Хайх

Таны хандлагыг өөрчлөх магадлалтай махны тухай 5 домог

Таны хандлагыг өөрчлөх магадлалтай махны тухай 5 домог

Хэрэглэхгүй байхын ач тус

Text: Buro.Mongolia


Зураг:

Анхны цас Улаанбаатарт унахтай зэрэгцээд цагаан хоолтнуудыг мах хэрэглээгүйн улмаас даарч, хөрнө гэж ойр дотныхон нь санаа зовж эхэлдэг. Тэгвэл махнаас татгалзсан ч уургийн баялаг агууламжтай хүнс хэрэглэж болдог ажээ

Мах, махан бүтээгдэхүүнээс болж учирдаг хор хөнөөлийн тухай эрдэмтдийн хийж буй олон тооны судалгааны буянаар махыг орлож чадах олон зүйл байдаг нь тодорхой болсоор. Дээр нь дэлхийн цаг уур, байгаль орчинд мах үйлдвэрлэл нь ямар хор уршиг учруулдаг болох талаар ч улам бүр мэдээлэл ил болсоор. 

1.Мах бол уургийн цорын ганц эх сурвалж

Ургамлын гаралтай бүтээгдэхүүн уургаар баялаг байж болно гэж олон хүн бодохгүй байгаа ч маханд байгаа бүх ашигтай элементүүдийг орлож болох олон янзын бүтээгдэхүүн бий. Жишээлбэл, зармаг (lentils) гэх буурцагт ногооны зуун граммд есөн гр уураг бий. Мөн зармаг нь төмөр ихтэй бөгөөд махнаас ялгаатай нь тэр бидний организмд илүү өөх тос, илчлэг өгдөггүй. 

Андын нурууны шар будаа гэгдэх киноа будаа гэхэд амьтны гаралтай уургийг орлох сайн хоол бөгөөд 200 гр нь 11 гр уурагтай. Мөн энэхүү ургамал нь сэмэлдэг, кальцийг сайн шингээх амин хүчил болох лизина, төмөр, магни, марганц ихтэй. Тиймээс ч жирэмсэн эмэгтэйчүүд, хүүхэд, биеийн хүчний ажил эрхлэгч нарт тун хэрэгтэй бүтээгдэхүүн болж байна.

Бидний сайн мэдэх брокколи цэцэгт байцааны 50 граммд нь гурав орчим гр уураг бий. Дээр нь түүнд кали, фолийн хүчил, хүний биед нэг өдөрт шаардлагатай А амин дэмийн 19% болон бүх С амин дэм байгаа. Броколли нь маш илчлэг багатай бөгөөд 100 гр-ын илчлэг нь дөнгөж 40 ккал юм.

2. Худалдааны мах бол зөвхөн "мах" 

Худалдааны маханд ургамлын гаралтай хүнснээс ойролцоогоор 14 дахин их пестицит, консервант байдгийг та мэдэх үү? Гэхдээ энд барууны дэлгүүрүүдийн махны тухай яригдаж байгаа л даа. Махны ер бусын гэмээр улаан өнгө нь гулуузыг аль болох удаан хадгалах үүднээс нитратаар боловсруулсан байдгийг илтгэж байгаа юм. 

FDA (Food and Drug Administration - АНУ-д үйлдвэрлэх хүнсний бүтээгдэхүүн болон эм, тарианы хяналтын алба) байгууллагын мэдээгээр, АНУ-д үйлдвэрлэж байгаа антибиотикуудын тал хувийг мал үржүүлэхэд зориулдаг байна. Тэдний 90 хувийг фермд халдварт өвчин гаргахгүй гэж, үлдсэн 10 хувийг нь гормоны хамт малын тэжээлд хэрэглэдэг ажээ.
Эдгээр бүх бодисууд маханд байгаа ч гэсэн үйлдвэрлэгч нар нь тэр бүгдийг шошгондоо заах албагүйг хуулинд зааж өгсөн байдаг.

3. Мах эрүүл мэндэд хоргүй 

Мах хорт хавдар, зүрхний өвчин, бөөрний чулуу зэргийг үүсгэдэг гэдгийг баталсан судалгаанууд байдаг. PCRM (Physicians Committee for Responsible Medicine - цагаан хоолны сурталчилгаа явуулдаг Вашингтон дахь арилжааны бус байгууллага) мэдээлэхдээ, цагаан хоолтнууд 15-20 хувиар хорт хавдраар өвчлөх магадлал багатай гэнэ. Учир нь хүний бүдүүн, нарийн гэдэс махчин амьтдаас зургаа дахин урт байдгаас болдог гэнэ. Тиймээс бие организмаас хорт бодисыг бүрэн гаргаж чадахгүй, элдэв өвчин үүсэх суурь нөхцөл болдог ажээ. 

Судлаач Дин Орниш (Dean Michael Ornish - зүрхний эмч, Калифорнийн Preventive Medicine Research Institute хүрээлэнг үүсгэн байгуулагч бөгөөд "Их идэцгээ, турцгаа" гэсэн дэлхийн бестселлер номын зохиолч) хэлснээр, цагаан хоолны дэглэм нь бие организмаас "хортой" холестеринийг гаргахад тус дэмтэй бөгөөд тэр нь эргээд цус харвалтад хүргэх, судас нарийсах өвчнөөс сэргийлдэг ажээ. Мөн махан дахь уураг нь шээсний хүчил, кальцийн агуулгыг нэмэгдүүлнэ. Ингэснээр давсаг, бөөр чулуужих өвчин үүсгэхэд хувь нэмэр оруулдаг гэнэ.

4. Махгүй байх нь ядаргаа, уур уцаар төрүүлдэг

Харин ч эсрэгээр. Ургамлын гаралтай хүнс нь хоол боловсруулалтыг организмд ачаалалгүйгээр сайжруулах ферментээр баялаг байдаг. Тиймээс ч цагаан хоолтнуудын ихэнх нь махнаас татгалзсаны дараа өглөөд сэрэх нь амар болсон гэдэг. Залхуурал, нозоорох явдал арилж, өдрийн турш илүү их эрч хүчтэй байдаг гэж тэд ярьсан байв.

Мюррей Роуз гэдэг австралийн усанд сэлэлтийн алдартай тамирчин бүх насаараа цагаан хоол хэрэглэсэн бөгөөд үүндээ огт харамсдаггүй. Карл Льюис цагаан хоолтон болсон хойноо 1991 онд дэлхийн дээд амжилт тогтоож байлаа. Түүнтэй адилхан олон нэртэй тамирчид цагаан хоолтон болсон ч спортын амжилтаа бататгаж ирсэн юм.

5. Мал нядалгааны газрууд нь амьтан, экологид ямар ч хор хөнөөлгүй. 

Үнэн хэрэгтээ бол мах "бэлтгэл" нь хүрээлэн буй орчинд хэрэгтэй, амьтдад хүмүүнлэг хандсан хэрэг огт биш. Хэрэв мах бэлтгэлийг олон хүн харсан бол мах идэхээс татгалзах л байсан байх. "Дэлхийн хүмүүс" (Earthlings) гэсэн киног үзсэн бол мал нядалгааны газрууд гэж юу байдаг тухай жинхэнэ ойлголт авна. Фермерийн аж ахуйнуудад амьтад өөрийн богинохон амьдралаа хэрхэн өнгөрөөж буйг харж болно. Тухайлбал, нэг тахианд А4 цаасны хэмжээтэй талбай ноогдсон гээд бод доо. Амьтдыг нядалж байхдаа тэднийг ямар их тамлан зовоодог билээ. Хонь гаргахдаа хоолойг нь огтлодог мусульман нядалгааг төсөөлдөө. Бас үхрийг цохиж, муужруулсны дараа цусыг нь юүлнэ. Тахиануудыг хөршөө бүү тоншиг гээд хушууг нь тайрч авдаг. Шувууны аж ахуйнуудад тахиаг хэт тэжээн таргалуулснаас тэдний сарвуу нь биеэ даалгүй хугарч гэмтсэн байдаг. Нийт тахиануудын 90 хувь нь ийм гэмтэлтэй. 

Өнөөдөр мал нядалгааны газрууд хөрс, усны томоохон бохирдуулагч болдог. Махны нэг грамм уураг бэлтгэхэд 117 жоуль хэрэгтэй. Гэтэл буурцагийн нэг грамм уурагт найм орчим жоулийн эрчим хүч хэрэгтэй. Дэлхийн улс орнууд малын бэлчээрт зориулан асар их хэмжээний мод огтолж байгаа нь агаар мандал дахь хүлэмжийн хийн хаягдлыг нэмэгдүүлж байна. Дашрамд дурьдахад АНУ-д тариан талбайнхаа 70 хувийг малаа тэжээхэд зориулдаг. Гэтэл дэлхийд хичнээн хүн өлсөж цангаж байна вэ?

Эцэст нь хэлэхэд бид жирэмсэн, хөхүүл эхчүүд, бага насны хүүхэд, цус багадалтай хүмүүсийг заавал махнаас татгалз гэж уриалаагүй болно. Хэрэв та хоолны өөр дэглэмд шилжих талаар бодож байвал эмчтэй зөвлөх хэрэгтэй шүү.

 

цааш үзэх