Хайх

Батлагдсан: Мона Лизагийн харагдах байдал таны сэтгэл хөдлөлөөс шалтгаална

Батлагдсан: Мона Лизагийн харагдах байдал таны сэтгэл хөдлөлөөс шалтгаална

Таны сэтгэл хөдлөлийн тусгал

Text: Бюро 24/7

Сан-Франциско дахь Калифорнийн их сургуулийн эрдэмтэд нэгэн алдартай уран бүтээлийн талаар маш сонирхолтой судалгаа хийсэн байна. Тодруулбал хүмүүс Леонардо да Винчигийн Мона Лиза уран зурагт өөрийн сэтгэл хөдлөлийг шингээдэг болохыг судлаачид тогтоожээ.

Эрдэмтдийн үзэж буйгаар бидний сэтгэл санааны байдал тухайн урлагийн бүтээлийг хэрхэн хүлээн авч байгаад нөлөөлдөг гэнэ. "Хэрэв та нөхөртэйгөө муудалцсаны дараа Мона Лизагийн зургийг харвал та түүнийг огт өөр өнцгөөс хүлээн авах болно. Харин Луврын музейгээр зугаалж, таашаал авч чадвал та Мона Лизагийн нууцлаг инээмсэглэлийг олж харна" хэмээн судалгааны багийн гишүүн Эрика Сигель Daily Mail сонинд ярьжээ.

Энэхүү судалгаа нь хүний тархи нь өмнөх туршлага дээр суурилж ирээдүйд хүлээлт үүсгэдэг гэсэн онол дээр үндэслэсэн байна. Уг судалгаанд нийт 43 хүн оролцсон бөгөөд хүн бүрт цуврал хөрөг зургуудыг үзүүлжээ. Гэхдээ ингэхдээ хүмүүсийн баруун ба зүүн нүд тус бүрт өөр, өөр зургуудыг харуулсан байна. Учир нь хүн бүхэнд давамгай нүд гэж байдаг ба хүмүүс давамгай бус нүдээрээ харсан зүйлсээ дотоод ухамсартаа тогтоож авдаг гэж эрдэмтэд үзжээ. Жишээ нь туршилтанд хамрагдагсдын давамгай нүдэнд тодорхой бус сэтгэл хөдлөл гаргасан хүмүүсийн хөргийг харуулсан бол давамгай бус нүдэнд жаргалтай, ууртай, инээмсэглэсэн гэх зэрэг маш хүчтэй сэтгэл хөдлөл харуулсан царайнуудыг үзүүлжээ.
Үүний үр дүнд хүмүүс давамгай бус нүдээрээ инээмсэглэсэн зураг харсан тохиолдолд тодорхой бус сэтгэл хөдлөлтэй хөрөг зургуудыг ч илүү аз жаргалтай хэмээн үзэж байсан гэнэ.

Дашрамд дурдахад уг туршилт нь Мона Лизагийн нууцлаг инээмсэглэл дээр суурилсан анхны судалгаа биш юм. Тухайлбал 2005 онд Мона Лизагийн учир битүүлэг инээмсэглэлийн мөн чанарыг судлахаар хэсэг эрдэмтэд хүний сэтгэл хөдлөлийг таньдаг тусгай программ ашиглаж байсан удаатай. Судалгааны үр дүнд Мона Лизагийн инээмсэглэл нь 83% аз жаргал, 9% жигшил, 6% айдас, 2% нь уур хилэнгээс бүрдсэн хэмээн тогтоогдож байжээ.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

Сэтгэгдэл бичих

цааш үзэх