Хайх

Өглөө бүр нимбэгтэй бүлээн ус уухын ач тус

Өглөө бүр нимбэгтэй бүлээн ус уухын ач тус

Text: Б.Бадамханд


Нимбэгтэй бүлээн ус уухын ач тусын тухай би анх эрүүл мэндийн нэгэн номоос мэдэж авсан юм. Түүнээс хойш өглөө бүр сэрээд л хамгийн түрүүнд нимбэгтэй ус ууж эхэлсэн ба нэг л мэдэхэд жил хагасын хугацаа өнгөрчээ. Одоо үүнийгээ тогтмол хийгээд сурчихсан болохоор өглөө нимбэгтэй усаа уухгүй өнгөрөөх юм бол нэг л чухал зүйл дутчихсан мэт мэдрэмж төрдөг болсон. Нимбэгтэй ус гоё амттайгаас гадна амны цангаа тайлж, биеийн болон нүүрний арьс чийгшүүлэх, биеийг хоргүйжүүлэх, ходоодны гүрвэлзэх хөдөлгөөн идэвхижүүлэх зэрэг олон талын ач тустай нь надад маш их таалагддаг.

Мөн би үүнийг өөрөөсөө гадна бусад хүмүүст ч бас сайнаар нөлөөлж байгааг мэдрэх болсон. Нэгэн удаа би эгчийндээ зочлоход эгч маань намайг өглөө сэрэнгүүтээ бүлээн усанд нимбэг шахаж, шүүсийг нь хийж уухыг анзаарсан бололтой. Би гэртээ буцаж ирснээс хойш хэсэг хугацааны дараа эгчтэйгээ skype-аар холбогдтол дэлгэцийн цаанаас түүний царай нэг л гоё гэрэлтсэн, толигор, бүр гялалзсан ч гэж хэлж болохоор харагдлаа. Эгчдээ би маш гоё харагдаж байгааг нь хэлээд, нүүрэндээ ямар бүтээгдэхүүн хэрэглэх болсныг нь асуусан. Тэгтэл эгч маань инээгээд, сүүлийн үед нимбэгтэй ус түлхүү хэрэглэдэг болсноо хэлж өгсөн юм.

Энэхүү хийхэд маш хялбархан бэлдмэл нь биднийг сайхан арьстай болох, жин хасахад нэмэртэй байдгаас гадна өөр олон ашиг тустай гэдгийг би сүүлд нь мэдэж авсан. Нимбэг нь витамин С, В комплекс, кальци , төмөр, магни, ислэг зэрэг шим тэжээлээр дүүрэн байхаас гадна, усан үзэм, алимнаас илүү кали агуулдаг.

Витамин С нь бидний дархлааны системийг дэмжиж өгдөг. Та стресстэй байх үед таны бие дэх витамин С эрс багасдаг бөгөөд ялангуяа ядарсан үедээ нэмэлт витамин С уухыг эмч нар зөвлөдөг билээ. Ханиад хүрэх, хоолой өвдөх зэрэг үед ч бас витамин С сайн ууж бай гэх зөвлөлгөөг та олон удаа сонсож байсан байх.

Тэгвэл та тогтмол нимбэгтэй ус ууснаар биедээ шүлтлэг орчин бий болгох болно. Хүчиллэг орчинд үрэвсэл болон өвчин үүсдэг тул шүлтлэгжүүлэх тусам үрэвсэл багасаж, өвчин тусах магадлал буурах юм.

Нимбэгний шүүс нь таны ходоодыг хоргүйжуулан, хоол боловсруулалтыг сайжруулахаас гадна, цээж хорсох, хэхрэх болон гэдэс дүүрэх зэрэг ходоодны хямралын шинж тэмдгүүдээс чөлөөлнө.

Тэгвэл нимбэгтэй усаа хэрхэн бэлдэж уух вэ? Өглөө сэрэнгүүтээ нэг аяга бүлээн ус уугаад, хэсэг хугацааны дараа нимбэгтэй бүлээн ус ууна. Хэмжээг нь та өөрийн дураар тааруулж болно. Харин би өөрөө нэг литрийг бэлдэж уудаг юм. Гэхдээ та тийм их хэмжээгээр ууж чадахгүй бол нэг аягыг ч ууж болно. Одоо "Нимбэгний шүүс хэр зэрэг орох вэ" гэж та асуух гэж байгаа байх. Хэрэв таны бие 70 кг-аас бага жинтэй бол 1/2 нимбэг шахаж, гарсан шүүсийг нь 750 мл - 1 литр усанд хийж ууна. Хэрэв та 70 кг-ээс дээш жинтэй бол нэг бүтэн нимбэгний шүүс хэрэглэнэ. Нимбэгтэй усаа уусны дараа дор хаяж 30 минут хүлээгээд дараа нь өглөөний цайгаа уугаарай.

Энэхүү энгийн хэрнээ ач тустай аргыг та хэрэглэж эхлэснээр өөрийнхөө эрүүл мэндэд томоохон өөрчлөлт оруулах шинэ  зуршил болгоно гэдэгт найдаж байна! 

 

цааш үзэх