ны өдрийн 3 цаг 14 минутанд Пи тооны өдөрлөг жил бүр уламжлал болж зохион байгуулагддаг. Миний хувьд урилгаар хоёр жил дараалан оролцсон. Өнгөрсөн удаа цэгээс хойш 1000 орон чээжээр хэлсэн. Ирсэн хүмүүст пи тооны таблицыг тарааж өгөөд, өөрөө чээжээрээ, дарааллаар нь хэлдэг. Тэрний өмнөх жил би 500 орон хэлж байсан.

Зогсож байгаад л 3.14-с хойш мянган удаа тоо хэлэх нь байна шүү дээ. Дэлхийд энэ амжилт нь яаж явдаг юм бэ?

Саяхан харахад 8900 гаруй орон болсон байсан. Гэхдээ албан бусаар 20 мянган орон чээжээрээ мэддэг хүн хүртэл гарч ирдэг гэж үздэг. Миний хувьд шаардлагатай гэвэл 5000, 8000-ыг чээжлэх бүрэн боломжтой. Сонирхуулахад гуравдугаар сарын 13-ны өдөр 1000 цифр чээжлэх хугацаа нь 30-40 минут байсан юм. Тэмцээнд оролцъё гээд илүү хичээвэл үүнийг эвдэх боломжтой.

Та хамгийн сүүлд ямар  тэмцээнд оролцсон бэ?

Саяхан Туркийн Истанбул хотноо болсон "Дэлхийн рекорд эвдэх өдөр" гэсэн тэмцээнд орсон байгаа. Өмнөх жилд түлхүү хичээллэсэн Хүн хуанли төрлөөр оролцож, дэлхийн рекорд шинэчлэх зорилготой байсан. Миний өмнө нь гаргасан Азийн рекорд минутанд 85 гараг олсон үзүүлэлттэй байсан. Сая оролцсон тэмцээнд нэг минутанд 110 гараг олж, Азийн рекордоо шинэчилж, дэлхийн рекордыг эвдэхэд нэг оноогоор ойртсон. Одоо байгаа дэлхийн рекорд 111 байгаа.

Т.Мягмарсүрэн: Оюун ухааны спортын 17 рекордын 14-ыг нь Монголчууд эзэмшиж байна (фото 3)

Эдгээр рекордууд хэр ойрхон шинэчлэгддэг юм бэ?

Төрөл болгон дээр жил болгон шахуу рекорд эвдэгдэж байгаа. Миний орсон төрөл 2012 оноос хойш энэ рекорд эвдэгдээгүй. 

Тэмцээнд ороод амжилт олсны дараа бодит үр дүн нь танд яаж ирдэг вэ?

Сэтгэл ханамж, өөртөө итгэх итгэл, илүү их туршлага. Энэ тал дээр илүү их байдаг. Түүнээс энэ залуу спорт учраас шагнал урамшууллын хувьд төдийлөн сайн биш. Оюуныг үнэлнэ гэдэг утгаараа рекорд эвдэхэд тодорхой хэмжээний урамшуулал авдаг.

Залуу гэхээр хэр удаж байгаа гэсэн үг вэ?

Анх 1991 оноос Оюуны спорт хөгжсөн. Оюуны Олимп гэгддэг энэхүү тэмцээн 2004 оноос зохиогдож эхэлсэн юм. Монголд 2009 онд анхны тэмцээн зохион байгуулагдаж, Монголын Оюун Ухааны Академи байгуулагдсан. Одоогоор манай академид бэлтгэл сургуулилтаа байнга, идэвхитэй хийдэг 7-33 насны 200-д тамирчин байгаа. Эндээс тэмцээн уралдаанд явдаг 20 орчим тамирчин байдаг.

Олон улсын тэмцээнд хүүхдүүд их амжилт гаргадаг. Одоо гаргаад байгаа хамгийн том амжилтууд нь юу, юу байна вэ?

Дунд насны тамирчид сүүлийн үед маш их амжилт гаргах болсон. Хамгийн том амжилт гэвэл Өсвөрийн дэлхийн аварга байгаа. Манай Монгол улс одоо Ази, Дэлхийн аваргатай. Дунд насны буюу 12-17 насны ангилалд дэлхийн 17 рекордын 14-ыг нь Монголчууд эзэмшдэг. 

Т.Мягмарсүрэн: Оюун ухааны спортын 17 рекордын 14-ыг нь Монголчууд эзэмшиж байна (фото 4)

Зургаагаас дээш насны хүүхдийн оюун ухааныг хөгжүүлэхэд сөргөөр нөлөөлөх хүчин зүйлс юу, юу байна вэ? Гар утас, компьютерын хэрэглээ үүнд орох уу?

Яг үүнийг л байнга хийвэл ой тогтоолт муудаж, мартддаг болно гэсэн зүйл байхгүй. Электрон төхөөрөмжүүдтэй байнга харьцах нь ой тогтоолтод сайнаар нөлөөлж, дасгал болж болно. Гэхдээ хүний тархинд соронзон долгион муугаар нөлөөлдөг гэж үздэг. Хоол хүнс, унтаж амрахдаа анхаарах хэрэгтэй. Мөн буруу сурахгүйн үүднээс сурах арга барилаа эхнээс нь зөв олж авч явах юм бол дараа нь илүү хялбар болох болов уу. Юмыг яаж чээжлэдэг вэ гэх зүй тогтлыг олж сурах, юмыг олон талаас нь харах өнцөгийг суулгаж өгч болно. Чээжлэх ёстой гэж давтах биш би энийг яаж чээжлэх вэ гэдгийг бодож сурахад анхаарах хэрэгтэй.

Чээжлэхээс илүү мартах нь маш чухал. Хүний хамгийн төгс хийж чаддаг зүйл бол мартах юм болов уу гэж би боддог. 

Танаас хүмүүс их асуудаг асуултууд байдаг уу?

Та хэл сурахад ямар ч асуудалгүй юу, Тань шиг болчих юм бол амар юм биш үү, нэг хараад л мартахгүй, Та дараа нь намайг мартахгүй биз дээ гэсэн асуултууд их гарч ирдэг.

Эдгээр асуултуудад та юу гэж хариулдаг вэ?

Хэл сурах дээр мэдээж өөрийн хичээл, зүтгэл хэрэгтэй. Ой тогтоолтыг мэдсэнээр хэл сурах арга буюу тухайн хэлний шинэ үгийг яаж чээжлэх вэ гэдэг нь илүү хялбар байдаг. "Та дараа нь намайг санах уу" гэж асууж байгаа нь илүү хөгжилтэй талаасаа асуудаг л даа. Мэдээж би санана гэж хэлдэг. Зарим хүмүүс гудамжинд гэнэт "Би хэн бэ" гээд гараад ирсэн тохиолдол байдаг. 

Аливааг сайн санахаас гадна юмыг мартах хэрэгтэй байдаг байх, тийм үү?

Яг зөв. Чээжлэхээс илүү мартах нь маш чухал. Хүний хамгийн төгс хийж чаддаг зүйл бол мартах юм болов уу гэж би боддог. "Хэрвээ хүн мартдаггүй байсан бол" гээд бодоход маш олон сөрөг тал байна. Хүнийг компьютертэй зүйрлээд үзвэл маш их хэмжээний мэдээлэл хадгалсан компьютерын санах ой дүүрч, сүүлдээ гацдаг. Хүн мартсанаараа уураг тархиа цэвэрлэж, амрааж чаддаг. Угаас уураг тархи хэрэгтэй зүйлээ санаж, хэрэггүй зүйлээ мартдаг гэж үздэг шүү дээ. Хүн нэг өдөрт хүлээж авсан мэдээллийнхээ 80 орчим хувийг 24 цагийн дотор мартдаг гэсэн судалгааны үр дүн байдаг. Оюуны тамирчдын хувьд өдөрт мянга мянгаар нь цифр, нэр чээжилдэг ч үүнийгээ байнга санах биш, харин ч мартах ёстой.

Мартахын тулд хэрэглэдэг аргууд байгаа юу?

Тэмцээний төрлүүдэд жишээ нь би 1000 зүйл чээжлэхийн тулд үүсгэдэг 1000 холбоо байна л даа. Тэгэхдээ мартахын тулд давхарлаж чээжилдэг.

Бясалгал бол тархиа хоослоход тохиромжтой арга гэж үздэг. Түүнээс илүү амархан энгийн арга байна уу?

Бодлоо хөндлөнгөөс ажиглах хамгийн амархан арга. Та өөрийнхөө бодлыг бодно. Юу ч бодож болно, орж ирсэн бодлоо хөндлөнгөөс ажиглаад байдаг. Би хөзрийг ашигладаг. Улаан, цэнхэр хоёр өнгийн хөзөр сонгож авчихаад сайн бодол орж ирэх юм бол цэнхэр хөзөр дээр нэгийг нэмдэг. Муу бодол орж ирвэл улаан хөзөр дээр нэмдэг. Энэ дасгалыг 15-30 минут хийж өөрийнхөө бодлыг л ажиглаж суудаг. Тэгэхээр энэ бол ямар ч бясалгалаас илүү сайн надад үр дүнгээ өгч, бодлоо хянахад сургадаг. Ингэсээр юм бодохгүй урт хугацаанд төвлөрч, ямар ч бодол орж ирэхгүй төлөвт өөрийгөө шилжүүлж болно. Хүмүүс бас сүүлийн үед эерэг бодол сайн үр дүн авчирдаг гэдэгт их итгэх болсон. Магадгүй эерэг бодол давамгайлж байвал сайн л байх. Магадгүй гучин минутанд нэг ч хөзөр тавихгүй байж болох юм. Тэгвэл энэ маш гайхалтай төвлөрөл гэж бодож байна. 

Та рубикийн шоогоор юу үзүүлэх гэж байгаа юм бол?

Би рубикийн шоог сонирхож, байнга биедээ авч явж эвлүүлдэг. Мэргэжлийн түвшинд тэмцээн уралдаанд ордог биш. Оюуны дасгал гэдэг утгаар нь гар хуруугаа байнгын хөдөлгөөнтэй байлгах, хоёр тархи хөгжүүлж, тэнцвэртэй үйл ажиллагааг сайжруулах, дээр нь хурууны өндөгний мэдрэмж зэрэг маш олон зүйлд хэрэгтэй учраас сонирхлоороо эвлүүлдэг. Хүн хүлээхдээ ч юм уу, унаанд сууж байхдаа шоогоо эвлүүлдэг. Тэрнээс яг эвлүүлчихье, хурдан хийе гэж зоридоггүй. 

цааш үзэх