Хайх

Хятадын компаниуд 30-аас дээш насны ганц бие эмэгтэй ажилтнууддаа нэмэлт амралтын хоног өгчээ

Хятадын компаниуд 30-аас дээш насны ганц бие эмэгтэй ажилтнууддаа нэмэлт амралтын хоног өгчээ

Хувийн амьдралаа зохицуулахад нь тусалж

Text: Бюро 24/7


Зураг:

Хятадын Ханжоу хотод үйл ажиллагаа явуулдаг хоёр компани 30-аас дээш настай, ганц бие эмэгтэй ажилтнууддаа нэмэлт амралтын хоног олгож байгаа талаар The Independent сонин мэдэгдлээ. Тодруулбал тус компаниудын зүгээс эдгээр эмэгтэйчүүдэд хувийн амьдралдаа анхаарал хандуулахад нь зориулж Хятадын цагаан сарын амралтын үеэр нэмэлт 8 хоногийг олгож байгаа аж.

Энэхүү хоёр байгууллагын эмэгтэй ажилтнуудын дийлэнх хувь нь дотоод хэлтэст ажилладаг тул хүний нөөцийн хэлтсээс нь уг шийдвэрийг гаргасан байна. Энэ талаар "Тэд гаднах ертөнцтэй бараг хoлбоо тогтоодоггүй. Тиймээс амралтын хоногийг сунгаснаар эдгээр бүсгүйчүүдэд эсрэг хүйсний хүмүүстэй харилцах илүү их боломж гарна гэдэгт бид итгэж байна" хэмээн ажил олгогчдын зүгээс мэдэгджээ.

Хятадад 25-аас дээш насны болон 30 гарсан эмэгтэйчүүдийг "shengnu" буюу "үлдэгдэл" хэмээн нэрлэдэг бөгөөд тэднийг аз жаргалгүйд тооцдог байна. Хятадын уламжлалт итгэл үнэмшлийн дагуу энэ насандаа гэрлээгүй эмэгтэйчүүдийг "хүсэмжгүй" хэмээн үздэг аж.

Сүүлийн жилүүдэд Хятадын эдийн засаг болон нийгмийн дундаж давхарга асар хурдацтай хөгжихийн эрхээр эмэгтэйчүүд хамгийн түрүүнд карьертаа анхаарал хандуулж, гэрлэхийг хойш тавих хандлагатай болжээ. Энэ нь эргээд Хятадын хүн амын бодлогод сөргөөр нөлөөлж байгаа гэдгийг эх сурвалж дурдлаа. Тухайлбал Хятадад 2013 оноос эхлэн жил ирэх тусам гэрлэлтийн тоо буурч байгаа гэнэ. Ингээд ч зогсохгүй 2015 оны байдлаар Хятадад 200 сая ганц бие иргэн байдаг гэсэн судалгааг тус улсын засгийн газраас мэдэгдсэн байдаг.

Дашрамд дурдахад саяхан Ханжоу хотын нэгэн дунд сургуульд ядарч, туйлдсан ганц бие багш нарт амарч, сэтгэл санааны байдлаа дээшлүүлэхэд нь зориулсан нэмэлт хоёр хоногийн амралт өгч байсан билээ.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

Сэтгэгдэл бичих