Хайх

Мишлен одтой дэлхийн хамгийн хямд ресторануудыг танилцуулж байна

Тэмдэглээд аваарай!

Text: Buro.Mongolia


Зураг:

Мишлен одтой дэлхийн хамгийн хямд ресторануудыг танилцуулж байна

Мишлен одтой ресторанд хооллох нь заавал аяллынхаа бүх төсвийг үрнэ гэсэн үг биш юм. Аялал жуулчлалын Traveloka компани Мишлений хөтчид багтсан, хамгийн хямд үнэтэй дэлхийн шилдэг 50 рестораны жагсаалтыг гаргасан байна. Харин бид энэхүү жагсаалтаас шилдэг 10 рестораныг сонгон уншигчиддаа танилцуулахаар шийдлээ.

10. Al's Place, АНУ, Сан-Франциско, 1499 Valencia Street

Хоолны төрөл: Америк

Хоолны дундаж үнэ: $18

 

Энэхүү жижиг рестораны эзэн ба ахлах тогоочийг Аарон Лондон гэдэг. Тэрээр цэсэд байгаа зоогуудыг орон нутгийн улирлын чанартай шинэхэн бүтээгдэхүүнүүдээр бэлтгэдэг байна. Ерөнхийдөө энд хоолоо түлхүү шинэ ногоо, жимс, үндэс үрээр хийдэг бөгөөд лхагва гарагаас ням гараг хүртэл 17:30-22:00 цагийн хооронд үйлчлүүлэгчдэд нээлттэй байдаг.

9. L'Antic Moli, Испани, Таррагона

Хоолны төрөл: Орчин үеийн Испани

Хоолны дундаж үнэ: $16,60

 

L'Antic Moli нэртэй уг ресторан нь үзэсгэлэнт байгалиар хүрээлүүлсэн хуучин тээрмийн барилгад нээгджээ. Алслагдсан, хөдөө нутагт байрладаг ч уг рестораны интерьер засал ба хоолнууд нь маш орчин үеийн хэв маягтай гэдгээрээ онцлог. Цэсэд байгаа зоогуудаас тапас буюу Испани маягийн зуушийг заавал захиалахыг бид зөвлөж байна.

8. Lao Zheng Xing, Хятад, Шанхай, 556 Fuzhou Road

Хоолны төрөл: Хятад

Хоолны дундаж үнэ: $14,60

 

Та энд ямар нэг онц гойд зүйлгүй сонгодог хятад зоогийг амтлах боломжтой. Энэхүү ресторан нь 1892 онд анх үүсгэн байгуулагдсан тул Шанхайн хамгийн эртний зоогийн газруудын нэгт тооцогддог. Тэд одоо үйл ажиллагаагаа явуулж буй байршилдаа 1997 онд нүүж ирсэн бөгөөд одоогоор барилгын хэд, хэдэн давхрыг эзэлж байна. Рестораны нэрийн хуудас болсон зоогуудаас нуурын сам хорхой, ялз чанасан далайн өргөст хэмхийг туршаад үзээрэй.

7. Three Coins, Тайвань, Тайпей, 46 Hengyang Road

Хоолны төрөл: Кантон

Хоолны дундаж үнэ: $13

 

Three Coins зоогийн газар нь анх 1959 онд нээгдсэн байдаг. Харин одоо зургаан давхар барилгыг бүхлээр нь эзэлж байгаа бөгөөд барилгын гаднах ханан дээр харанхуйд өнгө, өнгөөр гэрэлтдэг каллиграфи бичиг харагдана. Эртний эдлэл болон урлагийн бүтээлүүдээр чимэглэгдсэн тус ресторан нь Кантон ба Тайванийн уламжлалт зоогуудаар үйлчилдэг. Сонирхуулахад энэхүү зоогийн газар нь орон нутгийн өндөр албан тушаалтнуудын орох дуртай газруудын нэгт зүй ёсоор тооцогддог. Байнгын үйлчлүүлэгчид энд ирж Бээжин маягийн нугасыг бүхэл үрийн гурилаар хийсэн гамбирын хамтаар захиалдаг уламжлалтай. Гэхдээ та Бээжин нугаснаас гадна шинэхэн улаан лоольтой жигнэсэн хясаа ба ногоон цайны үртэй тахианы шөлөнд анхаарлаа хандуулаарай.

6. Ginza Ibuki, Япон, Токио, B1F, Daini Matsuoka Building, 2-14-6 Ginza

Хоолны төрөл: Япон

Хоолны дундаж үнэ: $12,70

 

Япон уламжлалт зоогоор үйлчилдэг тус рестораны нэрийн хуудас болсон хоол нь дал модны навчин дээр жигнэсэн туна загас ба гүнжидийн үртэй шарсан дүпү юм. Мөн шинэхэн ногоотой төрөл бүрийн сашими ба шавар вааранд болгосон янз бүрийн бүтэцтэй (зөөлнөөс эхлээд шаржигнасан хүртэл) будаа таныг гайхшруулна. Түүнчлэн шарсан загастай өдрийн хоолны сетийг боломжийн үнээр амтлах боломжтой шүү.

