Хайх

Шинэ мянганыхны дараах “Z” үеийнхэн гэж хэн бэ? Тэдний талаар бид юу мэдэх хэрэгтэй вэ?

2000-аад онд төрсөн хүмүүсийн ертөнцийг үзэх үзэл, биеээ авч явах байдал болон сонирхлуудын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл

Text: Buro.Mongolia


Шинэ мянганыхны дараах “Z” үеийнхэн гэж хэн бэ? Тэдний талаар бид юу мэдэх хэрэгтэй вэ?

Та үүнд бэлэн ч бай, үгүй ч бай "Z" үеийнхэн буюу "Linksters" (төрснөөсөө хойш технологитой салшгүй холбоотой байсан учраас энэ нэрийг авчээ) хэмээн нэрлэгдээд байгаа 1998 оноос хойш төрсөн хүмүүс тун удахгүй нас биед хүрэх гэж байна.

«Шинэ мянганыхан» буюу ойролцоогоор 1981-1998 онуудад төрсөн хүмүүсийг бид юуны түрүүнд үргэлж ажил ба зорилгоо өөрчилж байдаг сэхүүн зантай, залуухан саятан хэмээн төсөөлдөг. Харин "Z" үеийнхэн гэж яг хэнийг хэлж байна вэ? АНУ-ын хүн амын тооллогын агентлагийн мэдээллэснээр "Z" үеийнхэн одоогийн байдлаар тус улсын хүн амын 26% эзэлж, эдийн засагт 44 тэрбум долларын хувь нэмэр оруулж байна. Энэ үеийн төлөөлөгчид 2020 он гэхэд дэлхийн хүн амын гуравны нэгийг эзлэх болно. Тиймээс бид "Z" үеийнхэн амьдралаас яг юу хүсдэг мөн өмнөх үеийнхнээсээ юугаараа ялгаатай болохыг одооноос эргэцүүлж эхлэх хэрэгтэй юм.

Шинэ мянганыхны дараах “Z” үеийнхэн гэж хэн бэ? Тэдний талаар бид юу мэдэх хэрэгтэй вэ? (фото 1)

Өөдрөг үзэл биш, харин бодитоор хандах үзэл

Robert Half агентлагийн гаргасан инфографикаас харахад "Z" үеийнхний 77% нь шинэ мянганыхантай харьцуулахад өөрсдийгөө ажлын байран дээр илүү шаргуу хөдөлмөрлөх ёстой гэсэн хүлээлттэй байдаг гэнэ. Шинэ мянганыхны өөдрөг үзэл тэдний эцэг эхийн (baby boomers) бий болгож өгсөн жаргалтай хүүхэд наснаас шууд хамааралтай юм. Харин шинэ мянганы эцэг эхчүүдийн хувьд нөхцөл байдал тэс ондоо. Эдийн засгийн хямралын улмаас шинэ мянганы гэр бүлүүдийн хангалуун байдал 45% буурсан үзүүлэлт гарсан (Пью Рисерч компанийн мэдээгээр) бөгөөд тэдний хүүхдүүд буюу "Z" үеийнхэн энэхүү хүндхэн үед өсч торнисон байдаг. 

Сонирхолтой нь "Z" үеийнхэн өөрсдийн эцэг эхчүүдийг өрсөлдөгчийн нүдээр хардаггүй бөгөөд үүний оронд аль хэдийнээ удирдах албан тушаалд сууж буй "baby boomers"-үүдтэй мөр зэрэгцэн алхахыг хүсдэг аж.

Тэгсэн хэрнээ "Z" үеийнхэн шинэ мянганыхнаас илүү шаардлага өндөртэй байдаг. "Тэд хүссэн зүйлээ хүссэн хугацаандаа авч чадахгүй байх нөхцөлд дэлхийг хар, бараанаар харж эхэлдэг. Одоо хэн ч тэднээс ажиллаж буй компанидаа үнэнч байхыг шаарддаггүй. Харин ч эсрэгээрээ тэд өөрсдөө компаниудаас үнэнч байдлыг хүсдэг болсон" гэж Ernst & Young компанийн стратеги төлөвлөлтийн захирал Марси Мэрриман ярьсан юм.

