Хайх

Утсаар ажлын ярилцлагад орох үед эвгүй байдалд орохоос хэрхэн зайлсхийх вэ?

Утсаар ажлын ярилцлагад орох үед эвгүй байдалд орохоос хэрхэн зайлсхийх вэ?

Утсаар ярих соёл

Text: Buro.Mongolia


Зураг:

Олон нийтийн сүлжээ ба зурвас хэт их ашиглах нь биднийг утсаар зөв харилцахыг мартахад хүргэдэг. Таны карьерын ирээдүй шийдэгдэх чухал дуудлагын үеэр биеэ зөв зохистой авч явах, алдаа гаргахаас хэрхэн сэргийлэх талаар Merito Group-ийн мэргэжилтэн Кэролин Томпсон зөвлөж байна.

Утсаа ав

Сүүлийн үед маш олон хүн утсаа аван дуудлагад хариу өгдөггүй болсныг мэргэжилтэн онцолж байна. Ажил олгогч таны дуу хоолойг сонсохыг хүсдэг тул стресс, эргэлзээ болон бусад шалтгаануудыг үл харгалзан та заавал утсаа аваарай. Хэрэв тантай ярилцахыг хүсээгүй бол тань руу залгахын оронд цахим шуудан илгээж болох л байсан шүү дээ.

Яарч, сандарч, биеэ барих хэрэггүй

Зарим ажил хайгчид утсаар ярихыг амьд харилцаа шиг чухалчилдаггүй тул хэт богино хариулт өгч, яриаг хурдан дуусгахыг хүсдэг. Заримдаа энэ нь бүр бүдүүлэг, мэргэжлийн бус сонсогдох нь бий. Тиймээс үргэлж тайван байж, бүрэн гүйцэд өгүүлбэрээр ярихыг туршлагатай мэргэжилтнүүд зөвлөж байна. Хэрэв ажил олгогчид таныг сонсох цаг бага байгаа бол тэр танд үүнийг заавал мэдэгдэх болно.

Шивнэх хэрэггүй

Зарим тохиолдолд таныг ид ажилтай байх үед шинэ ажил олгогчоос дуудлага ирэх тохиолдол гарна . Гэхдээ энэ нь та дуугаа намсгаж, шивнэж ярих хэрэгтэй гэсэн үг биш юм. Учир нь ингэсэн тохиолдолд таныг тухайн албан тушаалд орох хангалттай хүсэл сонирхолгүй байна гэж ажил олгогч ойлгох болно. Хэрэв та үнэхээр хамт ажилладаг хүмүүстээ саад болохгүй байхын зэрэгцээ шинэ ажил олгогчдоо таатай сэтгэгдэл төрүүлэхийг хүсч байвал чимээ шуугиангүй газар олж, өөрийн хэвийн дуу хоолойгоор яриарай.

Утсаа авахаасаа өмнө гүнзгий амьсгаа аваарай

Сайтар тунгаах хэрэгтэй асуулт гарч ирвэл та гүнзгий амьсгаа авч, бага зэрэг бодох хугацааг өөртөө олгоорой. Ингэснээр та амандаа бувтнаж, сул үг хэрэглэхээс зайлсхийнэ.

Эцэст нь утсаар эсвэл биечлэн ажлын ярилцлагад орох үедээ доорх асуултуудыг ярианыхаа төгсгөлд тавиарай. Эдгээр асуултууд нь таныг тухайн албан тушаалыг чин сэтгэлээсээ сонирхож байгааг илтгэнэ.

"Би таны асуусан бүх асуултад хариулж чадсан болов уу?"

"Уг албан тушаалд яг ямар хүн төгс тохирох вэ? Би та бүхний хайж буй хүнд хэр ойртож байна вэ?"

"Танай компанийн гол өрсөлдөгч хэн бэ? Мөн тэдэнтэй харьцуулахад та бүхний давуу тал юу вэ?"

"Энэхүү албан тушаалд ажиллахад ямар хүндрэлүүд тулгардаг вэ?"

"Ердийн нэг ажлын өдөр хэрхэн өнгөрдөг вэ?"

"Та бүхнийг шийдвэр гаргахад туслах миний хийж чадах ямар нэг зүйл бий юу?"

"Хүмүүс танай компанид яагаад ажиллах дуртай байдаг вэ?"

"Энэ шинэ албан тушаал уу? Хэрэв үгүй бол өмнөх ажилтан яагаад гарсан бэ?"

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх