Хайх

Амралтын өдрийн төлөвлөгөө: Дөрөвдүгээр сарын 2-3

Амралтын өдрийн төлөвлөгөө: Дөрөвдүгээр сарын 2-3

Text: Buro.Mongolia


Энэ амралтын өдрүүдээр Улаанбаатар хот орчимд болох үйл явдлуудаас бид эрчүүдэд экстрим, бүсгүйчүүдэд амтлаг арга хэмжээ сонгон санал болгож байна

Тэнгэрт өнгөрөөх амралт

Амралтын өдрийн төлөвлөгөө: Дөрөвдүгээр сарын 2-3 (фото 1)

Амралтын өдрийн төлөвлөгөөнд агаарт гарах санаа зайлшгүй ордог. Харин арай өөр, экстрим төрлийн сонирхолтой зүйл туршиж үзмээр байгаа хүмүүст Цонжин Болдогийн ойролцоо байрлах Нислэг төвийг санал болгъё. Энд та хоёр төрлийн хөнгөн онгоцоор тэнгэрт хөөрч болох ба бидэнд дээвэр нь нээлттэй онгоц илүү таалагдлаа. Нислэг доод тал нь 10 минут үргэлжлэх бөгөөд хүсвэл цаг, хоёр цагийн ч нислэг хийж болно.  

Хэзээ, хаана: Энэ амралтын өдрүүдээр. Төв Аймаг, Эрдэнэ Сум. 

 

Нэг үдэш балетын дөрвөн өөр төрөл үзэх боломж

Амралтын өдрийн төлөвлөгөө: Дөрөвдүгээр сарын 2-3 (фото 2)

"Дөрвөн Өнгө" гэх нэртэй шинэ балет энэ амралтын өдрүүдээр тоглогдох гэж байгааг та анзаарсан байх. Бидэнд энэ арга хэмжээ сонгодог тавилтаас илүү орчин үеийн, шоу маягтай болох гэж байгаа нь сонирхолтой санагдлаа. Тус бүжгэн жүжигт дөрвөн өөр балетмейстерууд дөрвөн улирлыг өөр, өөрсдийн уран сэтгэмжээр илэрхийлж, шинээр дэглэсэн шинэ бүтээлүүдээ тавих болно. Харин тайзнаа Г.Батчимэг, Э.Эрдэнэжаргал зэрэг балетчид гарах юм байна.  

Хэзээ, хаана: 4-р сарын 2,3-нд 17:00 цагт, Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн театрт

 

Өөрийгөө сорьж, кайф мэдрэх "Нэг өдрийн цэрэг" аялал

Амралтын өдрийн төлөвлөгөө: Дөрөвдүгээр сарын 2-3 (фото 3)

Монгол Аялал Клубээс зохион байгуулж байгаа энэхүү аялал нь нэг өдөр монгол цэргийн амьдралаар амьдарч үзэх хүсэлтэй эрэгтэй, эмэгтэй бүх хүнд нээлттэй юм байна. Тус аялалд хамрагдсанаар цэргийн дүрэмт хувцас өмсөж, армийн цэргүүдтэй хамт жагсаж хээрийн дадлагт гаран, яг л жинхэнэ цэрэг хүн шиг нэг өдрийг өнгөрөөх болно. Мөн танд жинхэнэ буугаар буудлага хийж, тэмцээнд орох боломж хүртэл олгох юм байна.
Хэзээ, хаана: 4-р сарын 3-нд, Ардын армийн дугаар цэргийн ангид

 

Хаврын амин дэм - Монгол гүзээлзгэнэ фестиваль

Амралтын өдрийн төлөвлөгөө: Дөрөвдүгээр сарын 2-3 (фото 4)

Амтат гүзээлзгэнэд дургүй хүн бараг байхгүй биз ээ. Тэр тусмаа Монголд тарьж ургуулсан гүзээлзгэнэ амттайгаас гадна органик учраас сэтгэл амар амталж болдог. Тэгвэл Ногоон сор компани энэ амралтын өдрүүдээр өөрсдийн тарьсан гүзээлзгэнээ амтлах боломж бидэнд олгох нь ээ. Үүнээс гадна тасалгаанд тарьж болох гүзээлзгэний бут, хэрэгцээт багаж сэлтийг худалдаалж, хэрхэн өөрөө гүзээлзгэнэ тарих талаар зөвлөгөө өгөх юм байна. Мөн хүүхэд багачуудын дунд тэмцээн зохиох тул эцэг эхчүүд хүүхдүүдээ дагуулан ирж болно.

Хэзээ, хаана: 4-р сарын 2,3-нд, 12:00 цагт УИД-ийн урд талбайд

 

цааш үзэх