Дижитал ертөнцийн анхдагчид биш, харин байнгын оршин суугчид

Интернетийн хөгжилтэй зэрэгцэн өсөж дэвшсэн шинэ мянганыхныг "дэлхийн анхны дижитал үеийнхэн" гэж нэрлэдэг. Тэгвэл "Z" үеийнхнийг аль хэдийнээ хөгжин бий болсон орчин үеийн цахим ертөнцөд "мэндэлсэн" гэж хэлж болно. Шинэ мянганыхантай харьцуулбал "Z" үеийнхний дунд "Интернет донтогчид"-ын тоо 25%-иар өндөр байдаг. Мөн тэдний 40% нь өөрсдийгөө дижитал төхөөрөмжгүйгээр төсөөлдөггүй бөгөөд аливаа газраас ариун цэврийн өрөө биш, харин Wi-Fi сүлжээ эрэлхийлдэг байна.

Нийт 50 оронд хийгдсэн судалгаанаас харахад дээр дурдсан бүхнээс хамааран "Z" үеийнхэн илүү даяарчлагдсан болж, эх оронч ба үндсэрхэг үзлээс холдсон байдаг байна. Мөн 35-аас дээш насны иргэдийн үзэж буйгаар "Z" үеийнхэн өөрийн орны иргэдээс илүү цахим ертөнцөд танилцсан найзтайгаа хялбар ойлголцож, нийтлэг сонирхолтой байдаг аж. Тиймээс бид 2020 он гэхэд нийтлэг үзэл суртал, нэгэн зорилготой жинхэнэ даяарчлагдсан онлайн нийгэмлэгийг олж харах магадлалтай юм.

Шинэ мянганыхны дараах “Z” үеийнхэн гэж хэн бэ? Тэдний талаар бид юу мэдэх хэрэгтэй вэ? (фото 2)

Тэмцэх биш, харин ажиллах

Шинэ мянганыхан ажлын байраа олон дахин сольдог гэдгээрээ алдартай бол "Z" үеийнхэн нэг компанид олон ажил гүйцэтгэхийг илүүд үздэг аж. Тэдний ихэнх нь аль 17-18 настайгаасаа эхлэн том корпорациудад ажилд орж, ирээдүйдээ томоохон хөрөнгө оруулалт хийх болно. "Z" үеийнхэн эдийн засгийн хямралын үед төрсөн учир карьер ба мөнгөний тал дээр хэтэрхий их мөрөөдөлгүйгээр, бүх зүйлийг бодитоор хардаг. Өнөөдрийн өсвөр насныхны 72% нь өөрийн гэсэн компанитай болохыг хүсдэг байна. Энэ нь ямар нэгэн хувийн арал дээрх төгс амьдралыг мөрөөддөг шинэ мянганыхантай харьцуулбал хамаагүй бодит үзэл юм.

Sparks & Honey компанийн гаргасан "Meet Generation Z: Forget Everything You Learned About Millennials" тайланд "Z" үеийнхэн юу юунаас илүү хяналттай бөгөөд бие даасан томчуудын амьдралыг хүсдэг болох нь онцлогджээ. Ингээд харахад "Z" үеийнхэн яг л бидний өвөө, эмээ нар шиг байгаа биз? Эдгээр хоёр үеийнхэн хоорондоо ийм төстэй байдагт гайхах зүйл үгүй юм. Учир нь 1920-иод оны сүүл, 1940-өөд оны эхээр төрсөн хүүхдүүдийг "чимээгүй үеийнхэн" гэдэг байсан бөгөөд тэд яг л "Z" үеийнхэнтэй адил эдийн засгийн хямралын үед төрж, 1950-1960-аад онуудад маш хариуцлагатай, тууштай, хөдөлмөрч хүмүүс болон төлөвшсөн байдаг.

"Тэд системийг өөрчлөхийг биш харин уг систем дотроо амжилтад хүрэхийг хүсдэг" гэж хүн амын судлаач, социологич Нил Хоув ярьжээ. "Чимээгүй үеийнхэн" бол саарал өнгийн хөвөн даавуун хослолтой, хатуу чанга хүмүүс байсан. Тэд маш эрт гэрлэж, хүүхэдтэй болцгоосон. Мөн тэд анх ажилд орохдоо л "Миний тэтгэврийн төлөвлөгөө юу вэ?" гэсэн асуултыг ажил олгогчдоо тавьдаг байсан. Яг л энэ шинж тэмдгүүдийг бид "Z" үеийнхнээс олж харж байгаа билээ.

"Манай найзууд үргэлж цахим ертөнцөд ямар нэгэн шинэ старт-ап компани нээж байдаг. Бид одоо зуны амралтаараа McDonalds-д ажиллахаа больсон. Харин үүний оронд бид өөрсдийн гэсэн бизнес босгож, амжилтад хүрэхийг хүсч байна" гэж 15 настай Канзасын оюутан Эндрю Шуновер ярилаа. Тэд энэхүү карьерист үзлээрээ "чимээгүй үеийнхэн"-тэй үнэхээр төстэй юм.

Тогтсон хэв маяг биш, харин эрх чөлөө

"Z" үеийнхний шүтдэг загварын трендүүдээс харахад тэд гадаад төрхдөө төдийлөн анхаарал хандуулахаа больсон. Тэдний хувьд хүйсийн хоёрдмол байдлаар хувцасладаг Жейден Смит ба Лаки Блю Смит, диско-панк стильтэй Майли Сайрус, нормкор хэв маяг баримтлах дуртай Кендалл Женнер нар загварын шүтээнүүд юм. Их Британийн Үндэсний иргэний төвийн өнгөрсөн жил хийсэн судалгаанд өсвөр насны европчуудын зөвхөн 63% нь л өөрсдийгөө эсрэг хүйсийн хүнд татагддаг гэж мэдэгджээ. Энэ дотроо өсвөр насны эрэгтэй хүүхдүүдийн 69% нь мөн эмэгтэй хүүхдүүдийн 56% нь өөрсдийгөө 100% гетеросексуал гэж тодорхойлдог байна. Үүнээс харахад европын өсвөр насны хүүхдүүд өөрсдийгөө ямарваа нэгэн тодорхойлолтоор хязгаарлахыг хүсэхгүй байгаа бөгөөд, хоёрдмол хандлагатай байх нь ихэсчээ.

Энэ үзэгдэл нь "Z" үеийнхний индивидуалист үзэлтэй холбоотой бөгөөд тэд нэгэн хэвийн тогтсон зүйлээс холдохыг хичээдэг юм. "Х" үеийнхэн (1961-1981) хүүхэд насандаа эцэг эхийнхээ салалттай тулгарч байсан үе цөөнгүй олон бий. Тиймээс тэд өөрсдөө насанд хүрч гэр бүлтэй болмогцоо хосуудын аль нэг нь гэртээ үлдэж, хүүхдүүдээ харах үүрэгтэй хэмээн үздэг байсан. Тэгвэл шинэ мянганыхны хүмүүжүүлсэн хүүхдүүд буюу "Z" үеийнхэн огт өөр төрлийн гэр бүл үүсгэж байна. Тэд өөрсдийнхөө ирээдүйг сайтар төлөвлөхийн зэрэгцээ хүйсийн хамааралтай гэр бүлийн уламжлалт үүргийг ардаа орхих болно" гэж "From Boomers to Linksters: Managing the Friction Between Generations at Work" номын зохиолч Меган Жонсон онцолсон юм.

"Z" үеийнхний даяарчлагдсан үзэл бодол арьс өнгөний асуудал дээр ч бас ижил байдаг. Учир нь энэ үеийн төлөөлөгчид африк-америк ерөнхийлөгч мөрөөдөж байсан биш харин бодит байдал болсон үед төрсөн юм. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд (2000-2010) олон үндэстний гэр бүлд төрсөн хүүхдүүдийн тоо 134% өссөн байгаа. Мөн тэдгээр хүүхдүүд өсч торниж байх хугацаанд ижил хүйстнүүдийн гэрлэлт үндсэн хуулиараа бүрэн зөвшөөрөгдсөн нь ирээдүйд багагүй нөлөө үзүүлэх биз ээ. 

