Хайх

Шинэ жилийн баярын өмнө хэрхэн стресст автахгүй байх вэ?

Шинэ жилийн баярын өмнө хэрхэн стресст автахгүй байх вэ?

Баярын үеэр “галзуурахгүй” байх аргууд

Text: Г.Тэмүүлэн


Шинэ жилийн баярын өмнөх өдөр хоногууд хамгийн сэтгэл догдлуулсан, онцгой уур амьсгалтай цаг мөч байдаг ч нөгөөтээгүүр маш их ачаалалтай үе гэдэгтэй хүн бүр санал нийлэх биз ээ. Дотны хүмүүстээ бэлэг авах, үдэшлэгт өмсөх даашинзаа сонгох, гэрээ чимэглэх, баярын ширээгээ засах гээд шинэ оны өмнө нэгэн зэрэг олон ажлуудыг амжуулах хэрэг гардаг тул бид өөрийн эрхгүй сандарч, стрессдэж эхэлдэг. Тиймээс тайван байж, санаа зовохгүйгээр баярын уур амьсгалд автах зургаан зөвлөгөөг бид хүргэж байна.

Удаашир!

Хөл хөдөлгөөнтэй баярын өдрүүдэд бидний ухаан санаа ирээдүйн талаар бодож, болоогүй байгаа үйл явдлуудад сэтгэл зовнидог. Тэгвэл энэ бүх бодлоо мартаад яг одоо байгаа хором мөч бүрийг мэдэрч, одоо цагт төвлөрөхийг хичээгээрэй. Илүү тав тухтай мэдрэмж авахын тулд гэртээ тааламжтай уур амьсгал бүрдүүлэх лаануудыг асааж болох юм.

Төгс бэлэг олох гэж толгойгоо гашилгах хэрэггүй

Хүн бүрийн сэтгэлд нийцсэн төгс бэлэг олно гэдэг амаргүй ажил. Хэрэв та өөрийн биеэр дэлгүүр хэсэх цаг гарахгүй эсвэл сэтгэлд тань хүрэх бэлгээ олж чадахгүй бол бэлгийн карт, онлайн шоппинг зэргийг туршаад үзэх хэрэгтэй. Хэрэв бүр болохгүй бол бэлэн мөнгөнд дургүй хүн гэж байхгүй гэдгийг санаарай.

Халуун ванн бэлдээрэй

Хэрэв та шинэ оны өмнө ажилдаа дарагдаж, шөнө унтахаа больж, мөн нэг нүд тань таталдаж эхлээд байгаа бол халуун хөөстэй ваннаа бэлдэх цаг иржээ. Халуун устай ваннд Англи буюу эпсом давс, анхилуун үнэртэй эфирийн тос нэмэхэд л та эрч хүчээр тэтгэгдээд зогсохгүй зөөлөн торгомсог арьстай болно.

Кофеин ихтэй уух зүйлсээс татгалзаарай

Кофе нь кофеины агууламж өндөртэй тул таныг сэргээж, эрч хүчээр сэлбэдэг гэдгийг хүн бүр мэднэ. Гэхдээ кофе, хар ба ногоон цай зэрэг кофеин ихтэй уух зүйлсийг үдээс хойш уухаас татгалзах хэрэгтэй. Учир нь эдгээр ундаанууд орой нойрыг тань сэргээж, тайван унтуулахгүй. Тиймээс бие болоод сэтгэлээ амрааж, тайвшрахыг хүсвэл балжингарам цэцэг эсвэл гаатай цай, халуун шоколаданд анхаарлаа хандуулаарай.

Бусдад туслаарай

Бусад хүмүүст туслах нь таныг илүү аз жаргалтай болгодог гэдгийг шинжлэх ухаан баталсан. Тэр тусмаа шинэ жилийн баяр нь сайхан сэтгэл гаргахад хамгийн тохиромжтой үе юм. Хамгийн энгийн арга бол хэрэглэхгүй эд зүйлс, хүүхдийн тоглоом, уншаад дууссан ном гээд танд шаардлагагүй болсон зүйлсээ буяны байгууллагууд, хувь хүмүүст хандивлахад л хангалттай.

Бүхнийг ганцаараа хийх шаардлагагүй

Гэрээ цэвэрлэх, баярын зоог бэлтгэх гээд шинэ жилийн үеэр хийх зүйлс бидний нуруун дээр "овоордог". Эмх цэгцтэй байхад гэр бүлийн гишүүд тань тусалж болно шүү дээ. Харин та олон хүн урьж, үдэшлэг зохиохоор шийдсэн бол баярын ширээний зоогоо ганцаараа бэлтгэхийн оронд уригдсан зочид бүрээс нэг, нэг зоог бэлдэж ирэхийг хүсэж болох л юм. Эсвэл баярын ширээний зоогоо дуртай ресторанаасаа захиснаар та маш их цаг хугацааг хэмнэнэ.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх