Хайх

Ямар зан чанартай хүмүүс гэрээсээ ажиллахад тохиромжтой вэ?

Ямар зан чанартай хүмүүс гэрээсээ ажиллахад тохиромжтой вэ?

Шинэ судалгаа

Text: Бюро 24/7


Зураг:

Заавал оффист сууж ажиллана гэсэн дүрэм журам өдөр ирэх тусам хоцрогдож, цаашид ч эрч нь буурах хандлагатай байна. Жил ирэх тутам хүмүүс ажлын уян хатан нөхцөлийг эрэлхийлж, гэрээсээ ажиллах боломжийг анхааралдаа авах болжээ. 2018 онд гэхэд л 3,9 сая Америк хүн ажлын цагийн тэн хагаст гэрээсээ ажилласан гэдгийг Flexjobs компани мэдэгдсэн байна. Асар хурдацтай хөгжиж буй шинэ эрин үед бид "Гэрээсээ ажиллах боломжтой ажил хийж үзэх хэрэгтэй юм болов уу?" хэмээн өөрсдөөсөө асуун, шинэ боломжуудыг хайх нь ч зүй ёсны хэрэг юм. The European Journal of Work and Organizational Psychology сэтгүүлд нийтлэгдсэн шинэ судалгаанд тухайн хүний алсын зайнаас ажиллах чадвар нь нийт хоёр зан чанараас хамаардаг болох нь тогтоогджээ.

Бэйлорын их сургуулийн эрдэмтэд алсын зайнаас ажилладаг 400 гаруй хүнийг хамарсан хоёр судалгаа явуулсан байна. Судлаачид судалгаанд хамрагдагсад хэр их ачаалалтай ажилладаг, хэр их стресст өртдөг болон ерөнхийдөө ямар зан араншинтай хүмүүс болохыг нь тодорхойлжээ. Тэд тухайн хүний бие даасан байдал (байнгын хараа хяналтгүй үед ажиллах чадвар) болон сэтгэл санааны тогтвортой байдал (сорилтод хариу үйлдэл үзүүлэх арга барил) алсаас ажиллах чадварт хамгийн том нөлөө үзүүлдэг болохыг тогтоосон байна.

Өөрөөр хэлбэл гэрээсээ ажиллах нь сэтгэл санааны хувьд тогтвортой, илүү биеэ даасан хүмүүст хамгийн тохиромжтой аж. Энэ талаар судалгааны багийн ахлагч Сара Перри "Хэрэв ажил дээр ямар нэг асуудал гарвал сэтгэл санааны хувьд тогтвортой хүмүүс үүнийг хүлээн авч, эерэг хандахын зэрэгцээ хурдан шийдвэрлэхийг хичээдэг. Харин сэтгэл санааны хувьд тогтворгүй хүмүүс урам нь хугарч, асуудлыг шийдвэрлэхийн оронд шантарч, эрч хүчээ барах тохиолдол гардаг" хэмээн тайлбарлалаа.

Мөн гэрээсээ ажилладаг хүмүүс цаг үргэлж даргатайгаа холбогдолгүйгээр өөрөө бие дааж шийдвэр гаргаж ажиллах шаардлагатай болдог. Тиймээс бие даасан байдлыг эзэмшиж чадаагүй бол алсын зайнаас ажиллах нь маш хэцүү даалгавар болдог гэдгийг судлаачид хуваалцсан юм.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

Сэтгэгдэл бичих

цааш үзэх