Хайх

Эрдэмтэд мөхлийн ирмэгт байгаа цагаан хирсийг аварна

Эрдэмтэд мөхлийн ирмэгт байгаа цагаан хирсийг аварна

“Бидний хайхрамжгүй байдлаас болж цагаан хирс нүдний өмнө устаж үгүй болохыг харахыг хүсэхгүй байна”

Text: Бюро 24/7


Зураг:

Өнгөрсөн гуравдугаар сард Кени улсад Судан гэх нэртэй дэлхийн сүүлчийн цагаан эр хирс нас барснаар энэ төрөл зүйл мөхлийн ирмэгт ирсэн юм. Умард зүгийн цагаан хирс болох Судан нь 45 настай байсан бөгөөд Ол Пежета гэх байгаль хамгаалах хүрээлэнд амьдарч байсан билээ. Хирс маш олон халдварт өвчинтэй тэмцэж байсан ба бараг алхаж чадахгүй болтлоо өвчиндөө тарчилж байжээ. Тиймээс түүнийг дахиж зовоохгүйн тулд хүрээлэнгийн ажилтнууд Суданы өвчин шаналлыг нь дуусгавар болгож бүр мөсөн нойрсуулах шийдвэрийг гаргажээ.

Түүнд үхлийн тариа тарихын өмнө эрдэмтэд зохиомол хээлтүүлгийн аргаар устан үгүй болж буй цагаан хирсний төрөл зүйлийг аврах зорилгоор Суданы генетикийн материалыг авч үлдсэн байна. Тэгвэл үүнээс хэдэн сарын дараа Берлиний зэрлэг байгаль судлалын институт ба Кремон (Итали) дахь Avantea нөхөн үржлийн технологийн лабораторийн эрдэмтэд цагаан хирсний эмбрионийг гаргаж авч чаджээ.

Эрдэмтдийн хэлснээр тэдний дараагийн алхам нь бэлэн болсон үр хөврөлийг тээгч эхэд шилжүүлэн суулгах гэнэ. Судан сүүлчийн цагаан эр хирс байсан ч түүнээс гадна Нажин ба Фату гэх хоёр эм цагаан хирс үлдсэн юм. Харамсалтай нь Нажин ба Фату нар хөгшин бөгөөд үржлийн чадваргүй байсан нь судалгаагаар тогтоогджээ. Тиймээс эрдэмтэд өмнөд зүгийн цагаан эм хирсний өндгөн эсийг ашиглах төлөвлөгөөтэй байгаа аж. Мөн өмнө нь зохиомол хээлтүүлгийн туршилтанд өмнө зүгийн цагаан эм хирсний өндгөн эсийг ашиглаж байсан туршлагатай юм. 

Судалгааны багийн ахлагч доктор Томас Хилдебрандт "Ирэх гурван жилийн хугацаанд Умард зүгийн цагаан хирсний тугалыг төрүүлэх нь бидний гол зорилго болоод байна. Бид ашиглаж буй технологидоо маш их итгэлтэй байгаа" хэмээн онцолжээ.

Энэ судалгааны талаар эрдэмтэд "Хэрэв бидэнд тэднийг аврах боломж байгаа бол яагаад үүнийг туршиж үзэж болохгүй гэж? Бидний хайхрамжгүй байдлаас болж цагаан хирс нүдний өмнө устаж үгүй болохыг харахыг хүсэхгүй байна" хэмээн хэлсэн байна.

Мөн цагаан хирсний төрөл зүйлийг мөхлөөс аврах бас нэгэн арга зам нь клонын аргаар хувилах шийдэл болоод байна. Тодруулбал Сан-Диегогийн амьтны хүрээлэнгийн эрдэмтэд тэдэнд цагаан хирсийг хувилахад хангалттай генетикийн материал байгаа хэмээн мэдэгджээ.