Шинэ мянганыхны дараах “Z” үеийнхэн гэж хэн бэ? Тэдний талаар бид юу мэдэх хэрэгтэй вэ? (фото 3)

Ил тод биш, харин бие даасан байдал

Өмнөх үеийнхэнтэй харьцуулбал "Z" үеийнхний хувьд зөвхөн ажиллаж буй газар нь биш, харин хэрхэн ажиллаж байгаа нь нэн чухал. Robert Half компанийн мэдээллэснээр тэд хувийн мэдээллээ хуваалцах дургүй байдаг (Тиймээс л Snapchat, Instagram Stories гэх зэрэг дижитал контентыг цахим ертөнцөд хадгалан үлдээлгүй устгадаг тавцангууд тэдэнд таалагддаг). Түүнчлэн шинэ мянганыхан олон хүмүүстэй хамт ажиллахад зориулагдсан том, цэлгэр, оффисын орон зайг илүүд үздэг бол, "Z" үеийнхэн чимээгүй, хаалттай орчинд дуртай байдаг. Мөн тэд хэрэв ямар нэг зүйлийг сайн хийхийг хүсвэл өөр хүнд даатгалгүйгээр өөрөө гүйцэтгэсэн нь дээр гэж үздэг байна.

Аз жаргал биш, харин сэтгэл хямрал

Тэгэхээр "Z" үеийнхэн хэр их аз жаргалтай байдаг вэ? Тэдний эрмэлзэл, найдвар биеллээ олдог болов уу? Харамсалтай нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын 42 оронд хийсэн судалгаагаар Европ ба Америкт амьдардаг залуус өөрсдийнхөө амьдрал ба ирээдүйд хамгийн ихээр сэтгэл хангалуун бус байдаг аж. Мөн "Z" үеийнхний хамгийн гунигтай шинж тэмдгүүдийн нэг бол тэд сэтгэл мэдрэлийн өвчин, сэтгэл санааны гутралд өртөмтгий юм. Ингээд ч зогсохгүй тэд бусад үеийнхнээс илүү сэтгэл санааны өвчинд нэрвэгддэг байна. "Бид өнөөдөр аз жаргалгүй байгаагаа мөн хүрээлж буй ертөнцөөсөө айж буйгаа нээлттэй илэрхийлдэг хүүхдүүдийг харж байна. Z үеийнхний сэтгэлийг боловсрол, ирээдүй болон тэднийг 24 цаг хүрээлж буй онлайн ертөнц түгшээдэг. Тэд найзуудынхаа үдэшлэгт уригдаагүй болохоо онлайн ертөнцөөс олж харах бүрдээ өөрийгөө үнэлэх үнэлэмжээ багa багаар алддаг. Facebook ба Instagram энэ хүмүүсийн өөрийгөө үнэлэх сэтгэлтэй салшгүй холбоотой байх болно. Үүнтэй холбогдуулан амиа егүүтгэхийг хүссэн хүмүүсийн гуравны нэгийг өсвөр насныхан эзэлж байна" гэж Их Британийн амиа хорлолтын эсрэг үндэсний төвийн мэргэжилтэн Эмили Черри ярьжээ.

Энэ бүх нөхцөл байдлууд "Z" үеийнхэн болон нийгмийн хувьд хүндрэлтэй байж болзошгүй. Гэхдээ энэ үеийнхэн олон зүйл дээр маш хариуцлагатай, нухацтай ханддаг. Үүнээс гадна тэдний сонирхлыг улс төр, карьер татдаг бөгөөд хүйсийн ялгаа, нийгмийн тэгш бус байдал болон арьс өнгөний асуудалд тэд тэнцвэртэй хандаж чаддаг. Гэхдээ үүний зэрэгцээ яг л энэ шинж тэмдгүүд "Z" үеийнхнийг эмзэг болгодог байна.

цааш үзэх