Хайх

Victoria’s Secret-ийн модель Нина Агдал загвар ба хэвлэлийн салбарыг шүүмжиллээ

Victoria’s Secret-ийн модель Нина Агдал загвар ба хэвлэлийн салбарыг шүүмжиллээ

“Түүний биеийн галбир шаардлагатай размерт багтаагүй” гэжээ

Text: Buro.Mongolia


Зураг:

Victoria's Secret, Sports Illustrated сэтгүүл болон бусад маш олон брэндүүдийн нүүр царай болж байсан 25 настай Данийн супер модель Нина Агдал загвар ба хэвлэлийн салбарт хандан нээлттэй захидал бичиж, Twitter хуудастаа нийтэлжээ.

Модель бүсгүй "Өнөөдөр би энэ салбарын балмад бодит байдалд урам хугарч бас цочирдож байна. Хэдхэн сарын өмнө би нэгэн бүтээлч хамт олонтой зураг авалт хийхийг зөвшөөрсөн юм. Тухайн үед би тэдэнд итгэж, хамтарч ажиллахдаа үнэхээр баяртай байсан. Удалгүй би миний оролцсон зураг авалтыг нийтлэхгүй гэсэн агуулгатай хэрнээ ямар нэг уучлалт гуйгаагүй зурвас цахим шуудангаар хүлээн авсан. Тэд энэхүү зураг авалт нь ‘миний авьяасыг харуулж чадаагүй', ‘тэдний зах зээлд нийцээгүй‘ гэсэн шалтгаанууд дурдсан байсан. Мөн хэвлэлийн газраас ‘Миний дүр төрх миний портфолиогоос өөр байсан бөгөөд би шаардлагатай размерт багтахгүй байгаа' гэж мэдэгдсэн юм. Гэхдээ энэ бүхэлдээ худал зүйл. Хэрэв миний тухай сонирхдог л бол намайг дундаж биеийн галбиртай загвар өмсөгч биш гэдгийг сайн мэдэж байх ёстой. Би спортлог бас эрүүл биеийн галбиртай модель" гэж тэрээр бичсэн байна.

Мөн Нина Агдал хэзээ ч хэтэрхий туранхай биетэй байгаагүй бөгөөд тайзны загвар өмсөгч биш гэдгээ онцлон хэлсэн юм. Харин тэрээр өөрийн биеийн галбирыг байгаагаар нь хүлээн авч, юуны өмнө чийрэг, хүчирхэг байхын тулд мөн хамгийн гол нь эрүүл саруул сэтгэхийн тулд gym-д хичээллэдэг гэдгээ мэдэгджээ.

Өмнө нь тэрээр 16 настай байхдаа эрүүл бус хоолны зуршилтай байсан гэдгээ хүлээн зөвшөөрч, энэ асуудлаа даван туулж чадсандаа өөрөөрөө маш их бахархдаг гэдгээ давхар хуваалцсан байна.

"Би энэ зургаар дамжуулан зөвхөн надад болон загварын салбарт төдийгүй ерөнхийдөө асар олон хүнд нөлөөлж байгаа маш том асуудлыг хөндөж, хүмүүсийн анхаарлыг хандуулах зорилгоор нийтэлсэн юм. Миний зорилго бол эмэгтэйчүүдийг нэгтгэж, өөрсдийн биеийн галбиртаа сэтгэл хангалуун байхад нь туслахад чиглэх болно. Үргэлж өөрсдийгөө сүйтгэх арга зам хайхын оронд бие биенээ дэмжих арга замыг олцгооё" гэж Нина Агдал уриалжээ.

Эцэст нь загвар өмсөгч бүсгүй энэхүү нээлттэй захидлаа #bodyshaming #bodyimage #selfimage #dietculture #mybodyismybusiness гэсэн hashtag-уудаараа төгсгөсөн юм.

 

 

 

цааш үзэх