5. Jay Fai, Тайланд, Бангкок, 327 Samran Rat Intersection

Хоолны төрөл: Тайланд

Хоолны дундаж үнэ: $12

 

Гудамжны хоолоор үйлчилдэг энэхүү жижиг зоогийн газарт таксины жолооч ба жинхэнэ хоолны мэргэжилтнүүдтэй нэгэн зэрэг таарах боломжтой.

Jay Fai гэх нэрийг рестораны эзний хочноос сэдэвлэн өгсөн байна. Цэсэд байгаа зоогууд үндсэндээ халуун тогоон дээр шарсан далайн гаралтай бүтээгдэхүүнээс бүрддэг. Хэдийгээр ийм төрлийн зоогууд нь арай өндөр үнэтэй байдаг ч үйлчлүүлэгчдийн дунд маш их эрэлттэй байдаг гэнэ. Жишээ нь хавчны махтай омлет нь $30 үнэтэй. Үүнээс гадна далайн бүтээгдэхүүнтэй төрөл бүрийн гоймонг заавал амсаж үзээрэй.

4. Chugokusai S.Sawada, Япон, Осака, 1F, New Masago Building, 4-6-28 Nishitenma

Хоолны төрөл: Хятад

Хоолны дундаж үнэ: $9,70

 

Рестораны эзэн ба ахлах тогооч нь Хонг Конг ба Токиод туршлага судалсны үр дүнд төрөл бүрийн орцтой Кантон маягийн хоол хийдэг болжээ. Үндсэн зоогонд гал дээр шарсан ногоотой Нагасакигийн далайн бүтээгдэхүүнүүд багтдаг байна. Мөн та энд хооллохоор шийдсэн бол Kaoridori гэх шаржигнасан тахиаг заавал захиалаарай. Тахиан дээр халуун тос асган тусгай аргаар шардаг учраас мартагдашгүй амттай болдог аж.

3. Hamo, Өмнөд Солонгос, Сөүл, 2F, 819 Eonju-ro, Gangnam-gu

Хоолны төрөл: Солонгос

Хоолны дундаж үнэ: $7,10

 

Hamo ресторан нь Кёнсан-Намдо мужид байрлах Чинжу гэх эртний хотын стилиэр хоолоо бэлтгэдэг байгаа. Харин гол зоог нь Jinju Bibimbab гэх хоол юм. Будаа, ногоо ба амталсан түүхий үхрийн махан дээр үхрийн махны эсвэл сонгинотой шөл асгаж, зэс аяганд хийж өгдөг. Мөн Joseon Japchae гэх гоймон шиг нарийн хэрчсэн ногоо ба гичээр амталсан сүмстэй хоол үйлчлүүлэгчдийн дунд маш алдартай.

Рестораны эзэд шар буурцагны ферм ажиллуулдаг тул ихэнх сүмснүүдээ ч өөрсдийн гараар бэлтгэдэг нь давуу тал болдог.

2. Tim Ho Wan, Хонг Конг, 9-11 Fuk Wing Street, Sham Shui Po

Хоолны төрөл: Дим сам

Хоолны дундаж үнэ: $3,80

 

Дим сам буюу аманд багтах жижиг хэмжээтэй банш, ролл эсвэл шарсан мах зэрэг зоогуудаар дагнадаг энэхүү ресторан нь анх 2009 онд ердөө л 20 хүний ширээтэй нээгджээ. Тус зоогийн газрыг Мишлен одтой Lung King Heen рестораны ахлах тогооч Мак Квай-пуй нээсэн бөгөөд тэрээр өөрийн рестораныг нээснээс жилийн дараа өөрийн гэсэн одыг авсан байна.

Энд мантуутай гахайн мах (бан ми), жигнэсэн өндөгний бялуу, гахайн элэг ба вермишельтэй ролл ба шарсан луувантай бялуу зэрэг жинхэнэ Кантон амтыг мэдрүүлэх төрөл бүрийн зоог бий.

1. Liao Fan Hong Kong Soya Sauce Chicken Rice & Noodle, Сингапур, 78 Smith Street

Хоолны төрөл: Сингапур

Хоолны дундаж үнэ: $2,20

 

Ахлах тогооч Чан Хон Мен 35 жилийн турш хоол хийж байгаа. Түүний кафе-мухлаг томоохон худалдааны төвд үйл ажиллагаагаа явуулдаг. Чан Хон Мен тогоочийн карьераа дөнгөж 16 настайдаа эхэлжээ. Тэрбээр Малайз дахь эцэг эхдээ туслахын тулд сургуулиа орхиж, ажил хийх шаардлага гарсан юм. Түүний багш, Хонг Конгийн ахлах тогооч Чан Хон Менд нэгэн удаа "Чиний хүрч болох хамгийн том амжилт бол Мишлений хөтчид багтах" хэмээн хэлж байжээ.

Ямар хоол захиалах вэ гэж үү? Мэдээж хэрэг шар буурцагны сүмстэй Кантон маягийн тахиа ба шарсан гахайн махыг заавал амтлаарай!

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх