Хайх

Редакторын сонголт: Валентины баяраар хайртдаа ямар бэлэг сонгох вэ?

Редакторын сонголт: Валентины баяраар хайртдаа ямар бэлэг сонгох вэ?

Бюрогийн хамт олон Валентины баярын бэлэгний "хүслийн жагсаалтаа" дэлгэж байна

Text: Г.Тэмүүлэн


Гэгээн Валентины баяр хаяанд ирсэн байгаа энэ өдрүүдэд эрчүүд ресторанд захиалга өгч, амьд цэцгийн баглааны эрэлд гардаг бол бүсгүйчүүд хайртдаа хамгийн амттай шоколад худалдан авахаар эсвэл өөрийн гараар ямар нэг өхөөрдөм зүйл хийж өгөхөөр догдолж байгаа гэдэгт бид итгэлтэй байна. Хэрэв та бэлэгний сонголтоо эцсийн мөчид хийдэг хүмүүсийн нэг бол танд бэлэгний санаа өгөх үүднээс Бюрогийн хамт олон дурлалт хосуудын өдрөөр өөрсдийн авахыг хүсдэг бэлэгний жагсаалтаа дэлгэлээ.

 

Ерөнхий редактор - Ө.Тодгэрэл

Редакторын сонголт: Валентины баяраар хайртдаа ямар бэлэг сонгох вэ? (фото 1)

Jo Malone Red Roses үнэртүүлэгч

Гэртээ орж ирмэгц шинэхэн сарнай цэцгийн үнэр угтан авах тэр мэдрэмж эмэгтэй хүн бүрт сайхан санагддаг. Jo Malone-ий энэхүү иштэй үнэртүүлэгч нь энгийн лаа хэлбэрийн үнэртүүлэгчтэй харьцуулахад илүү удаан хугацаанд, мөн хамгийн гол нь тогтмол үнэр ялгаруулан гэрийг үргэлж сайхан үнэртэй байлгадаг давуу талтай. Лаа унтрааж асаах талаар санаа зовохгүй байхын зэрэгцээ үргэлж шинэхэн цэцэгсээр дүүрэн орчинд байна л гэсэн үг.

Тасалгааны ургамал


Агаарын бохирдол ихэссэн энэ үед гэр болон оффисын орон зайдаа аль болох олон мод, ургамал авч тавихыг хичээж байгаа. Тэгээд ч интерьер дизайнд тасалгааны ургамал нь өнгө нэмж, байгальтай ойр буй мэт тохилог орчин бүрдүүлдэг шүү дээ.

 

Амьдрал, урлаг соёл булангийн редактор - Г.Тэмүүлэн

Редакторын сонголт: Валентины баяраар хайртдаа ямар бэлэг сонгох вэ? (фото 2)

Sony PlayStation 4 Pro консоль

4K дүрс, 1080p-1440p нарийвчлалтай энэхүү консоль нь тоглоомын баатрууд, орчин тойрныг нарийн детальтай, бодитоор харуулах бөгөөд тоглож байгаа хүнд яг л бодит амьдрал дээр байгаа мэт эсвэл кино үзэж байгаа мэт сэтгэгдэл төрүүлдэг. Миний бодлоор хосууд хаашаа ч гаралгүй хамтдаа тоглож, хоорондоо өрсөлдөн, адал явдалд автах нь Гэгээн Валентины баярын төгс төлөвлөгөө байх болно.

Bally Amoeba гар цүнх

150 гаруй жилийн түүхтэй Швейцарын тансаг зэрэглэлийн Bally брэнд нь контемпорари стилийн цэвэр арьсан цүнхнүүдийг урладаг бөгөөд загварууд нь авсаархан хэрнээ багтаамж сайтай, оффис, арга хэмжээ гээд ямар ч нөхцөлд тохиромжтой байдаг нь надад үнэхээр таалагддаг. Энэхүү зөөлөн ягаан өнгийн өхөөрдөм зүрхэн хатгамалтай загвар нь романтик сэдэл төрүүлэхээс гадна урин дулаан цаг ирж байгааг илтгэнэ.

 

Арт директор - М.Хандаа

Редакторын сонголт: Валентины баяраар хайртдаа ямар бэлэг сонгох вэ? (фото 3)

Pandora бугуйвч

Дэлхий даяар алдартай Данийн Pandora брэндийн "charm" буюу чимэглэлтэй бугуйвчийг одоо Монголоос худалдан авах боломжтой болсон. Нийт 600 гаруй төрлийн сэдэв болон хийцтэй чимэглэлээс өөрийн хүссэн загвараа сонгон бугуйвчаа тоноглон, дахин давтагдашгүй загвар бүтээх боломжийг олгодог нь тус брэндийн гол онцлог нь болдог. Pandora брэндийн бугуйвчийг нэг удаа авсан байхад дараа нь олон төрлийн чимэглэлээр тоноглон, хүссэнээрээ өөрчлөн зүүж эсвэл амьдралынхаа онцгой мөч бүрийг тохиолдуулан шинэ "charm" нэмж аван, дурсамж цуглуулах боломжтой. Үүнээс гадна цаашдаа ч ойр дотны хүмүүс маань надад бэлэг сонгоход амар байх болно.

Apple AirPods чихэвч

W1 чип ба тусгай мэдрэгчтэй энэхүү утасгүй чихэвчийг хоёр удаа товшин Siri-тэй холбогдож, дуу чимээг тохируулж, дуудлага хийж, бүр байршил, газарзүйн талаар мэдээлэл авч ч болно. Цүнхэнд хийхэд эсвэл чихэвчээ зүүн өөр ямар нэгэн үйлдэл хийхэд утас нь орооцолдохгүй нь их амар санагдаж байгаа. Мөн сүүлийн үеийн iPhone утасны загварт чихэвчний оролтыг хассан тул утсаа цэнэглэж байх үед чихэвч ашиглах боломжгүй болсон. Харин AirPods-ыг авснаар утсаа цэнэглэж байхдаа олон үйлдэл нэгэн зэрэг хийх боломж бүрдэнэ.

 

Маркетингийн менежер - Б.Амина

Редакторын сонголт: Валентины баяраар хайртдаа ямар бэлэг сонгох вэ? (фото 4)

Bang & Olufsen: The Beosound Edge спикер

Ганцхан өөртөө зориулж гэхээс илүү хэн хэндээ хэрэг болохуйц бэлэг сонгохыг хүссэн. True360 хүчирхэг дуугаралттай, гарын хөдөлгөөнөөр удирдах боломжтой энэхүү спикерийн минимал дизайн анх харахад л таалагдсан юм. Шалан дээр шууд байршуулах эсвэл ханан дээр өлгөх боломжтой тул гэрт өвөрмөц өнгө төрх нэмнэ.

Enno Vatti 100 Movies Scratch Off зурагт хуудас

Кино шүүмжлэгчид ба үзэгчдээс асар өндөр үнэлгээ авсан бүх цаг үеийн шилдэг 100 киноны дүрстэй зурагт хуудсыг ханандаа өлгөөрэй. Үзсэн кино бүрийнхээ хэсгийг хусаж, дүрсийг нь харах боломжтой. Зурагт хуудаст хэзээ ч хуучрашгүй сонгодог бүтээлүүдээс эхлээд орчин үеийн блокбастер хүртэл бий. Амралтын өдрүүд, ажлын дараах цагаа хамтдаа кино үзэж өнгөрөөх дуртай болохоор энэхүү постерыг сонгосон. Өмнө нь үзсэн ч дахиж үзэхээс татгалзахгүй, төрөл бүрийн кино багтаасан нь их таалагдсан. Кино бүрийг үзэж дуусгаад, постероо жаазанд хийн гэртээ байршуулбал хэн хэндээ дурсгалтай байх болно.

 

Санхүүгийн алба / Оффис менежер - С.Дөлгөөн

Редакторын сонголт: Валентины баяраар хайртдаа ямар бэлэг сонгох вэ? (фото 5)

Lamy Lx үзэг

Германы Lamy брэндийн Lx загварын металлик гадаргуутай үзэг нь чанартай бичгийн хэрэгсэл болоод зогсохгүй загварлаг аксесуар юм. Ажлын онцлогоос хамаарч чухал зүйлсээ ихэвчлэн гараар бичин, тэмдэглэж авах шаардлага гардаг. Мөн маш хурдан бөгөөд цэвэрхэн бичих шаардлагатай байдаг тул Lamy брэндийн хөнгөн, эвтэйхэн үзэгнүүд хамгийн тохиромжтой санагдсан. Энэхүү гоёмсог үзэг нь мөн тосон бал, үзгэн бал гэсэн сонголтуудтай.

DJI Mavic 2 Zoom дрон

Гэр бүл болон найз нөхөдтэйгөө аялж зугаалах үедээ дрон ашиглан хамгийн хөгжилтэй бас аз жаргалтай мөчүүдээ дурсамж болгон хадгалж үлдэхийг хүсдэг. Харин DJI брэнд үргэлж шилдэг дронуудыг үйлдвэрлэж ирсэн тул миний хүслийн жагсаалтад багтсан байгаа. Ердөө 905 г жинтэй энэхүү авсаархан дрон нь дүрсийг томруулан харуулах боломжтой гэдгээрээ онцлогтой. Камерын линз нь тухайн объектыг хоёр дахин татаж ойртуулдаг (24-48 мм) бөгөөд өндөр нарийвчлалтай зураг болон бичлэг хийх боломжийг олгодог.

 

Сэтгүүлч, бүтээлч дизайнер - Ц.Намуун

Редакторын сонголт: Валентины баяраар хайртдаа ямар бэлэг сонгох вэ? (фото 6)

Crosley C6 пянз тоглуулагч

Орчин үеийн залуус аливаа зүйлийн мөн чанарыг эрэлхийлэн, утга агуулгад илүү анхаарал хандуулах болжээ. Үүний нэг тод жишээ бол дуу хөгжмийг илүү бодитоор мэдрэх боломж олгох пянз тоглуулагч юм. Crosley брэндийн энэхүү пянз тоглуулагч нь угсарч, хэрэглэхэд маш хялбар тул анхан шатны пянз цуглуулагч нарт хамгийн тохиромжтой. Авсаархан, орчин үеийн дизайнтай уг пянз тоглуулагч нь нийт хоёр төрлийн хурдны эргэх тохиргоотой байгаа.

Coldplay "A Head Full of Dreams" пянз

Харин пянзнаас гарах аялгуу нь тоон систем дээр бичигдсэн дууг бодвол илүү сүнслэг, бодит мэдрэмжийг төрүүлдэг бол материаллаг чанарын хувьд үнэт зүйлийн шинжтэй байдаг. Тиймээс хамгийн дуртай хамтлагийн нэг болох Coldplay хамтлагийн "A Head Full of Dreams" пянзыг сонгохоор шийдсэн юм. "Amazing Day", "Up & Up" зэрэг dream pop хэв маягтай энэхүү цомог хайртай хүнд тань урам зориг бэлэглэнэ гэдэгт итгэлтэй байна.

 

Ерөнхий захирал - Ө.Содгэрэл

Редакторын сонголт: Валентины баяраар хайртдаа ямар бэлэг сонгох вэ? (фото 7)

Grease Wellness Spa төвийн эрхийн бичиг

Хайртай хүнтэйгээ хоёулаа массажинд орох юмсан гэж ярьдаг болов ч амждаггүй залуу хосуудад өөрсдөдөө өгөх маш гоё бэлэг гэж бодож байна. Шангри-Ла зочид буудал дотор байрлах, саяхан нээгдсэн Grease Wellness Spa төвд хамтдаа нэг өдрийг хайраар дүүрэн, өөрсдийгөө эрхлүүлж, алжаалaa тайлан өнгөрөөх нь миний хувьд гэгээн Валентины төгс болзоо.

"The Finer Things: Timeless Furniture, Textiles and Details" ном

Интерьер дизайнд дуртай хэн бүхэнд энэ ном таалагдах нь гарцаагүй. Чанартай зүйлсийн талаар өгүүлэх энэ ном нь хэрхэн гэрээ үргэлж классик харагдуулах, өв залгамжлан үлдэх тавилгаар тохижуулах, мөн ханын цаас бүтсэн түүхээс эхлээд зургийн жааз хэрхэн бүтсэнийг тайлбарлажээ. Энэхүү номоос маш олон бүтээлч сэдлийг олж авах бөгөөд кофены ширээн дээр маш гайхалтай харагддаг давуу талтай.

 

Борлуулалтын менежер, гэрэл зурагчин - Г.Мишигбат

Редакторын сонголт: Валентины баяраар хайртдаа ямар бэлэг сонгох вэ? (фото 8)

Reebok юүдэнтэй цамц

UFC буюу холимог тулааны урлагийн шүтэн бишрэгчдэд Reebok брэндийн энэхүү юүдэнтэй цамц төгс бэлэг болно. Reebok брэнд нь UFC-н албан ёсны түншийн хүрээнд тэмцээний болон бие халаалтын хувцас хэрэглэлийг үйлдвэрлэдэг. Би сүүлийн үед кроссфитээр хичээллэж байгаа бөгөөд эрчимтэй дасгал хийх үед тохирох, эвтэйхэн хувцас, өмсгөл их чухал болохыг ойлгосон. Зөөлөн, дулаан материалтай уг юүдэнтэй цамц нь бие халаалт хийх үед хурдан халж, биеийн дулааныг харьцангуй удаан хадгалдаг тул бэлтгэлийн үеэр өмсөхөд зохимжтой санагдсан.

Reebok бэлтгэлийн өмд

Цэвэр даавуун материалтай энэхүү бэлтгэлийн өмд нь дасгал хийх үед бие барьж, хөдөлгөөнд саад болдоггүй. Мөн маш дулаахан атлаа агаар чөлөөтэй нэвтрүүлдэг тул аль ч улиралд өмсөхөд тав тухтай мэдрэмж төрүүлдэг. Ер нь зөвхөн Гэгээн Валентины өдөр гэлтгүй бусад баяр ёслолоор ч хосууд бие биедээ хэрэгцээтэй бэлэг өгөх нь зүйтэй юм болов уу гэж би боддог.

Сэтгэгдэл бичих

цааш үзэх