Хайх

Меган Маркл хүүхэд төрүүлснийхээ дараа яагаад дэглэм барихаар яарахгүй байна вэ?

Меган Маркл хүүхэд төрүүлснийхээ дараа яагаад дэглэм барихаар яарахгүй байна вэ?

Тэрээр төрөлтийн дараах биеийн галбираа бахархалтайгаар гайхуулж байна

Text: Бюро 24/7


Сүүлийн жилүүдэд дэлхийн алдартнууд, топ моделиуд хүүхэд төрүүлсний хэдхэн долоо хоногийн дараа хэвийн жиндээ эргэн орж, шууд л загварын тайзнаа алхаж, хэзээ ч амаржаагүй мэт гоолиг биеэ олон нийтэд гайхуулж байгаа нь бүсгүйчүүдэд үлгэр дуурайлал үзүүлж, тэр ч бүү хэл нэг ёсны "бичигдээгүй дүрэм" болсон гэж хэлж болно. Гэхдээ үнэн хэрэгтээ энэ тренд нь бодит байдалд хэр нийцэх вэ? Бодит амьдрал дээр хүүхэд төрүүлсний дараа эмэгтэй хүний бие организм болон сэтгэл санааны байдалд маш олон өөрчлөлт явагдаж, их стрессийг даван туулдаг ч энэ талаар хэвлэлийнхэн бараг л дурдахгүй өнгөрч зөвхөн тухайн алдартанд хэвийн жиндээ эргэн ороход нь тусалсан хатуу чанга хоолны дэглэм, фитнесс хөтөлбөрийг л онцолдог. Үүгээр ч барахгүй бүсгүйчүүд тэрхүү стандартад нийцэхийг хичээн сэтгэл санаа болон эрүүл мэндээ ч хохироож болзошгүй байдалд хүрдэг нь үнэн билээ.

Харин энэ байдлыг Сассексын гүнгийн авхай өөрчилж байна. Эргэн сануулахад Меган Маркл өнгөрсөн тавдугаар сард анхны хүүхдээ өлгийдөн авсан бөгөөд ихэнх хүмүүс түүнийг сарын дараа гэхэд л эргээд гоолиг биетэй олон нийтийн өмнө гарч ирнэ гэдэгт итгэлтэй байсан ч тэрээр огт өөр, илүү шударга арга барил сонгосон нь анхаарал татлаа.

Меган хүүгээ төрүүлснийхээ дараа гэр бүлийнхээ хамтаар анх удаа олон нийтийн өмнө гарч ирснээр жинхэнэ шуугиан тарьсан юм. Тухайн үед гүнгийн авхай тренч загвартай бариу даашинзаар гоёсон байсан бөгөөд энэхүү даашинз нь түүний төрөөд удаагүй байгаа хэвлий, бага зэрэг махлаг гар, булцгар хацар зэргийг улам бүр тодотгон өгч байлаа. Үүний дараа Сассексын гүнгийн авхай 2019 оны Уимблдон тэмцээний үеэр плиссе загвартай юбка өмссөн байсан бол "Араатны хаан арслан" киноны нээлтэд Jason Wu брэндийн бариу даашинз өмсөн өөрчлөгдсөн биеийн галбираа дахин тодотгож, огцом жин хасахыг хүсэхгүй байгаа гэдгээ илэрхийлсэн юм. Энэ үйлдлээрээ тэрээр өөрийн гэсэн дүрмийг тогтоож, "Хүүхэд төрүүлсний дараа эмэгтэйчүүд жин нэмж, биеийн галбир нь өөрчлөгддөг. Энэ нь ч хэвийн зүйл" гэдэг маш зөв санааг нийгэмд түгээж байна. Браво!

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

Сэтгэгдэл бичих