Хайх

Сайхан бие гэж юу вэ: Таны төрөлхийн гоо сайхан уу, эсвэл нийгмийн нийтлэг ойлголт уу?

Сайхан бие гэж юу вэ: Таны төрөлхийн гоо сайхан уу, эсвэл нийгмийн нийтлэг ойлголт уу?

Өөрчлөлтийн төлөө зоримог байцгаая!

Text: Ж.Чинбат


"Төгс гоо сайхан, өө сэвгүй дүр төрх эмэгтэй хүн бүрт зайлшгүй байх ёстой зүйл мөн үү. Хэрэв тийм бол загварын сэтгүүл, реклам сурталчилгаанд гардаг эмэгтэйчүүд шиг бие галбиргүй хүмүүсийн гоо сайхан юунд орших вэ?" гэх асуулт дэвшүүлсэн "Сайх бие" үзэсгэлэн UB Art галерейд гарсан билээ. Бид энэхүү үзэсгэлэнгийн зохион байгуулагчидтай уулзаж, илүү дэлгэрэнгүй мэдээлэл авлаа

"Өөрчлөлтийн Төлөөх Эмэгтэйчүүд" ТББ-аас энэ гуравдугаар сард "Сайхан бие" нэртэй нэгэн өвөрмөц гэрэл зургийн үзэсгэлэнг Америкийн Элчин Сайдын Яам, IC Creative Division студитай хамтран UB Art галерейд гаргасан билээ. Тэд энэхүү үзэсгэлэнгээр дамжуулж эмэгтэй хүн бүр өөр, өөрийн онцлогтой гэдгийг үзүүлж, хүмүүсийг өөрийн биеийн талаар эерэг хандлагатай, зоримог байхыг уриалсан 22 гэрэл зураг дэлгэжээ. Эдгээр гэрэл зургуудыг түүхэнд нэрээ үлдээсэн Альфонсэ Муча, Фрида Кало, Мэн Рэй, Амедео Клементе Модиглиани, Сальвадор Дали, Егон Шиеле зэрэг дэлхийн алдартай зураачид болон Ж.Мөнхцэцэг, До.Болд, Д.Дорждэрэм зэрэг монгол уран бүтээлчдийн эх бүтээлээс сэдэвлэн авсан байна. Бид энэхүү үзэсгэлэнг зохион байгуулсан Өөрчлөлтийн Төлөөх Эмэгтэйчүүд ТББ-ын захирал, хуульч Б.Золзаяатай уулзаж, эмэгтэй хүний сайхан бие гэж юуг хэлж байгааг асууж тодрууллаа.   

Үзэсгэлэн гоо гэдэг үзэгдээд өнгөрөх үүлэн чөлөөний нар биш. Нар Үүлний цаана орсон ч, үдэш болж жаргалаа ч илч гэрлээ түгээсээр л байдаг. 

Заавал дагах албагүй гоо үзэсгэлэнгийн стандарт ойлголт

Орчин үед хүмүүс сонин сэтгүүл болон реклам сурталчилгаанд гарч буй туранхай, өө сэвгүй бие хаатай загвар өмсөгчид ба одуудыг л сайхан биетэй хэмээн ойлгож, эмэгтэйчүүдийн олонх нь өөрсдийн биеийг тэдэнтэй харьцуулан харж, адилхан болохыг хүсдэг болсон. Гэвч тэдэн шиг "төгс" байж чадахгүйгээ мэдэх үед бүсгүйчүүд сэтгэлээр унаж, гутрах үе олон тохиолддог. Энэ нь магадгүй заавал хүрч, өөрийн болгох албагүй стандарт ойлголт байж болох юм. Өөрийн биедээ сэтгэл хангалуун бус байх нь хүнд сөргөөр нөлөөлж, өөртөө үл итгэх байдал төрүүлэн, сэтгэл зүйн дарамт авчирдаг байна. Үнэндээ загварын сэтгүүл болон реклам сурталчилгаанд гарч буй бүсгүйчүүдийг фотошоп ашиглаж, өө сэвгүй толигор бие хаатай болгосон байгаа гэдгийг олонх эмэгтэйчүүд анзааралгүй өнгөрдөг. Нөгөө талаар зөвхөн фотошопоос гадна гоо сайхны мэс засалчдын ажилбар нь төгс сайхны хэмжүүр болж чадна гэж үү? 

Харамсалтай нь 2014 онд Монголд 800 хүний дунд хийгдсэн түүвэр судалгаагаар эмэгтэйчүүдийн 80 хувь нь өөрийн биеийн хэлбэр, хэмжээнд сэтгэл хангалуун бус байдаг гэсэн хариулт өгсөн байна. Мөн тэдний 70 хувь нь боломж гарвал гоо сайхны хагалгаа хийлгэх хүсэлтэй гэж хариулжээ. Тэгвэл амьдрал дээр хүн бүр байгалиас заяасан өөрийн бие хаагаа тийм ч амархан өөрчилж чадахгүй бөгөөд тэгэх ч албагүй юм. Тиймээс жинхэнэ гоо сайхны тухай ойлголтоо өөрчилж, бусад хүмүүс "Энэ л хамгийн төгс гоо сайхан" гэж итгүүлж байгаа ойлголтоос өөрийгөө чөлөөлөх хэрэгтэй. Яагаад гэвэл хүн бүр төрөлхийн дахин давтагдашгүй, цорын ганц хувь хүн болон мэндэлдэг. Энэ л цорын ганц, бусадтай адилгүй байх чанар нь хувь хүмүүст жинхэнэ эрх чөлөө олгоно. Хэрэв хүмүүс үүнийг ойлговол заавал бусад шиг байх гэж хий хоосон шаналах хэрэггүй болно. 

Сайхан бие гэж юу вэ: Таны төрөлхийн гоо сайхан уу, эсвэл нийгмийн нийтлэг ойлголт уу? (фото 1)

Өөрийгөө байгаагаар нь хүлээн зөвшөөрөх нь аз жаргал юм

Хэрэв охид бүсгүйчүүд Victoria's Secret-ийн сахиусан тэнгэрүүд шиг болохыг хүсч байвал энэ нь муу зүйл биш. Тэгэхдээ бүсгүйчүүд өөрийн ухамсартай үйлдлээр гоё сайхан харагдахыг хүсч байна уу, эсвэл нийгмийн зүгээс хайрцагласан сэтгэлгээнд автаж байна уу гэдгийг ялгаж салгах хэрэгтэй юм. "Сайхан бие" үзэсгэлэнд дэлгэгдсэн зургуудын тайлбарт үүнийг өөр өнцгөөс харахад нэмэр болох олон ишлэл тавьсан байлаа. Тухайлбал До.Болдын "Үдэш" бүтээлээс сэдэвлэсэн гэрэл зургийн дор Симона де Бовуарын "Дайвар хүйстэн" номноос "Ес суртахуун эмэгтэй хүнд хүч чадалтай байх, гайхалтай сайхан эх байх, үнэнч шударгын үлгэр жишээ байх зэрэг хүмүүн бус дээд төрөлт амьтны үүрэг хариуцлагуудыг оноочихсон учир эмэгтэй хүн ёс журамгүйгээрээ дуудуулах тавилантай болчихжээ. Эмэгтэй хүн тогтсон дүрэм журмаас гадуур бодож, мөрөөдөж, унтаж, ямар нэг зүйлийг хүсч, амьсгалж эхэлмэгцээ тэдний бүтээсэн төгс дүрийг эвдэж байдаг" гэх үгийг иш татан бичжээ. 

"Сайхан бие" үзэсгэлэнд сонгосон уран зургуудад зуун зууны туршид эмэгтэй хүнийг өөрөөр дүрсэлж байсан 22 бүтээл сонгожээ. Энэхүү түүхэн зургуудад эмэгтэй хүний бие галбир бидний өнөөгийн төсөөлдөг шиг гоолиг, турьхан биш бөгөөд царай төрх нь ч гэсэн дур булаам гэхээсээ илүү өөрийн гэсэн сэтгэл татам чанартай харагдана. Дээр нь тарган байх, язралт үүсэх, сорви хийгээд сэвхтэй байх нь энд энгийн үзэгдэл бөгөөд ганцаардсан, дарлагдсан, хайрлагдсан, тэрсэлсэн гээд амьдралын олон өөр төрхийг дүрсэлсэн байгаа юм. Тэгэхээр бүсгүй минь та заавал бусад шиг болох гэж өөрийгөө албадаж, шахах хэрэгтэй гэж үү?

Сайхан бие гэж юу вэ: Таны төрөлхийн гоо сайхан уу, эсвэл нийгмийн нийтлэг ойлголт уу? (фото 2)

Сайхан биеийн тухай ойлголт цаг үе бүрт өөр байдаг

Үзэсгэлэнд дэлгэгдсэн бүтээлүүдээс өөр нэг зүйлийг харж болох нь сайхан биеийн тухай ойлголт үргэлж нэг хэвэндээ байдгүйг мэдрэх юм. Сэргэн мандалтын үед илүү мяраатай бүсгүйчүүдийг төгс төгөлдөрийн илэрхийлэл болгон зурдаг байж. Энэ нь тухайн хоол хүнсний хомсдолтой цаг үед чинээлэг гэр бүлээс гаралтай, хангалуун сайхан амьдардаг хүмүүс нийгэмд илүү сайхан харагддаг байсных юм. Орчин үед Африкийн зарим овог, аймагт тарган бүсгүйчүүдийг үзэсгэлэнтэй гэж хүндэлдэг нь хэвээр байна. Хүнс элбэг хангалуун болсон өнөө үед эрүүл, зөв хооллодог, фитнесст явах цаг зав өөртөө гаргаж чаддаг, туранхай гэхээсээ илүү булчинлаг, хөгжүүлсэн биетэй бүсгүйчүүд моодонд орж байгаа.

Хамгийн гол нь хүн бүр өөрийн гэсэн онцлогтой гэдгийг мартаж, өөр дээрээ бусдын жишээг заавал давтах шаардлагагүй юм. Жишээ нь хүн, хүний хоол боловсруулах систем өөр байдаг. Зарим найз маань гурван аяга хоол идсэн ч таргалдаггүй бол өөр нэг хэсэг нь хэчнээн хоолны дэглэм бариад жин хасдаггүй. Энэ бүхний талаар бүсгүйчүүд өөрийн гэсэн бие даасан ойлголттой болсноор цаг зав, сэтгэл санаагаараа хохирохгүй, нийгмийн зүгээс ирэх ямар нэг дарамтанд амархан автахгүй хүчтэй байж чадах болно. 

Сайхан бие гэж юу вэ: Таны төрөлхийн гоо сайхан уу, эсвэл нийгмийн нийтлэг ойлголт уу? (фото 3)

"Сайхан бие" үзэсгэлэнгийн хүрээнд дан ганц гэрэл зургууд дэлгээд зогсохгүй мөн "Биеийн гадаад төрх" сэдэвтэй сургалт зохиож, "Медиад эмэгтэйчүүдийн дүр төрх" гэх баримтат кино үзүүлж, тус бүтээлээр хэлэлцүүлэг өрнүүлжээ. Хэлэлцүүлэгт эрэгтэй, эмэгтэй хүнийг зэрэгцүүлэн авч үзэн, зах зээл дээр тэдний биеийн хэсгийг өөрчлөхийг санал болгодог ямар зүйлс байгаа талаар ярилцсан байна. Үр дүнд эмэгтэй хүнийг үснээс эхлээд хөлийн үзүүр хүртэлх бүх хэсгийг нь өөрчлөх ямар нэгэн гоо сайхны бүтээгдэхүүн, мэс ажилбар байдаг нь харагдсан байна. Өөрөөр хэлбэл эмэгтэй хүний нэг ч хэсгийг өөрчлөх шаардлагагүй, байгалиараа сайхан байна гэж хүлээн зөвшөөрч чадахгүй байгаа нь харагджээ. 

"Гэтэл яг үнэндээ бидний хэрэглэдэг гоо сайхны бүтээгдэхүүний хэд нь гарцаагүй хэрэгтэй зүйлс вэ? Хэдийг нь бид зөвхөн реклам сурталчилгаанд нь автаж, бусад шиг болохсон гэсэн хүсэлдээ хөтлөгдөж худалдан авсан бэ?"  гэх асуултыг Б.Золзаяа хэлж байлаа. Тэрээр ярилцлагын төгсгөлд, "Эмэгтэйчүүд өглөө босоод толинд харахдаа ихэвчлэн өөрөөсөө өө сэв хайдаг. Гэтэл бидний хамгийн түрүүнд хийх ёстой зүйл бол өөрийгөө байгаагаар нь хүлээн зөвшөөрөх юм. Үүний тулд огт гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэхгүй, биеэ зөнд нь орхино гэсэн үг биш. Та юу хүсч байна түүнийгээ л хий. Хамгийн гол нь өөрийгөө болоод бусдыг шүүхгүйгээр, бие даасан чөлөөт хүн гэдгийг нь хүндэлж харах хэрэгтэй юм" гэдгийг онцолсон юм.

Үзэсгэлэн гуравдугаар сарын 26-нд "Сайхан биеийг алдаршуулъя" нэртэй коктейль үдэшлэгээр өндөрлөх ба мөн нээлттэй хэлэлцүүлэг болно. Энэхүү үзэсгэлэнд дэлгэгдсэн гэрэл зургийг IC CREATIVE DIVISION студи авч, Anara's Make Up нүүр хувиргалтыг хариуцсан ба Занабазарын нэрэмжит Дүрслэх Урлагийн Музейн куратор Д.Гоомарал болон төслийн багийн арав гаруй гишүүн хамтран ажиллажээ. 

цааш үзэх