Хайх

Яагаад өөртөө шинэ оны амлалт өгөх хэрэггүй вэ?

Яагаад өөртөө шинэ оны амлалт өгөх хэрэггүй вэ?

Хэзээ ч биелэгдэшгүй төлөвлөгөө зохиож, өөртөө амлалт өгөх нь стресст оруулдаг

Text: Buro.Mongolia


Зураг:

Оны эхэнд бид "Шинэ онд, шинэ хүн болно", "Бүхнийг цагаан цааснаас эхэлнэ" гэсэн уриан дор жин хасна, эрүүл хооллоно, тамхинаас гарна гэх зэрэг янз бүрийн зорилго өмнөө тавьж, урам зоригтойгоор өөрсдөдөө амлалт өгдөг. Гэвч удалгүй бид ихэвчлэн зорилгоосоо буцаж, өөртөө өгсөн амлалтаа мартаж орхидог. Хэдийгээр зорилготой амьдрах нь зөв боловч анхнаасаа биелэгдэшгүй зорилт өмнөө тавих нь стресст оруулж, түгшүүртэй байдлыг үүсгэдэг болохыг эрдэмтэд онцолж байна.

Өөртөө өгсөн амлалтаа амжилттай биелүүлдэг хүн ер нь байдаг болов уу гэж магадгүй та бодож болох юм. Тэгвэл Journal of Clinical Psychology сэтгүүлд нийтлэгдсэн судалгаанд Америкчуудын тэн хагас нь шинэ оны эхэнд өөртөө амлалт өгдөг бөгөөд тэднээс ердөө 8% нь л зорилгоо бодит амьдрал дээр хэрэгжүүлж чаддаг гэнэ. Мөн спортоор хичээллэдэг хүмүүст зориулсан Strava олон нийтийн сүлжээ өнгөрсөн жилийн хугацаанд хүмүүсийн хийсэн 31,5 сая онлайн үйлдлийг судалсны үр дүнд нэгдүгээр сарын 12-нд ихэнх хүмүүс амлалтаасаа буцдаг болохыг олж тогтоожээ.

Яагаад өөртөө шинэ оны амлалт өгөх хэрэггүй вэ? (фото 1)

Үүнийг Скрантоны их сургуулийн профессор Жон.С.Норкросс ямар нэгэн хязгаарлалт тогтоосны үр дүнд хүний сэтгэхүйд үүсдэг хариу үйлдэлтэй холбон тайлбарлаж байна. Жишээлбэл та долоо хоногийн зургаан өдөрт нь хоолоо сойсон бол долоо дах өдөр нь тэвчээр алдарч "Би угаасаа чадахгүй юм байна. Бүхнийг мартъя" хэмээн бодох болно гэж эрдэмтэн хуваалцлаа.

Эцэст нь биелүүлж чадаагүй шинэ жилийн амлалтууд бидэнд байнгын түгшүүрийг мэдрүүлдэг байна. Учир нь бидэнд цаг үргэлж өөрийн боломж, чадвараа бүрэн ашиглаж чадахгүй байгаа мэт мэдрэмж төрдөг аж. Тиймээс оны эхэнд хэт том зорилго тавих хэрэггүй гэдгийг сэтгэл зүйн эрүүл мэндийг дэмжих зорилготой Mind байгууллага зөвлөсөн байна. "Бид өөрсдийн дутагдлуудаа зэмлэж, ингэх бүртээ өөрчлөгдөхийг хүсдэг. Хэрэв өөрчлөгдөх явцдаа бүтэлгүйтвэл бид анх байснаасаа ч дорой мэдэрдэг. Түүнчлэн бодит амьдралаас хол, хүмүүсийн аз жаргалтай зургуудаар дүүрсэн олон нийтийн сүлжээ амлалтаа биелүүлэх ёстой гэсэн дарамтыг улам бүр нэмэгдүүлдэг. Ингээд ч зогсохгүй гэр бүлийн гишүүд болон найз нөхөдтэйгөө шинэ зорилгынхоо талаар хуваалцахад бид хэд дахин илүү хариуцлагыг мэдэрдэг" гэжээ.

Мэдээж хэрэг өөртөө амлалт өгөх нь зөв боловч зорилгоо бодитой байлгах хэрэгтэй. Жишээ нь муу зуршлаасаа нэг өдрийн дотор ангижрах албагүй шүү дээ. Үүний оронд удаан хугацаанд өдөр тутамдаа хэрэгжүүлж болох төлөвлөгөөнд төвлөрөх нь зүйтэй юм. "Агуу зорилго тавьснаас, шууд хэрэгжүүлж эхлэх боломжтой тодорхой төлөвлөгөө зохиох хэрэгтэй. Ямар ч өөрчлөлт аажмаар явагдах ёстой гэдгийг санан хормын зуур үр дүн өгөхгүй бол шантрах хэрэггүй" хэмээн эрдэмтэд онцолж байна.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх