Хайх

Хамгийн хурдан, хөнгөн хооллолт буюу \"Mono meal\"-ийн ач тус

Хамгийн хурдан, хөнгөн хооллолт буюу "Mono meal"-ийн ач тус

Эрч хүчээ хэмнэ

Text: Б.Бадамханд


Та хаaяа цагаа хэмнэж, биеэ амраая гэвэл нэг төрлийн жимс, ногооноос бүрдсэн "Mono meal"-ыг туршиж үзээрэй. Урин дулааны цагт хэрэгжүүлж болох энэ санаа танд маш их эрч хүч өгөх болно

Олон зүйл дээр нэг зэрэг анхаарлаа төвлөрүүлж ажиллах нь тархинд хэт их ачаалал өгдөг. Үүнтэй адил, олон төрлийн хоолыг нэг зэрэг идэх нь гэдэсний үйл ажиллагаанд тийм ч сайнаар нөлөөлдөггүй юм байна. Жишээ нь, өглөө сэрээд бяслагтай омлет болон зайдас, масло, вареньтай талх хүлээж авсан хүний ходоод жүржийн шүүс, кофе зэрэг өөр зүйлсийг нэмж хүлээж авахаар чухамдаа юу болдгийг та мэдэх үү? Иймэрхүү байдлаар хооллосны дараа танд ядарсан мэт мэдрэмж төрдөггүй гэж үү?

Уураг, нүүрс ус, тос болон чихрийг шингээхэд өөр, өөр боловсруулах ферментууд (энзим гэж бас хэлдэг) шаардагддаг. Гэдсэнд хэтэрхий их үйл ажиллагаа явагдах тохиолдолд ялгарч буй хүчил нь ферментийн үр ашгийг болон хоолны шингэцийг бууруулж, идсэн хоол нь шингэхийн оронд исэх эсвэл задарч эхэлдэг.

Энэхүү үйл ажиллагаанд хүний бие маш их энерги зарцуулж, амархан ядрахад хүрдэг. Дээр нь урт хугацаанд боловсруулагдаагуй хоол нь гэдэс ходоодны өвчин үүсгэдэг юм байна.

Хамгийн хурдан, хөнгөн хооллолт буюу "Mono meal"-ийн ач тус (фото 1)

Тэгэхээр би танд энэ асуудлыг тойрч гарахад зориулж "Monomeal"-ыг санал болгоё. Энэ бол өглөө, өдөр юм уу оройны хоолоо зөвхөн нэг л хүнсний бүтээгдэхүүнээр бүрдүүлж идэх эрүүл хооллолтын нэгэн төрөл юм. Жишээлбэл өглөөний цайндаа зөвхөн гадил жимсний смүүтий уух эсвэл тарвас халбагдаж идэхийг "monomeal" гэж хэлж болно. Мэдээж энэ бидний хувьд тийм ч шинэ ойлголт биш. Хүн төрөлхтний эртний өвөг дээдэс хоол хайж явахдаа жимсний мод тааралдвал жимсийг нь түүж идчихээд цаддаг байжээ. Гэтэл бид маш хялбар байж болох хооллолтыг заримдаа хэтэрхий төвөгтэй болгож, амьдралаа хүндрүүлдэг билээ. Магадгүй танд энэ зуршил тун уйтгартай санагдах байх. Гэхдээ дээрх өглөөний цайны жишээг бодолцож үзвэл таны бодол нааштайгаар өөрчлөгдөж мэдэх юм.

Амьдрал угаас маш баян байхад яагаад бид хооллолтоо хялбарчилж, амьдралаа хөнгөвчлөн, цаг хэмнэж болохгүй гэж? Хааяа олон орц, найрлагатай хоол бэлдэж хийхийн оронд нэг л хүнсний бүтээгдэхүүн сонгож, зөвхөн түүнийгээ хоолондоо хэрэглэн, энгийн боловч өвөрмөц сайхан амтыг нь мэдэрч үзээрэй.

Хамгийн хурдан, хөнгөн хооллолт буюу "Mono meal"-ийн ач тус (фото 2)

Хүмүүс зун, зуслан дээрээ зөндөө  тарвас идэж, бүр цадталаа салж чаддаггүй шүү дээ. Та ч мөн адил тэгж байсан бол таны хувьд "monomeal" тийм ч шинэ ойлголт биш юм байна. Тарвасыг дангаар нь идсэний дараа таны бие зөвхөн энэ л хүнсний бүтээгдэхүүнийг боловсруулах даалгавар авч байгаа учраас түүн дээрээ 100% төвлөрч, ажлаа маш үр ашигтайгаар гүйцэтгэх болно. Өөрөөр хэлвэл, та ходоодоо хооллоод зогсохгүй бас амрааж байна гэсэн үг. Дээр дурдсан олон төрлийн бүтээгдэхүүнээс бүрдсэн өглөөний цайг бодвол иймэрхүү хоол идсэний дараа таны бие хоол боловсруулах гэж хамаг эрч хүчээ зарцуулахгуй тул та ядрахгүй. Харин ч бие тань хөнгөн оргиж, эрч хүчээр дүүрэх болно.

Хамгийн хурдан, хөнгөн хооллолт буюу "Mono meal"-ийн ач тус (фото 3)

Үнэхээр хаяа нэг цагаа хэмнэж, биеэ амраах зорилгоор ийм төрлийн хоол идвэл танд өөр олон үр ашиг гарах юм шүү. Цээж нь хорсож, хэхрүүлэх, эсвэл толгой юм уу ходоод нь өвдөмтгий хүмүүс байдаг. Хоолоо сайн боловсруулж чадахгүй байгаагаас болж ийм шинж тэмдэгүүд үүсдэг. Хэрэв танд ийм зүйл тохиолдож байсан бол өөрийнхөө бие дотор юу болж байгааг ойлгоход суралцаж, илүү хялбар хоол, хүнс сонгоод үзээрэй.

Миний зүгээс, нэг хүнсээр дагнасан хооллолтыг хэрэгжүүлэх хамгийн тохиромжтой цаг гэвэл өглөөний цайг нэрлэнэ. Яагаад гэвэл өглөө яарч байхад хэдэн жимс хэрчиж өөртөө болон гэрийнхэндээ бэлдэж өгөх нь маш их цаг хэмнэдэг. Үүнээс гадна жимсийг өглөө өлөн элгэн дээрээ идэхээр түүнд агуулагдах шим тэжээл нь хүний биед хамгийн үр ашигтайгаар шингэдэг юм билээ.

 

цааш үзэх