Хайх

Виржил Абло болон IKEA брэндийн хамтарсан цуглуулгатай танилцацгаая

Виржил Абло болон IKEA брэндийн хамтарсан цуглуулгатай танилцацгаая

Цуглуулгыг "MARKERAD” хэмээн нэрийджээ

Text: Ц.Намуун


Та бидний хүлээлтийг ихээр үүсгээд байсан Шведийн IKEA брэнд болон Виржил Абло нарын хамтарсан тавилгын цуглуулга албан ёсоор танилцуулагдлаа. Тус цуглуулга дахь тавилга болон гэр ахуйн аксесуарууд нь IKEA брэндийн уламжлал болсон дизайнуудтай ижил хэдий ч Абло поп арт маягийн уур амьсгал оруулснаар цуглуулгыг бүхэлд нь их өвөрмөц болгожээ. "Уг төслийн зорилго нь зүгээр л нэг догь зүйлийг зохион бүтээх биш харин хүмүүсийн хэрэглэсээр ирсэн зүйлсийг урлагийн бүтээл болгоход оршсон юм" хэмээн Абло танилцуулгын үеэр хэлжээ.

Виржил Абло болон IKEA брэндийн хамтарсан цуглуулгатай танилцацгаая (фото 1)

Тус цуглуулгын хамгийн содон зүйлээр Door Stop Interruption гэх энгийн загвартай модон сандал тодорсон юм. Гэхдээ тус сандлын хөл доор байрласан улаан өнгийн хашигч хүн бүрийн сонирхлыг татаж байлаа. Онгоцыг хөдөлгөхгүйн тулд урд хэсэгт хашигчаар тээглүүлсэн байхыг хараад Абло энэхүү дизайны санаагаа олжээ. "Дугуйг зохиосон хүн өөрийгөө бурхан мэтээр төсөөлдөг байх. Гэхдээ үүнийг зогсоож, хөдөлгөхгүй байлгах зүйлийг бүтээнэ гэдэг ч мөн агуу зүйл шүү дээ" хэмээжээ.

Виржил Абло болон IKEA брэндийн хамтарсан цуглуулгатай танилцацгаая (фото 2)

Абло тус цуглуулгыг шинэ мянганыханд зориулсан тухайгаа өмнөх ярилцлагадаа онцолж байсан ба тэдэнд зориулан маш хэрэгтэй зүйл бүтээжээ. Энэ нь пүүз хийхэд зориулсан шилэн шүүгээ байлаа. "Худалдаж авсан зүйлээ шүүгээндээ мартчихдаг өөр шигээ хүмүүст зориулан ашиггүй худалдан авалт бүү хийгээсээ гэсэндээ үүнийг зориуллаа. Худалдаж авсан зүйлээ тус шүүгээнд хадгалах нь тухайн зүйлийг урлагийн бүтээл мэт харагдуулж, илүү үнэ цэнэтэй гэх мэдрэмжийг өгөх болно" гэж Виржил Абло хэлжээ. Тус шилэн шүүгээ нь модон хүрээтэй бөгөөд улаан өнгийн хадаас хэлбэрийн бариултай байна.

Виржил Абло болон IKEA брэндийн хамтарсан цуглуулгатай танилцацгаая (фото 3)

Мөн цуглуулга танилцуулагдахаас өмнө олон хүмүүсийн анхаарлыг татсан зүйл нь IKEA брэндийн алдарт Фракта торны загварыг өөрчилсөн явдал байлаа. Виржил торны их биеийг beige өнгөтэй болгон "SCULPTURE" буюу уран баримал гэсэн үгийг сийлжээ. Ямар нэг үгийг бүтээл дээрээ байрлуулах нь Аблогийн онцлог гэж хэлэхэд буруудахгүй. Тэрээр энэ хэв маягаараа хоёр ч төрлийн хивсийг бүтээсэн байна. Нэг нь улаан гадаргуу дээр "BLUE" гэх үгийг цэнхрээр сийлсэн байсан бол нөгөө нь Перс үндэсний хээн дээр "KEEP OFF" хэмээн бичжээ.

Виржил Абло болон IKEA брэндийн хамтарсан цуглуулгатай танилцацгаая (фото 4)

Дээрх танилцуулагдсан загварууд нь туршилтын загварууд бөгөөд эцсийн байдлаар 2019 онд худалдаанд гарахаар болжээ. Аблогийн хэлснээр эцсийн загварыг гаргахын тулд туршилтын загваруудыг шинэ мянганыхан дээр туршиж үзэхээр болсон байна. Цуглуулгын тухай илүү дэлгэрэнгүй мэдээллийг зургаадугаар сарын 7-ний өдөр Швед улсад болох Ардчилсан Дизайны өдөрлөгөөр танилцуулах гэнэ.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх