Хайх

Буруу хоолны зуршилтай болсныг илтгэх 6 шинж тэмдэг

Буруу хоолны зуршилтай болсныг илтгэх 6 шинж тэмдэг

Биеийн галбиртаа сэтгэл дундуур байхаас эхлээд хоолны дэглэмүүдэд хэт автах гэсэн шинж тэмдгүүд

Text: Бюро 24/7


Зураг:

Хоол бидний хамгийн хүчтэй сэтгэл хөдлөлүүдийн эх сурвалж болж өгдөг. Бид хоолноос хязгааргүй их таашаал мэдэрч, илүүдэл жинтэй болсондоо бухимдаж, их идэж эсвэл өлссөндөө уцаарлаж, хоолоор өөрийгөө шагнаж эсвэл тайтгаруулдаг. Гэхдээ хоол хүнсний гол зорилго нь хүний сэтгэл хөдлөлийн бус физиологийн өлсгөлөнг тайлахад оршино. Хоол ямар тохиолдолд эрүүл бус зүйл болон хувирч, буруу зуршилд хүргэдэг талаар бид олж мэдэхээр шийдлээ.

Сатаарах хэрэгсэл болох

Хэрэв та ямар нэгэн таагүй нөхцөл байдал, бухимдлаас сатаарахын тулд хоол идэж байгаа гэдгээ ухаарвал анхны түгшүүрийн дохио илэрсэн гэсэн үг юм. Ийм сэтгэл хөдлөл дээр тулгуурлан хооллох нь хэт их идэх, улмаар өөрийн биеийн үзэмждээ таагүй хандах гол шалтгаан болдог. Үүнийг бие даан шийдвэрлэх хамгийн энгийн арга бол хоолны тэмдэглэл хөтлөх юм. Тэмдэглэл хөтөлснөөр сэтгэл хөдлөл, идэж буй зүйлс болон үүний хэм, хэмжээг хянахад тусална. Хэрэв өлсөөгүй бол тухайн цаг үед яг ямар сэтгэл хөдлөл мэдэрч байгаагаа тодорхойлж, дараа нь үнэн хэрэгтээ танд яг юу хэрэгтэй байгааг олж тогтоогоорой. Магадгүй танд хоолноос илүү ажлын завсарлага шаардлагатай байж ч мэдэх юм.

Биеийн галбиртаа сэтгэл дундуур байх

Дээрх асуудлын гол үр дагавруудын нэг нь биеийн галбиртаа сэтгэл дундуур болох юм. "Ходоод-миний сайн найз: Ухаалаг хүмүүст зориулсан хоол" номын зохиолч Елена Мотова "Эрүүл жинтэй хүмүүст турах шаардлагагүй гэдгийг ойлгуулах нь бараг биелэгдэшгүй даалгавар байдаг" хэмээн бичжээ. Ихэнх хүмүүсийн хувьд толинд харж, жингээ үзэх нь жинхэнэ стресс болдог гэдгийг тэрээр онцолсон юм.

Дэглэм барих

Дэглэм бол хоолны илчлэгээ хязгаарлах нэгэн арга барил. Заримдаа хоолны дэглэмээс хүнсний бүхэл бүтэн төрөл зүйлийг хасдаг учраас тэнцвэргүй хооллох эрсдэл үүсдэг. Хоолны дэглэмийг зөвхөн эмчийн заавраар эмнэлгийн заалтаар хэрэгжүүлэх хэрэгтэй. Жишээ нь бодисын солилцооны синдром, чихрийн шижин, харшил эсвэл ямар нэг бүтээгдэхүүнийг тэсвэрлэдэггүй тохиолдолд хоолны дэглэм хэрэгжүүлж болно. Өдөрт авсан илчлэгээ тооцоолж, тогтмол жингээ үзэж, өлсгөлөнгөө үл тоомсорлох нь бие организмоо хүчилж байгаагийн илрэл юм. Мөн хүмүүс дэглэмээ дууссаны дараа ч жин нэмэхгүйн тулд хагас өлсгөлөн амьдрах нь (үүнийг хязгаарлагдмал хоолны зуршил хэмээн нэрлэдэг) элбэг тохиолддог хэмээн Елена Мотова хэллээ.

Гэмших

"Хориотой" жагсаалтаас ямар нэг хүнсний бүтээгдэхүүн идсэнийхээ дараа өөрийгөө зэмлэх хэрэггүй. Ер нь ийм жагсаалтыг тэр чигт нь мартах хэрэгтэй. Та эхлээд ямар шалтгаанаар энэ жагсаалтыг гаргаснаа мөн дотор нь ямар, ямар бүтээгдэхүүн орж байгааг сайтар тунгаагаарай. Яагаад гэвэл хоолны дэглэмээсээ жишээ нь шоколадыг хасаж, хэсэг хугацааны дараа тэсгэл алдаж, бүтэн хайрцгаар нь идэхгүйн тулд шийдвэрээ дахин нэг эргэцүүлээд үзээрэй. Тухайн хүнсний бүтээгдэхүүнийг цэснээсээ бүр мөсөн хасаж, хориг тавих нь таныг эцэстээ хэт их идэхэд хүргэж, улмаар өөрийгөө илүү их зэмлэх шалтгаан болно.

Өлсөх мэдрэмжээ үл тоох

Өлссөн үедээ хариу үйлдэл үзүүлэхгүй бол ихэвчлэн энэхүү мэдрэмж удаан хугацааны турш алга болдог. Цаашид энэ нь бие организмын дохиог мохоодог гэдгийг "Intuitive Eating: A Revolutionary Program That Works" номын зохиолчид бичсэн байдаг. Мөн хэтрүүлж идэхгүйн тулд хоолоо, яаралгүй тайван идэж, цадсан мэдрэмж авах хэрэгтэй гэдгийг тэд нэмж онцоллоо.

Эрүүл хооллолтод хэт автах, бөөлжих, ховдоглох

Анорексия, булимия, орторексия, ховдоглох зэрэг өвчнүүд нь буруу хоолны зуршлын хамгийн түгээмэл хэлбэрүүд юм. Эдгээр бүх өвчнүүд нь биеийн жин болон галбираа бүхэлд нь хянах гэсэн хүслийн үр дагаврууд байдаг. Анорексия өвчтэй хүмүүс жингийн дутагдалд орсон байдаг ч өөрсдийгөө тарган гэдэгт итгэдэг. Үүний улмаас сарын тэмдэг зогсож, ухаан алдаж, чичирч, дотор эрхтэн гэмтдэг байна. Булимия нь жин нэмэх айдастай холбоотой бөгөөд ийм өвчтэй хүмүүс жин нэмэхгүйн тулд ихэвчлэн хоол идсэнийхээ дараа зориудаар бөөлжиж, хаван хөөх, туулгах эмүүдийг хэрэглэдэг. Харин орторексия гэдэг нь эрүүл хоолонд хэт донтохыг хэлдэг байна.

Буруу хоолны зуршил бүрийг эмчлэх шаардлагатай. Үүний тулд сэтгэл зүйч болон хоол тэжээлийн мэргэжилтэнд хандаж хоолонд хандах хандлагаа өөрчлөх хэрэгтэй. Мөн өөртөө ямар нэгэн дэглэм зохиож, бусадтай өөрийгөө харьцуулж, хоолоо идэхгүй орхиж, хэт их ачаалалтай дасгалуудаар өөрийгөө тамирдуулж, тураах үйлчилгээтэй эм, тариа уух хэрэггүй гэдгийг санаарай.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх