Хайх

Instagram-ын \"гоё\" зургууд яагаад бидний сэтгэлийг татахаа больж байна вэ?

Instagram-ын "гоё" зургууд яагаад бидний сэтгэлийг татахаа больж байна вэ?

Шинэ үеийнхэн Instagram-ыг өөрчилж байна

Text: Buro.Mongolia


Өнөөдөр Instagram олон нийтийн сүлжээний хэрэглэгчдийн тоо 1 тэрбумд хүрчээ. Тус тавцанд нийтэлсэн зургууд ч тодорхой стандарттай болсон гэхэд хилсдэхгүй. Жишээ нь тод өнгөтэй хананууд, авокадотай шарсан талх, далайн эрэг, цэгцтэй өрж тавьсан латте, "millennial pink" гэх зөөлөн ягаан өнгөнүүд хаа сайгүй харагдана. Ийм төрлийн асар олон зургууд зөвхөн Instagram-д л нийтлэгддэг тул тус олон нийтийн сүлжээг ашигладаггүй хүмүүст ийм уур амьсгалтай дүр зураг Instagram-ыг санагдуулдаг болжээ. Мөн ийм "бэлэн загвартай" зургуудыг ихэвчлэн инфлюэнсерүүд ашигладаг.

Гэхдээ аажмаар ийм төрлийн гоо зүйтэй зургууд хуучирч, хүмүүсийн сэтгэлийг татахаа больж байна. Өөрөөр хэлбэл шинэ мянганы инфлюэнсерүүд төгс чанартай зураг дарж, авсан зургаа хүссэн үр дүндээ хүртэл засаж янзалдаг бол илүү залуу үеийнхэн тархиа гашилгахгүй ямар нэгэн фильтр, эффект ашиглахгүй шууд зургаа нийтэлдэг болсон гэдгийг The Atlantic мэдээллэжээ.

"Инфлюэнсерүүд брэндийнх нь гоо зүйтэй нийцэхгүй гэж үзсэн зүйлийг нийтэлдэггүй байсан. Эсвэл тодорхой гэрэлтүүлэгтэй, хуудасных нь ерөнхий дүр төрхийг зөрчөөгүй зургуудыг л байршуулдаг байв. Харин одоо шинэ үеийнхэнд энэ бүх зүйл ач холбогдолгүй болжээ. Одоо ягаан хана, авокадотой шарсан талх хүмүүсийн сонирхлыг татахаа больсон" хэмээн инфлюэнсерүүдтэй хамтран ажилладаг Estate Five агентлагийн үүсгэн байгуулагч Линси Итон ярилаа.

Үүгээр ч барахгүй олон хүмүүс хуучны хальсан камераар авсан мэт эффект оруулж зургийнхаа чанарыг албаар муутгаж байна. Жишээ нь @double3xposure нэртэй Instagram хуудсаараа алдартай Риз Блатстейн хуудасны ерөнхий стиль гэх мэт зүйлсэд анхаарал хандуулдаггүй бөгөөд тухайн зураг түүнд таалагдсан л бол зүгээр л нийтэлдэг гэж хэлжээ.

"Миний үеийн хүмүүс хуурамч дүр эсгэлгүй байгаагаараа л байхыг хүсдэг. Бид жинхэнэ хүмүүс бодит амьдрал дээр догь зүйлс хийж болдог гэдгийг харуулахыг хичээж байна" хэмээн 22 настай бүсгүй хуваалцсан байна.

Түүнчлэн энэ нөхцөл байдалд Instagram-ын Stories, IGTV, видео бичлэгүүд чухал үүргийг гүйцэтгэж байгаа юм. Өмнө нь Instagram зөвхөн фильтртэй зураг нийтэлдэг тавцан л байсан бол одоо илүү бодит амьдрал харуулсан видео, Stories хэрэглэгчдийн дунд түгээмэл болсноор хувьсан өөрчлөгдөж байгаа гэдгийг эх сурвалж онцолж байна. 

"Танд одоо хананы өнгө, фильтр, арын фонд харагдаж байгаа хүмүүсийн талаар бодож, санаа зовох шаардлагагүй болсон" гэж Ruby Media Group зөвлөгөөний компанийн ерөнхийлөгч Кристен Руби дурджээ. 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх