Хайх

Цэвэр агаарт дасгал хийх талаар бид юу мэдэх хэрэгтэй вэ?

Ямар хэрэгсэл сонгож, юу бэлдэх талаар мэргэжилтнүүд ярьж байна

Text: Buro.Mongolia


Зураг:

Цэвэр агаарт дасгал хийх талаар бид юу мэдэх хэрэгтэй вэ?

Сүүлийн үед гадаа, цэвэр агаарт дасгал хийх нь жинхэнэ тренд болж байна. Хүн бүр өөрийн бололцоо ба сонирхолд тохируулан хичээллэх боломжийг олгодог ийм төрлийн дасгалын талаар бид юу мэдэх хэрэгтэй вэ?

Цэвэр агаарт дасгал хийх талаар бид юу мэдэх хэрэгтэй вэ? (фото 1)

Ямар дасгал хийх вэ?

Гадаа дасгал хийхэд ямар нэгэн хязгаар гэж үгүй. Жишээ нь спорт алхаа, гүйлтийн ба дугуйт дасгалууд, йог, сунгалт, олон төрлийн булчингийн дасгалууд, TRX олстой дасгал, кроссфит эсвэл скандинавын алхалт байж болно. "Хэрэв дасгалаа илүү олон янзын бөгөөд цогц болгохыг хүсвэл йогийн матрас, дээс, сунгагч, TRX олс, хүндрүүлэгч зэрэг нэмэлт хэрэгслүүд авч гарч болно" гэж Санкт-Петербург хотын бодифитнесийн хоёр удаагийн аварга, ОХУ-ын бодифитнесийн мөнгөн медальт, сонгодог бодибилдингийн хүрэл медальт тамирчин, Grow Food компанийн төлөөлөгч Дарья Наваррская зөвлөж байна.

"Кроссфит бол ямар нэг гэмтэлгүй мөн өөрсдийгөө юугаар ч хязгаарладаггүй, мэргэжлийн түвшинд спортоор хичээллэх дуртай хүмүүст тохиромжтой. Харин скандинав алхалт болон гүйлт нь нэгэн хэвийн, удаан хугацааны ачаалалд дуртай хүмүүст тохирно. Йогоор хүн бүр хичээллэж болох ч энэхүү дасгал нь биеийг булчинлаг болгохгүй. TRX төхөөрөмж болон өөрийн биеийн жинг ашиглан хийдэг дасгал нь бүх хүнд тохирох бөгөөд ачааллыг тухайн хүний онцлогт тохируулан сонгож болно" гэж Fitness Junkie студийн дасгалжуулагч Михаил Резников ярьж байна.

"Гүйлт бол тэсвэр тэвчээрийг нэмэгдүүлж, зүрх судасны үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг аэробикийн дасгал бөгөөд бие организмын бодисын солилцоог сайжруулснаар жингээ барихад тусална. Скандинав алхалт мөн л тэсвэр тэвчээрийг сайжруулахын зэрэгцээ үндсэн булчингуудыг чангалдаг хамгийн үр дүнтэй дасгалуудын нэг юм. Энэхүү дасгалын үеэр тусгай таяг ашигладаг байгаа" гэж World Class фитнес клубын Outdoor хөтөлбөрийн удирдагч Алексей Хухорев онцолж байна.

Цэвэр агаарт дасгал хийх талаар бид юу мэдэх хэрэгтэй вэ? (фото 2)

Дасгал хийхийн өмнө хэрхэн бэлдэх вэ?

Дасгал хийхээсээ өмнө үе мөч, булчин шөрмөс, мөн зүрхээ ачаалалд бэлтгэхийн тулд сунгалтын дасгал хийхийг Дарья Наваррская зөвлөжээ. "Хичээллэж эхлэхээс дор хаяж нэг цагийн өмнө ямар нэг зүйл идсэн байх ёстой. Эс бөгөөс дасгал үр дүнгүй болно. Гүйхийн өмнө их хэмжээний нүүрс ус идэх шаардлагагүй. Нүүрс ус нь булчингийн дасгал хийхэд илүүтэйгээр шаардагддаг. Яагаад гэвэл энэ үед бие организмд маш их хэмжээний энерги шаардлагатай болдог юм" гэж Raketa.Fit клубын фитнес захирал хуваалцлаа.

"Хэрэв тухайн хүн урьд нь хэзээ ч фитнесээр хичээллэж байгаагүй бол бэлтгэл хийхээсээ өмнө эхлээд заавал дасгалжуулагчтайгаа ярилцаж, гэмтэл авч байсан эсэх мөн ямар нэг хязгаарлалт байгаа эсэхийг мэдэгдэх хэрэгтэй. Мөн шууд л өөрийнхөө хэмжээнээс хэтэрсэн дасгал хийлгүйгээр аажмаар ачааллаа нэмэгдүүлэх нь зүйтэй" гэж Fitness Junkie студийн дасгалжуулагч онцолсон юм.

Анхны бэлтгэлийг сайхан цаг агаартай (гэхдээ халуун биш) өдөр, яаралгүй хийх хэрэгтэй. "Хүн бүр өөрийн гэсэн биологийн хэмнэл болон цагийн хуваарьтай. Гэхдээ ганц зүйлийг онцолж хэлэхэд өглөө дасгал хийдэг хүмүүс бэлтгэлээ алгасах тохиолдол ховор байдаг шүү" гэж World Class сүлжээ фитнес клубын Outdoor хөтөлбөрийн удирдагч ярилаа.

Цэвэр агаарт дасгал хийх талаар бид юу мэдэх хэрэгтэй вэ? (фото 3)

Ямар хэрэгсэл шаардлагатай вэ?

Хувцас ба гуталны сонголт ямар төрлийн дасгал хийхээс шалтгаална. "Хувцас худалдаж авахдаа хэмнэж болох ч гутланд харин мөнгө харамлаж болохгүй. Ялангуяа энэ нь гүйлтийн дасгал хийдэг хүмүүст хамааралтай юм. Мөн компьютерын оношилгоо хийлгэж, өөрийн хөлд тохирох гутлыг сонгож болно. Анх гүйж эхэлж байгаа хүмүүс хэзээ зогсож, хэзээ хурдаа нэмэхээ маш сайн ойлгох хэрэгтэй байдаг тул зүрхний цохилт хэмждэг төхөөрөмж худалдан авахыг зөвлөж байна" гэж Raketa.Fit. студийн фитнесс захирал ярьсан юм.

"Скандинавын алхалтаар хичээллэх гэж буй хүмүүст тусгай хамгаалалттай пүүз тохирно. Харин дугуйн спортоор хичээллэх гэж буй хүмүүст тусгай дугуйн гутал, хослол, дуулга, нүдний шил ба усны савны хэрэгцээ гарах ч бүгдийг нь нэг дор худалдан авалгүйгээр чадвараа сайжрах хэрээр бага багаар цуглуулж болно. Анх удаа бэлтгэлд гарахдаа өөрт байгаа зүйлээ өмсөөд л дасгалаа хийж үзэхэд хангалттай" гэж World Class сүлжээ фитнес клубын Outdoor хөтөлбөрийн удирдагч зөвлөж байна.

Цэвэр агаарт дасгал хийх талаар бид юу мэдэх хэрэгтэй вэ? (фото 4)

цааш үзэх