Хайх

Цэсээ шинэчилье: Цагаан будааг орлох дөрвөн бүхэл үр

Цэсээ шинэчилье: Цагаан будааг орлох дөрвөн бүхэл үр

Овьёос, киноа, гурвалжин ба бор будаа

Text: Г.Тэмүүлэн


Зураг:

Шинэ он гарч, өдөр тутмын хоолны цэсээ шинэчлэх цаг иржээ. Цагаан будаа ба гурил, гурилан бүтээгдэхүүнүүдээс түр татгалзаж илүү эрүүл хоолны сонголтонд анхаарлаа хандуулахыг зөвлөж байна

Шинэ жилийн баярын ширээгээ амтат хөвсгөр бялуу, илчлэг ихтэй салат, тослог майонез зэргээр дүүргэж, хүссэн хэмжээгээрээ идсэн үү? Тэгвэл одоо бие организмаа "цэвэрлэж", илчлэг багатай, амин дэмээр баялаг, шим тэжээлтэй хүнс сонгож, эрүүл амьдралын хэв маягтаа эргэн ороорой. Үүнд тань дөрвөн төрлийн бүхэл үр туслах болно. Одооноос эхлээд өдөр бүр иддэг цагаан будаа, гурил зэргийг бүхэл үрээр солиод, жингээ барих, зүрх судасны үйл ажиллагаагаа дэмжих, цусан дахь сахарын хэмжээгээ тогтворжуулах эхний алхмаа хийгээрэй.

Эслэг ихтэй бүхэл үрийн хүнс өдөр тутам хэрэглэснээр таны ерөнхий эрүүл мэндийн байдал сайжирна гэдгийг Америкийн зүрхний нийгэмлэг (AHA) зөвлөсөн байдаг. Эслэг ихтэй, зөв нүүрс усны эх үүсвэр болж өгдөг, амин дэм, минералаар баялаг эдгээр бүхэл үр нь зүрх судасны үйл ажиллагааг дэмжиж, цусан дахь холестерин, сахарын хэмжээг бууруулж, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулах зэрэг олон давуу талтай. Өдөр тутмын хоол хүнсэндээ доорх бүтээгдэхүүнүүдийг хэрэглэснээр эрүүл мэндийн байдлаа сайжруулах боломжтой. Мөн эдгээр бүхэл үрүүд нь цавуулаг багатай тул тусгай дэглэм барьдаг ба цагаан хоолтнуудад ч тохиромжтой.

Киноа

Цэсээ шинэчилье: Цагаан будааг орлох дөрвөн бүхэл үр (фото 1)

Бусад үрийн хүнсийг бодвол киноа нь хамгийн их хэмжээгээр уураг ба эслэг агуулдаг. Мөн кальци, магни, Омега 3 тосны хүчлийн эх үүсвэр болж өгдөг юм. Маш тэжээллэг хэрнээ илчлэг багатай энэхүү супер хүнсийг төрөл бүрийн салат, өглөөний хоол, зууш мөн хоолны хачир болгон идэж болно.

Гурвалжин будаа

Цэсээ шинэчилье: Цагаан будааг орлох дөрвөн бүхэл үр (фото 2)

Гурвалжин будаа нь манган, магни, B витамин зэрэг амин дэм, минералуудаар баялаг. Дээрээс нь цусан дахь сахарын ба холестерины хэмжээг багасгаж, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг дэмждэг гээд олон давуу талтай. Гурвалжин будааг дэвтээж, чанаж, жигнэж, хачир болгох гээд олон янзаар хүнсэндээ хэрэглэж болно.

Бор будаа

Цэсээ шинэчилье: Цагаан будааг орлох дөрвөн бүхэл үр (фото 3)

Өдөр тутмын хоолондоо цагаан будааны оронд бор будааг сонговол таны эрүүл мэндэд илүү тустай байх болно. Яагаад гэвэл бор будаа нь цагаан будааг бодвол 75% илүү их шим тэжээлтэй. Тухайлбал B аминдэм, магни, фосфор ба антиоксидантаар баялаг юм. Өдөр тутам хэрэглэсэн тохиолдолд цусны даралтыг тэнцвэржүүлж, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг нэмэгдүүлдэг бөгөөд арьсыг тань гэрэлтсэн болгоно.

Овьёос

Цэсээ шинэчилье: Цагаан будааг орлох дөрвөн бүхэл үр (фото 4)

Аль ч хүнсний дэлгүүрээс олж болох овьёос нь зүрхийг хамгаалах антиоксидантаар баялаг гэдгээрээ онцлогтой. Манган, фосфор, магни, төмөр зэрэг олон төрлийн минерал агуулдаг бөгөөд тослог, эслэг ихтэй овьёос нь удаан хугацааны турш цатгалан мэдрэмж төрүүлдэг тул жингээ барьж буй хүмүүст хамгийн тохиромжтой. Овьёосыг төрөл бүрийн жимстэй өглөөний хоолондоо идвэл илүү амттай байх болно. Та овьёосны бэлэн өглөөний хоол сонгохын оронд чихэргүй, ямар нэг нэмэлт орцгүй цэвэр овьёосыг сонгоорой.

цааш үзэх