Хайх

Бид яагаад хоолны тэмдэглэл хөтлөх хэрэгтэй вэ?

Бид яагаад хоолны тэмдэглэл хөтлөх хэрэгтэй вэ?

Хоолны тэмдэглэл гэж юу болох, хэнд хэрэгтэй ба хэрхэн хөтлөх талаар дэлгэж байна

Text: Buro.Mongolia


Зураг:

Хоолны тэмдэглэл хөтлөх маш олон шалтгаан бий. Жишээ нь үүний тусламжтай жин хасалтаа хянах, хоолны зуршлуудаа илрүүлэх, харшилдаг бүтээгдэхүүн ба донтдог хүнсээ олж тогтоох боломжтой байдаг. "Хоолны тэмдэглэл хөтлөх нь идэж буй хоол хүнсийг хянахад туслаад зогсохгүй маш олон асуултын хариуг өгөх болно. Тэмдэглэл хөтөлж эхэлсэн хүмүүс юу иддэг болохоо хараад үнэхээр их гайхдаг. Найзуудтайгаа уулзахдаа, стресст орохдоо, компьютерын ард, ажлаа амжуулан явахдаа маш их зүйл иддэгээ мөн илчлэг ихтэй зүйл уудаг болохоо огт анзаардаггүй. Хоолны тэмдэглэл хөтөлснөөр идэж буй зүйлсдээ төвлөрч чаддаг. Ингэснээр бид илүүдэл хүнс хэрэглэхгүй байж, жин хасахад туслах цэс бүрдүүлж, хөхүүл үед хүүхдэдээ харшилдаг бүтээгдэхүүнийг олж тогтоож мөн хоол боловсруулах системийн үйл ажиллагааг дэмжих боломжтой" гэж Ideal Day эрүүл хоолны төслийн санаачлагч ярьж байна.

"Хоолны тэмдэглэл нь ямар нэг шалтгааны улмаас өөрийн хоолны дэглэмээ хянаж чаддаггүй хүмүүст тохиромжтой. Хэт завгүй байх эсвэл зарим нэг сэтгэл зүйн асуудлууд гээд тухайн хүн ямар ч шалтгаантай байж болно. Заримдаа бидний ухамсар таагүй мэдээллийг арилгаж орхидог нь нууц биш юм. Тиймээс бид өөрийнхөө сэтгэл зүйг хамгаалахын тулд чанаргүй хоол идсэн гэдгээ "санамсаргүй" мартах тохиолдол ч гардаг. Харин энэ тохиолдолд хоолны тэмдэглэл нь тухайн хүний хооллолтын бодит дүр зургийг дүгнэх боломжийг эмчид олгодог. Гэхдээ тэмдэглэл хөтөлж буй хүнд энэхүү туршлага нь маш таагүй сэтгэгдэл төрүүлдэг бөгөөд сэтгэл зүйн хувьд ч хүнд байдаг" хэмээн эмч, хоол зүйч Наталия Герасимова ярилаа.

Зорилго

Хооллолтоо ажиглаж, идэж буй зүйлсийнхээ тоо, хэмжээ, чанар, давтамжийг хянаж эхлэхийн өмнө танд ингэх нь яг ямар шаардлагатай болохыг ойлгосон байх хэрэгтэй. Илүүдэл жингээ хасч, зөн совиндоо тулгуурлан, ухамсартайгаар хооллох мөн хоолны дараа төрж буй мэдрэмжийг "чагнах" гээд маш олон шалтгаануудыг нэрлэж болно. Тиймээс юуны түрүүнд эхлээд өөрийнхөө зорилгыг тодорхойлж тэмдэглэлдээ бичих хэрэгтэй. Мөн хамгийн чухал нь өөрөө, өөртөө үнэнч байгаарай.

Yazio, 5 A Day Tracker, Shape Up, FatSecret, MyFitnessPal, Lifesum зэрэг аппууд нь хоолны тэмдэглэл хөтлөхөд туслах болно.

 

Хоолны тэмдэглэл хөтлөх дүрэм

Тэмдэглэл хөтлөхдөө өглөөний цай, өдрийн хоол, оройн зоог, зууш гээд идэж буй бүх зүйлсээ дэлгэрэнгүй бичих шаардлагатай. Үүнээс гадна ус, ундаа, сүмс, зөгийн бал, жимсний чанамал, давс, элсэн чихэр (хоолны халбаганы хэмжээ), хоол бэлтгэхэд ашигласан тосны хэмжээ гээд бүгдийг нь тодорхой бичнэ. Түүнчлэн хоол идсэн цаг болон хоолны порцыг тэмдэглэнэ. Мөн тухайн хоолыг жишээ нь "махтай рагу" гэж нэрийг нь бичихийн оронд бүх орц, найрлагыг нь нэг нэгэнгүй бичих хэрэгтэй. Өөрөөр хэлбэл та тухайн өдрийн турш идэж, уусан бүх зүйлсээ тэмдэглэх ёстой юм. "Идсэн хоолоо шууд тэмдэглэж эсвэл дараа нь бичихийн тулд зургийг нь аваарай" хэмээн Aging Control эмнэлгийн эмч, зөвлөж байна.

"Диетолог эмчийн хувьд маш дэлгэрэнгүй, үнэн зөв хооллолтын мэдээлэл авах нь чухал. Тэр ч бүү хэл хоол идэх үед төрсөн мэдрэмж, сэтгэл санааны байдал чухал ач холбогдолтой" гэж Герасимова онцолж байна.

"Хоолны тэмдэглэгээний хажууд жин, илчлэг болон яагаад энэ зүйлийг идэх болсон шалтгаанаа бичээрэй. Учир нь та үнэхээр өлссөн учраас тухайн хоолыг идсэн үү, эсвэл зүгээр л уйдаад идсэн үү гэдгийг ойлгох нь маш чухал юм" гэж Ideal Day төслийн санаачлагч хэлж байна.

 

 

Тэмдэглэлийн дүгнэлт

Хоолны тэмдэглэлээс асуудлын эх үүсвэр шууд харагдана. Жишээ нь биеийн илүүдэл масстай хүнд өөрт нь ямар нэг илүү зүйл идэж байгаа мэт санагддаггүй боловч хоолны тэмдэглэлийг нь судлаад үзэхэд асуудал нь шууд л илэрхий болдог. Тухайлбал архаг өвчинтэй хүмүүс цусан дах глюкозын хэмжээг ихэсгэдэг, хоол боловсруулах системийг гэмтээдэг эсвэл бүр артерийн даралтыг өндөрсгөдөг гэх зэрэг тухайн эмгэгийг сэдрээх хор уршигтай бүтээгдэхүүн хэрэглэдэг нь харагдана.

Хоолны тэмдэглэлийн гол зорилго нь уураг, нүүрс ус, өөх тосны тэнцвэрийг олоход оршино. Тэдгээрийн тэнцвэртэй байдал нь эрүүл мэнд ба бие организмын тогтвортой үйл ажиллагааг хангадаг. "Бидний зорилгоос үл харгалзан уураг, өөх тос, нүүрс ус хоолны дэглэмд заавал байх ёстой. Авсан, шатаасан илчлэгээ тооцоолохоос гадна уураг, өөх тос, нүүрс усны харьцааг хянаж байх нь чухал. Бие организмын эрүүл үйл ажиллагааг хангахын тулд уургаас 20-40% калори, өөх тосноос 25-35% калори, нүүрс уснаас 30-50% калори авах шаардлагатай гэж эрдэмтэд тооцоолсон байдаг. Харин өөх шатаах замаар, аюулгүй жин хасахын тулд 40-50% уураг, 25-35% өөх тос, 15-25% нүүрс ус гэсэн харьцаатай байх ёстой гэж Enhel Group компанийн ерөнхийлөгч хуваалцлаа. Гэхдээ энэхүү тоо нь дундаж үзүүлэлтүүд гэдгийг мартаж болохгүй бөгөөд бүх зүйл хувь хүний онцлогоос хамаарна. Тиймээс юуны түрүүнд эхлээд эмчээс зөвлөгөө авах шаардлагатай юм.

 

Хоолны тэмдэглэл хөтлөн жин хасах нь

Тэмдэглэлийн тусламжтай хоолны дэглэмийнхээ шим тэжээл, хооллох давтамж, тухайн хүнсний найрлага дах макро ба микро шим тэжээл зэргийг олж мэдэх боломжтой байдаг. Яг эдгээр мэдээллүүд нь тухайн хүн цаашид шийдвэр гаргахад үндэс суурь нь болж өгнө. "Хоол тэжээлээ хязгаарлахын зэрэгцээ зохистой хэмжээнд дасгал хөдөлгөөн хийснээр жин хасах үйл явц идэвхэждэг. Тиймээс хэрэв дан ганц идсэн хоолоо тэмдэглээд байвал сэтгэл санаа тань тавгүйтэх болно. Ер нь хоолны тэмдэглэл хөтлөх нь заримдаа тийм ч таатай санагдахгүй. Гэхдээ эмчийн заавраар шинжилгээ хийлгэж, танд зориулж тусгайлан боловсруулсан цэсээр хооллох нь илүү дээр байх болно. Мөн хоолны тэмдэглэл нь илүүдэл калори хаанаас гарч ирж байгааг илрүүлж, ямар хүнсний бүтээгдэхүүн дутагдаж байгаа болон ямар нь эрүүл мэндэд үүссэн асуудлын шалтгаан болж байгааг тодруулж өгөх юм" гэж Наталия Герасимова нэмж онцолж байна.

Эцэст нь хэлэхэд идсэн зүйлсээ тэмдэглэхээс гадна өөрийн биеийн жингээ давхар хянах хэрэгтэй. Ингэснээр ямар хүнсний бүтээгдэхүүн жин хасахад эсвэл нэмэхэд нөлөөлж байгааг харах боломжтой юм. Түүнчлэн жин хасах үгүйгээ тогтоохын тулд мэргэжилтэнд хандан биеийн жингийн индексээ (БЖИ) тодорхойлуулж мөн биеийн бүтцээ шинжлүүлэх шаардлагатай. Үүний дараа мэргэжилтэн танд өдөрт авах ёстой илчлэг, уураг, өөх тос ба нүүрс усыг тань тооцож өгөх болно.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх