Хайх

Орчин үеийн хандлага: Эрчүүд тамхийг хаяж байна

Орчин үеийн хандлага: Эрчүүд тамхийг хаяж байна

Нууц тренд

Text: Ж.Чинбат


Ихэнхи залуус анх бусдад догь харагдах гэж тамхи татаж эхэлсэн байдаг. Харин орчин үед тамхи татдаггүй эрчүүд бусдаас илүү күүл харагддаг гэдгийг залуус мэддэг болжээ

Би энэ нийтлэлээрээ танд ямар ч тамхинаас гарах тухай уриалга, ятгалга явуулахыг хүсээгүй гэдгээ эхлээд "тамхи"-ны нэрийг барьж амлъя. Учир нь тэртэй, тэргүй манай гараг дээр жилд нэг триллион хайрцаг янжуур зарагдаж, тамхины зах зээл дээр тоглогчид үүнээс 400 тэрбум долларын ашиг олдог юм. Тэгэхээр энэ том ашигтай бизнесийн орлогыг бууруулах сөрөг сурталчилгаа хийхийг би хүсэхгүй байна. Харин зүгээр л сүүлийн гурван сарын хугацаанд ажигласан зүйлсээ тантай хуваалцах болно.

Нууцлаг трендэд нэвтэрсэн нь

Миний эргэн тойронд дөнгөж гуч хүрч байгаа залуу аавуудаас эхлээд дөч хүртэлх насны идэвхитэй амьдралтай эрчүүд олон байдаг юм. Бид өмнө нь уулзахаараа гар бариад л шууд тамхилцгааж, мэнд мэддэг байсан бол сүүлийн үед энэ уламжлал тасалдах явдал эрс нэмэгдсэн болохыг би анзаарлаа. Эхлээд би таван залуу уулзахад гурав нь тамхи татаж, нэг нь тамхины оронд шинэ бохь задалж байгааг харсан юм. Тэр уулзалтын содон жишээ болсон эр надад хэлэхдээ "Чи тамхинаас гарчихаач, цээж хөнгөрөөд нэг л сайхан юм байна" гэлээ. Энэ нөхөр надтай хамт анх тавдугаар ангидаа тамхи татаж эхэлсэн юм. Өөрөөр хэлбэл би тухайн үед хорин жил тамхи татсан түүнийг эргээд удахгүй тамхи татна гэдэгт итгэлтэй байсан ч одоогоор тийм юм болсонгүй. 

Дараагийн удаа хэсэг найзуудтайгаа уулзахад өөр хоёр танил маань мөн тамхинаас гарснаа бахархалтайгаар мэдэгдэв. Тэр хоёрын нэг нь Батлан хамгаалах яаманд жилийн өмнөөс ажиллаж эхэлсэн болохоор би дэг журамтай газрын сайн нөлөө гэж дотроо оношилсон юм. Гэтэл өнөө хоёр ердөө л орой зааланд тоглохдоо илүү сайн сагс тоглохын тулд тамхиа хаясан болох нь удахгүй тогтоогдов. Тэд Playstation дээр сагс тоглохдоо үргэлж өгөө, аваатайгаар бие биенээ хождог байсан учраас хэн нь ялагдашгүй аврага вэ гэдгээ амьдрал дээр тогтоох өрсөлдөөн эхлүүлсэн юм билээ.

Орчин үеийн хандлага: Эрчүүд тамхийг хаяж байна (фото 1)

Яагаад тамхи гологдох болов?

Үнэндээ долоо хоногийн таван өдөр ажил-гэрийн хооронд завгүй гүйж, амралтын нэг өдрөө гэр бүлдээ зориулдаг дунд насны эрчүүдэд үлдсэн ганц өдрийг спорт хөөж өнгөрүүлэх амин чухал хэрэгцээ бий. Тиймээс "жийм"-д дасгалаа хийсэн шиг хийж, кайф авахад тамхины хэрэг ердөө ч хэрэггүй гэдгийг ухаарсан хүмүүсийг Улаанбаатарын аль ч фитнес клубээс олж болно. 

Холливүүдын одууд бол тамхинаас гарах гэж йогиор хичээллэх, сургалтанд суух зэрэг янз бүрийн арга хэрэглэсэн байдаг. Жишээ нь Мэтт Дэймон гэхэд ховсдуулах арга сонгосон бөгөөд гурван удаагийн оролдлогын дараа 16 жил "ханилсан" тамхиа хаяжээ. Харин йога бол стрессээс болж тамхинд орсон хүмүүст илүү тохиромжтой арга гэсэн. Тэгвэл Монголд тамхинаас гарсан залуучуудын бодит жишээнд юу нөлөөлөв гэдгийг сонирхож үзэхэд бяцхан гүнж, ханхүү нар өнөөх ховсдогчийн үүргийг гүйцэтгэсэн байна.

Орчин үеийн монгол залуус эмэгтэй хүн, бяцхан хүүхдүүдийг их хүндэлдэг, дэргэд нь янз бүрийн онцгүй зүйл хийхгүй байхыг хичээдэг болсон. Тиймээс олон залуус эхнэрээ дөнгөж жирэмсэн болмогц хордлого дээр нь хор нэмэхгүй гэсэндээ тамхиа багасгаж, улмаар бүр гарчихдаг байна.

Орчин үеийн хандлага: Эрчүүд тамхийг хаяж байна (фото 2)

Шинэ трендийн хамрах хүрээ

Тэгэхээр зарим хүмүүс "Энэ моод хаагуур дэлгэрээд байгаа юм бэ? Би лав харахгүй байна" гэж бодож байж болох юм. Сэтгүүлч миний ажигласнаар энэ трендийг дунд насныхан илүү их дагаж байна. Учир нь тэд хангалттай сайн шоудаж, эрх дураараа хийж болох олон юмыг гүйцээсэн учраас дахиж хэн нэгэнд сүрхий болж харагдах шаардлагагүй болсон. Мөн хамгийн гол нөлөөлж буй хүчин зүйл нь гэр бүлийн орчин юм. Өнгөрсөн 2015 онд гэхэд 82130 хүүхэд мэндэлсэн байгаагаас харахад тэр тооны эрчүүд тамхиа багасгах бодит шаардлага гарсан гэсэн үг.

Тамхи татахгүй байхын кайф нь юу вэ? 

Үнэндээ тамхийг хаялаа гээд тодорхой хэмжээний мөнгөн хэмнэлт гарч, эрүүл мэндээ тордох зэрэг олон талын сайн нөлөө гарна. Ядаж л цахилгаан шатанд өглөө, оройд хүмүүс шахалдаж байхад биеэс эвгүй үнэр гарахгүй. Хэдий цэмцгэр цамц, зангиатай байлаа ч тамхины хурц үнэр ямар ч эмэгтэйд сайхан сэтгэгдэл төрүүлдэггүй. Тэгэхдээ харин тамхинаас гарсан залууст хамгийн их таалагдсан зүйл нь өөрийгөө ялан дийлсэн мэдрэмж гэлээ. Тамхийг татахгүй тэвчиж чадсаны дараа өөрийгөө үнэлэх үнэлэмж эрс нэмэгддэг. Эхэн үедээ хэчнээн татмаар байсан ч өөрийгөө сатааруулж, сөрөг хүслээ дийлж чадсан мэдрэмж хэсэг хугацаанд никотин мэдэрснээс илүү таатай гэдгийг би өөрөө 40 хоног тамхи татаагүй байх хугацаандаа ойлгосон юм. Цайны цагийн дараа олон хүн "За, нэг сайхан тамхилъя" гэж ярьж байхад тэдэнтэй нэгдэхгүй, юу ч болоогүй юм шиг байх нь илүү күүл санагдсан.

Орчин үеийн хандлага: Эрчүүд тамхийг хаяж байна (фото 3)

Эмзэг цэг буюу эргэж татах шалтгаан

Ер нь бол тамхийг бүр мөсөн хаяна уу, түр зуур орхино уу аль нь ч бай татахгүй байна гэдэг нь л ач холбогдолтой юм. Тэгэхдээ спиртлэг шингэн зүйл хэрэглэх шаардлага гарах үед, мөн сэтгэл санаагаар унах, стресстэх зэрэг таагүй үйл явдлууд тамхийг эргэж татах хамгийн том шалтгаан болдог. Караоке эсвэл шөнийн клубт орох үед дотор халж, уур амьсгал халуухан болсны дараа үнэхээр их тамхи татмаар санагдаж байвал тэвчээрээ дахин нэг удаа шалгаад үзэж болох юм. Энэ үед витамин С-тэй шингэн зүйл их хэмжээгээр уух нь туслана. Харин сэтгэл санаагаар унах юм бол аль болох тамхиар бухимдлаа тайлахын оронд хэн нэгэнтэй утсаар ярих, эсвэл нийгмийн сүлжээнд, тэмдэглэлийн дэвтэртээ юм бичих зэрэг арга зүгээр юм байна лээ. Бүр болохгүй бол тэр зууртаа тамхи татаж болох л юм. Харин тайтгарсны дараа бол дахин татах эсэхээ нэг бодоод үзэхэд илүүдэхгүй болов уу. 

Хүмүүс тамхи татахаа больсны дараа юу хийдэг вэ?

Ихэнх нь уушгиндаа илүү анхаарал төвлөрүүлдэг. Миний хувьд хоёрдугаар сарын эхээр уушиг хөндүүрлэж өвдөх мэдрэмж төрөхөөр нь цээжний зургаа авахуулж, тамхи татахгүй байж үзэхээр шийдсэн. Энэ үед эмч тамхи татахаа больсныг сайшаагаад, уушиг цэвэрлэх эм санал болгосон юм. Тэгэхдээ тамхи татаагүй эхний 14 хоногт өмнөхөөсөө илүү их ханиаж, хамар битүүрсэн ч харин хоолны дуршил илүү их нэмэгдсэн. Энэ үед би супермодель Жизель Бундхен тамхинаас гарсныхаа дараа "Би өмнө нь хоол биш овоолсон үнс иддэг байснаа мэдсэн" гэдэг үгний амтыг ойлгох шиг болсондоо. Харин сарын дараа гэхэд өглөөд бие илүү хөнгөн болж, бас амьсгал маш чөлөөтэй болсон санагдсан. Энэ нь амьсгалын замыг цэвэршүүлдэг цэлмэнт хучуур гэх эд уушгинд сэргэн суусантай холбоотой юм билээ. Уушиг цэвэрлэх бэлдмэлийг эмчийн зааваргүй эмийн сангаас авч болдог учраас тамхи татдаггүй хүн ч хэрэглэж болно. Лаванда цэцгийн тосоор хийгдсэн болохоор амнаас ургамлын ханд үнэртдэг. Тэр нь тамхи татдаг байсан өдрүүдээс илүү таатай сэтгэгдэл төрж байсан.  

Одоо харин би тамхи татахгүй гурван сар болсны дараа арьсны өнгө хэрхэн сэргэхийг ажиглахаар хүлээж байна. Мөн цаашдаа жилийн дараа гэхэд энэ тренд хуучирч мартагдах уу эсвэл хүмүүст улам бүр дэлгэрэх үү гэдгийг үргэлжлүүлэн ажиглана. Хэрэв тэр үед илүү сонирхолтой зүйлс олж мэдвэл та бүхэндээ хуваалцах болно. 

 

цааш үзэх