Хайх

Амралтын өдрийн төлөвлөгөө: Соёл урлаг, экстрим аялал, бизнес чуулган

Амралтын өдрийн төлөвлөгөө: Соёл урлаг, экстрим аялал, бизнес чуулган

Сонголтоо хийгээрэй

Text: Buro.Mongolia


Таны амралтын төлөвлөгөөнд бид энэ удаа сюрреалист Дали болон кубист Пикассогийн уран бүтээлийн эх хувилбарыг үзэх, мөсөн голд аялах, бизнес чуулганд оролцох, театрын жүжиг эсвэл жазз тоглолт үзэх гэх сонголтуудыг санал болгож байна

Театрт зочлох хамгийн том шалтгаан 

Монголын театрын шилдэг уран бүтээлчдийг шалгаруулдаг "Гэгээн Муза-2016" олон улсын театрын наадам энэ ням гарагт эхлэх гэж байна. Тиймээс тус наадамд нэр дэвшсэн бүтээлүүд энэ амралтын өдрүүдэд Улаанбаатар хотын зарим театруудад тоглогдоно. Харин улаан хивсний ёслолын ажиллагаа болон шагнал гардуулах ёслол тавдугаар сарын 7-ны өдөр болно.

Хэзээ, хаана:  дөрөвдүгээр сарын 30-наас тавдугаар сарын 6-ны хооронд, УДЭТ, "Black box" театр, Улсын хүүхэлдэй театрын тайзнаа.

 

Мөсөн голын аялал

Амралтын өдрийн төлөвлөгөө: Соёл урлаг, экстрим аялал, бизнес чуулган (фото 1)

Жилийн тодорхой маш бага хугацаанд буюу хавар дөрөвдүгээр сарын сүүлээр гол мөрөн гэсэх үеэр мөсөн гол үүсдэг билээ. Тэгвэл үүнийг тохиолдуулан мөсөн голоор гурван төрлийн мэргэжлийн завьтай аялах боломж гарч ирлээ. Энэхүү аялалд оролцох хүн бүр сэлүүрдэх юм байна. Аялал Туул голын эх болон Хаг Туулын бэлчир гэх үзэсгэлэнт газруудын орчимд болно. Уг аялал нь Монголд анх удаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд жинхэнэ адал явдалт ертөнцийн амтыг мэдэрхийг хүссэн хүмүүст зориулагджээ. Аялалд гарахдаа биед эвтэйхэн, дулаахан хувцаслаж, гэрэл зургийн аппаратаа авч яваарай. 

Хэзээ, хаана: 2016 оны дөрөвдүгээр сарын 30-нд, 09:00-17:00 цагийн хооронд, Чингис зочид буудлын өмнөөс хөдлөнө.

 

Start up weekend Mongolia Inspire

Амралтын өдрийн төлөвлөгөө: Соёл урлаг, экстрим аялал, бизнес чуулган (фото 2)

Гарааны бизнес эрхлэх гэж буй залуучууд анхаарлаа хандуулаарай. Олон улсын Startup weekend Mongolia Inspire олон улсын арга хэмжээ өнөөдрөөс эхлэн тавдугаар сарын 1 хүртэл зохион байгуулагдах гэж байна. Уг арга хэмжээнд чадварлаг мэргэжилтнүүд, хөгжүүлэгчид, уран бүтээлчид, эдийн засагчид, маркетерууд, дизайнерууд нэг дор цугларч туршлагаасаа хуваалцана. Тиймээс танд ямар нэг бизнесийн шинэ санаа, хөрөнгө оруулагч хэрэгтэй байгаа бол Startup weekend-ийг зориорой.

Хэзээ, хаана: дөрөвдүгээр сарын 29-ний 14:00 цагаас тавдугаар сарын 1-ний 17:00 цаг хүртэл, МУИС-ын Бизнесийн сургууль.

Гёте хөгжмийн танхимын Жазз концерт

Амралтын өдрийн төлөвлөгөө: Соёл урлаг, экстрим аялал, бизнес чуулган (фото 3)

Юнескогийн Олон улсын жазз хөгжмийн өдрийг тохиолдуулан Гёте хөгжмийн танхимын жазз концерт тоглогдох гэж байна. Тоглолтыг Гёте хөгжмийн танхим болон Хөгжим бүжгийн коллеж хамтран зохион байгуулж байгаа бөгөөд сонирхсон хүмүүс үнэ төлбөргүй үзэх боломжтой.

Хэзээ, хаана: 2016 оны 4-р сарын 30, 19:00 цагт, Хөгжим бүжгийн коллежийн концертын их танхимд

Сальвадор Дали ба Пабло Пикассо нарын үзэсгэлэн

Амралтын өдрийн төлөвлөгөө: Соёл урлаг, экстрим аялал, бизнес чуулган (фото 4)

Дэлхийн алдарт уран бүтээлчдийн бүтээлүүдийг эх орондоо үзэх гайхалтай боломж энэ долоо хоногт тохиолоо. Монголд анх удаа алдарт сюрреалист Сальвадор Дали болон кубист Пабло Пикассо нарын үзэсгэлэн өнөөдөр нээлтээ хийсэн байгаа. Сальвадор Далигийн уран бүтээлийн цуглуулгаараа эхний дөрөвт ордог Оросын цуглуулагч Александр Шадрины сүүлийн хорин жилд цуглуулсан хувийн цуглуулгаас энэхүү үзэсгэлэн бүрдсэн юм. Үзэсгэлэнд нийт 200 орчим бүтээлүүд дэлгэгдсэн ба Сальвадор Далигийн уран баримлууд, Пабло Пикассогийн керамик бүтээлүүд хамгийн онцгой нь байлаа. 

Хэзээ, хаана: 2016 оны дөрөвдүгээр сарын 30-аас тавдугаар сарын 29 хүртэл, Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд.

 

 

цааш үзэх