Хайх

Бүтэлгүйтлийн музей: Швед улсад амжилтгүй бүтээгдэхүүний үзэсгэлэн нээгдлээ

Бүтэлгүйтлийн музей: Швед улсад амжилтгүй бүтээгдэхүүний үзэсгэлэн нээгдлээ

Алдаанаасаа суралцацгаая

Text: Buro.Mongolia


Зураг:

Клиникийн сэтгэлзүйч Сэмюэл Уэст Шведийн Хельсинборг хотод нэгэн сонирхолтой музей нээлээ. "Museum of Failures" буюу "Бүтэлгүйтлийн музей" нь нийт 450 м2 талбай эзэлдэг бөгөөд нийт 51 ширхэг үзмэр дэлгэжээ. Музейд тавигдсан үзмэрүүд анх худалдаанд гарах үедээ салбартаа шинэчлэлт хийх ёстой байсан ч ямар нэг шалтгааны улмаас амжилт олоогүй бүтээгдэхүүнүүд юм. Жишээ нь уг музейд Google Glass, Nokia N-Gage, Apple Newton гэх зэрэг төхөөрөмжүүд дэлгэгдсэн байгаа. Энд технологийн эд зүйлсээс гадна, Дональд Трампад зориулсан ширээний тоглоом, зөвхөн 48 цагийн дотор л үзэх боломжтой DVD (үүнээс хойш ажиллахгүй), нохойн сэтгэлзүйн байдлыг хүний хоолойд шилжүүлдэг "орчуулагч" гэх мэт сонирхолтой бүтээлүүдийг сонирхох боломжтой.

Энэхүү өвөрмөц музейг нээхдээ Уэст бүтэлгүйтэл бол хэвийн зүйл бөгөөд үүнийг үл ойшоохын оронд алдаанаасаа суралцах хэрэгтэй гэх санааг хүмүүст хүргэхийг хүсчээ. Мөн тэрээр "Бид хүүхэд насандаа ямар нэг зүйлийг эвдсэн тохиолдолд 'Сайн байна, чи алдаанаасаа суралцаж байна' гэх сайшаалын үгсийг тун ховор сонсдог. Хүмүүс дотоод ухамсартаа бүтэлгүйтлийг сөрөг зүйл гэж хүлээн авдаг ба үл ойшоож асуудлыг шийдэхийг хүсдэг. Дэлхийн томоохон компаниуд ч яг ингэж авирладаг. Тэд алдаан дээрээ суралцахын оронд шинэ төсөл эхлүүлдэг" гэж ярьсан юм. Сэмюэл Уэст удаан хугацааны турш амжилт ба бүтэлгүйтлийн концепцийг сэтгэл судлалын хүрээнд судалж ирсэн бөгөөд энэхүү музей нь түүний санааг хүмүүст хүргэх гайхалтай арга болж байгаа гэнэ.

цааш үзэх