Хайх

Хувийн харилцаагаа хэрхэн \"Мари Кондодох\" вэ?

Хувийн харилцаагаа хэрхэн "Мари Кондодох" вэ?

Хэрэв та гэрээ цэгцэлж дууссан бол одоо хувийн харилцаандаа анхаарал хандуулах цаг ирлээ

Text: Buro.Mongolia


Зураг:

Эмх цэгцтэй амьдралын хэв маягийг дэлгэрүүлсэн Мари Кондогийн "Tidying Up With Marie Kondo" шоуг үзсэн хүмүүс сүүлийн үед "Мари Кондодох" гэх шинэ үг зохиож, гэрээ цэгцлэх хөдөлгөөн өрнүүлж байгаа гэж хэлж болно. Хүмүүс түүний "Хэрэв танд тухайн эд зүйлс ямар нэг баяр баясгалан, эерэг мэдрэмж төрүүлэхгүй л байвал шууд хая!" гэх алдарт уриаг амандаа давтаж, урам зоригтойгоор эд хогшлоо гарган хаясаар байгаа билээ. Харин одоо та гэр орноо эмхэлж дууссан бол магадгүй амьдралынхаа бусад хэсгийг ч гэсэн цэгцлэх цаг нь ирсэн байж болох юм. Энэ талаар сэтгэл судлаач Мириам Кирмайер The Fast Company-д хуваалцсан байна. Тэрээр "Хувийн харилцаа бидний амьдралд үнэ цэнэ, утга учир нэмэх ёстой. Таныг хүрээлж буй хүмүүс болон тэдний харилцаа бие болоод сэтгэл санааны эрүүл мэнд, бүтээмж, ажлын амжилт ба аз жаргалыг тань төлөвшүүлдэг" хэмээн хэлжээ. Ингээд хувийн харилцаагаа эмх цэгцтэй болгохын тулд яг юу хийх ёстойг харцгаая.

Аливаа харилцаа үргэлж баяр баясгалантай мэдрэмж өгдөггүйг сана

Мэдээж хэрэг танд эерэг мэдрэмж төрүүлэхгүй байна гээд хувийн харилцаагаа эд хогшил мэт хаяж болохгүй. Учир нь харилцаа ямар байх нь тухайн өдрийн хүмүүсийн сэтгэл санааны байдал, нөхцөл байдлаас шалтгаална. Тиймээс түр зуурын сэтгэл хөдлөлдөө автан зөвхөн нэг таагүй мөч эсвэл нөхцөл байдлаас дүгнэлт хийж, хүмүүсийг амьдралаасаа холдуулах нь маш том алдаа болж болзошгүй. Жишээ нь та найзтайгаа үргэлж хөгжилтэй, баяр баясгалантай байдаггүй ч хүнд хэцүү үе тулгарах үед найз тань тантай хамт байж, дэмжиж байвал энэ харилцаа үнэ цэнэтэй гэсэн үг юм.

Хил хязгаар тогтоож сур

Үнэхээр "хортой" харилцаа биш л бол эсвэл маш ноцтой нөхцөл байдал үүсээгүй тохиолдолд бид хэн нэгнийг амьдралаасаа арчин хаях нь ховор үзэгдэл болдог. Ер нь хүмүүсийн хоорондын харилцаанд "сайн" эсвэл "муу", "хар" ба "цагаан" гэсэн эрс тэрс зүйл байхгүй. Тиймээс хэн нэгэнтэй харилцаагаа бүр мөсөн таслалгүй, хил хязгаар тогтоох нь зүйтэй. Жишээ нь хэрэв та болон таны дотны хүмүүсийн (гэр бүл, хос, найз нөхөд) хооронд зөрчил үүсгэдэг сэдэв гэж байдаг бол энэ талаар ярилцахаас зайлсхийхийг хүсэж буйгаа хатуу ойлгуулах хэрэгтэй. Хамгийн гол нь та өөрөө яг юу хүсэж байгаагаа мэдэх нь чухал юм. Хэрэв танд тухайн хайр дурлал эсвэл найз нөхдийн харилцаандаа "гацсан" мэт мэдрэмж төрж байвал бусдын сэтгэлийг эмзэглүүлнэ гэж айхаасаа илүү өөрийн мэдрэмж ба хүслээ эн тэргүүнд тавих нь зүйтэй юм.

Талархлаа илэрхийл

Мари Кондогийн зөвлөгөөнүүд дундаас хувийн харилцаанд хэрэгжүүлэх боломжтой зүйлсийн нэг нь талархлаа илэрхийлэх гэдгийг Кирмайер онцолж байна (Шоуны үеэр Мари Кондо хаях гэж буй амьгүй эд зүйлсэд хэрхэн талархал илэрхийлэхийг харуулдаг). Тухайлбал өөрийн амьдралд байгаа хүмүүст талархлаа илэрхийлснээр бид илүү дотно, үнэ цэнэтэй, харилцааг үүсгэж, аз жаргалыг мэдэрдэг аж. Тийм ч учраас таны эргэн тойронд болж буй жижиг зүйлсэд анхаарлаа хандуулахыг хичээгээрэй. Үүнээс гадна талархлаа илэрхийлэх нь хэн нэгнээс харилцаагаа таслахад ч тус дэм болдог байна. Жишээлбэл "Хэдийгээр бидний хоорондын харилцаа бүтээгүй ч хамтдаа бүтээсэн сайхан дурсамжууддаа үргэлж талархаж явах болно" гэж дотроо бодон эерэг талаас нь харж чадвал танд хүнд хэцүү үеийг даван туулахад амар байх болно гэдгийг мэргэжилтэн онцолсон юм.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх