Хайх

Эрүүл хооллолт: Хүнсэндээ хэрэглэж занших 5 төрлийн хүнс

Эрүүл хооллолт: Хүнсэндээ хэрэглэж занших 5 төрлийн хүнс

Text: Buro.Mongolia


Зураг:

Эрүүл хооллох нь заримдаа биелэгдэшгүй даалгавар мэт санагддаг ч амин дэмээр баялаг, олдоц элбэг доорх хүнснүүдийг өдөр тутамдаа хэрэглэж заншсанаар эрүүл, зөв хооллолт таны бодсоноос хялбар байх болно.

1. Ногоон шүүс

Амин дэм, антиоксидант, эслэгээр баялаг ногоон шүүс нь цус төлжүүлж, дархлаа дэмжин бие дахь ашиггүй бактерийг гадагшлуулдаг олон давуу талтай. Ногоон шүүсийг хоол идэхээс 30 минутын өмнө, хоол идсэнээс 2 цагийн дараа уух нь хамгийн тохиромжтой. Ногоон шүүсийг бэлтгэхдээ 80/20-ийн зарчмыг баримтлан хүнсний ногоог орцондоо түлхүү оруулж, бага зэрэг чихэрлэг амт оруулах зорилгоор жимс жимсгэнийг нэмээрэй.

2. Вандуйн үрслэг

Солонгос үндэсний хоолонд хачраар ашигладаг вандуйн үрслэг нь шим тэжээлээр баялаг супер хүнсний тоонд ордог. Вандуйн үрслэг хараанд сайн фолийн хүчил, ясны сийрэгжилтээс хамгаалах манган зэрэг тэжээлээр баялаг бөгөөд судалгаагаар стрессээс хамааралтай уур бухимдлыг багасгадаг болох нь батлагджээ. Вандуйн үрслэгийг хүнсэндээ хэрэглэхдээ ашигт байдлыг дэмжих буурцаг, ногоон ургамлын хамтаар хэрэглээрэй.

3. Далайн байцаа

Хүний гэдсэнд 300-500 төрлийн ашигтай, ашиггүй нян "амьдардаг" бөгөөд эдгээр нянгуудын тэнцвэрт байдал алдагдвал эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, таргалалт үүсэх шалтгаан болдог. Тэгвэл далайн байцаанд агуулагддаг эрдэс, эслэгүүд нь гэдэс, хоол боловсруулах системийн үйл ажиллагааг дэмжин, ашигт бактерийг ихэсгэдэг байна.

4. Бүх төрлийн үр

Эрүүл хооллолт: Хүнсэндээ хэрэглэж занших 5 төрлийн хүнс (фото 1)

Омега-3, кальци, зэс болон фосфор, витамин В9 зэрэг амин дэмээр баялаг маалинга, чиа үр нь уургийн агууламж ихтэй учир дэглэм барьж буй үед хэрэглэхэд хамгийн тохиромжтой хүнсний нэг юм. Чиа үрийг смүүти, жимсний шүүсэндээ хийж ууснаар цусан дахь сахарын хэмжээг хэвийн хэмжээнд байлгах боломжтой.

5. Ногоон навчит ургамал

Чикагогийн Rush их сургуулиас явуулсан судалгаанд ногоон навчит ургамлыг хүнсэндээ түлхүү хэрэглэдэг хүмүүс, огт хэрэглэдэггүй хүмүүсээс сэтгэн бодох чадварын хувьд илүү байсан нь тогтоогджээ. Учир нь ногоон навчит ургамалд тархинд хэрэгцээтэй К амин дэм ихээр агуулагддаг байна. Түүнчлэн магни, кальци, В амин дэмээр баялаг ногоон ургамал нь цусны төлжилтөд сайн нөлөөтэй.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх