Хайх

#BuroCrush: “Луугийн эх” буюу Эмилия Кларк

#BuroCrush: “Луугийн эх” буюу Эмилия Кларк

Од шүүрсэн бүсгүй

Text: Г.Тэмүүлэн


Бид энэ долоо хоногийн онцлох хүнээр “Game of Thrones” цувралын супер од, жүжигчин Эмилия Кларкийг сонгон танилцуулж байна. Түүний хамгийн сүүлд тоглосон "Me before you" кино ирэх долоо хоногт нээлтээ хийх болно

Хэдхэн жилийн өмнө л Беркширээс гаралтай Англи жүжигчний тухай дэлхий нийт огтхон ч мэддэггүй байлаа. Хэдийгээр тэр Колин Ферт, Майкл Фассбендер, Том Харди нарын суралцаж байсан алдарт "Drama Centre London" сургуулийг төгссөн ч Эмилия карьерынхаа эхэн үед Их Британий жижиг телевизийн савангийн дуурь, сурталчилгаа болон театрын жүжигт л тоглодог байжээ.

#BuroCrush: “Луугийн эх” буюу Эмилия Кларк (фото 1)

Харин түүний энэ байдал 2011 онд HBO телевиз америкийн зохиолч Жорж Р.Р Мартины "A Song of Ice and Fire" нэртэй адал явдал, уран зөгнөлт цуврал зохиолоор олон ангит кино хийх болсноор өөрчлөгдсөн юм. Тухайн үед Эмилия Кларк жижиг дүрүүдэд тоглохоос гадна, бармен, зөөгч, үл хөдлөх хөрөнгийн зууч зэрэг олон төрлийн ажил давхар хийдэг байв. Гэхдээ тэр Дейенерис Таргерианы дүрийг бүтээх анхны жүжигчин байгаагүй юм.

Анх "Game of Thrones" кинонд "Луугийн эх"-ийн дүрийг жүжигчин Тамзин Мерчант бүтээх байсан ч тэрээр тодорхойгүй шалтгааны улмаас татгалзсан байна. Тиймээс "Game of Thrones" киноны уран бүтээлчид Мерчантыг яаралтай орлох хүн хайж эхэлжээ. Үүний дараахан Кларкийн төлөөлөгч түүн рүү утасдаж Дейенерис Таргерианы дүрийг санал болгосон бөгөөд Эмилия ажилдаа очилгүй, өвчтэй гэж хэлэн байж шалгаруулалтанд оролцжээ. Түүнд шалгаруулалтанд бэлдэхэд ердөө 24 цаг байсан ч дөрөв хоногийн дараа гэхэд тэр "Game of Thrones" кинонд тоглох болсноо мэдсэн байна. Ингэж л түүний дэлхийн од болох замнал эхэлжээ.

#BuroCrush: “Луугийн эх” буюу Эмилия Кларк (фото 2)#BuroCrush: “Луугийн эх” буюу Эмилия Кларк (фото 3)

Үүнээс хойш түүнийг кино, театрын жүжиг болон сурталчилгаанд тоглуулах урилга маш их ирсэн. Харин тэр өнгөрсөн жил Dior-ын Rose des Vents гоёл чимэглэлийн цуглуулгын нүүр царай болохыг зөвшөөрч, алдарт Бродвей театрын "Breakfast at Tiffany's" жүжигт 2013 онд тоглосон юм. Кино карьерын хувьд түүнд нэлээдгүй олон том төслийн гол дүрд тоглох санал ирсэн. Жишээ нь "Fifty Shades of Grey" киноны Анастейша Стилийн дүрийг Эмилияд санал болгосон авч тэрээр "Дэндүү их нүцгэлэх хэсэгтэй" гэсэн шалтгаанаар татгалзсан байна. Харин үүний оронд Эмилия өнгөрсөн жил "Terminator Genisys" кинонд Сара Коннорын дүрийг бүтээсэн билээ. Хамгийн сүүлд Эмилия Кларк италийн зохиолч Сильвио Раффогийн "Voice from the Stone" зохиолоос сэдэвлэн бүтээсэн ижил нэртэй дэлгэцийн бүтээлд тогложээ.

Хэдийгээр Эмилия олонд танигдаж, алдар нэр олсон ч гэлээ маш энгийн байх дуртай нэгэн. Тэр Esquire сэтгүүлийн санал асуулгаар 2015 оны хамгийн дур булаам эмэгтэй болон тодорсон. Энэ тухайд нь сэтгүүлчид түүнээс асуухад, "Манай гэр бүлийн нэг гишүүн л олон мянган удаа товчлуур дарж санал өгсөн байх" хэмээн хошигножээ. Мөн тэрээр энгийн амьдрах дуртай гэдгээ тодотгож "Би гэртээ хариад нохойгоо гадаа салхилуулаад явахад хэн ч надад анхаарал хандуулдаггүй нь үнэхээр гайхамшигтай" гэж Marie Claire сэтгүүлд өгсөн ярилцлагадаа ярьжээ.

Ер нь түүний инстаграм хуудсыг сонирхоод үзэхэд энгийн даруухан эмэгтэй, эрхэмсэг үзэсгэлэнт бүсгүй хоёрын аль, алинаар нь тэр амьдарч чаддаг нь харагдана. Vogue болон Dior-ын сэтгүүл дээр тэр үнэхээр халуухан гарчээ. Харин энгийн амьдрал дээр тэр яг л жирийн хөгжилтэй эмэгтэй байх аж. Тэр хэдийгээр одоо томоохон хэмжээний шагналууд гардаж амжаагүй байгаа ч гэлээ ирэх долоо хоногт нээлтээ хийх "Me before you" кино нь түүнийг магадгүй Оскар хүртэл "түлхэж" өгч мэдэх юм.   

#BuroCrush: “Луугийн эх” буюу Эмилия Кларк (фото 4)

#BuroCrush: “Луугийн эх” буюу Эмилия Кларк (фото 5)

цааш үзэх