Хайх

Спорт оношилгоо: Фитнесээр хичээллэхээс өмнө яагаад шинжилгээ хийлгэх хэрэгтэй вэ?

Спорт оношилгоо: Фитнесээр хичээллэхээс өмнө яагаад шинжилгээ хийлгэх хэрэгтэй вэ?

Фитнесийн өмнөх эрүүл мэндийн үзлэгийн талаар “World Class” клубийн эмч ярьж байна

Text: Buro.Mongolia


Зураг:

Орчин үед фитнес ба сонирхогчдын спортоор хичээллэж эхлэх гэж буй хүмүүс заавал оношилгоонд хамрагдах хэрэгтэй болжээ. Учир нь бэлтгэлийн үр дүн дасгалын дараах нөхөн сэргэлтээс шууд шалтгаална гэдгийг хүн бүр мэднэ. Бие организмын нөхөн сэргэх хугацаа бэлтгэлийн ачааллаас шууд шалтгаалдаг. Орчин үеийн хурдацтай амьдралын хэмнэл нь биднийг хэр их давтамжтайгаар, ямар ачаалалтайгаар бэлтгэл хийж, амрахыг нарийн төлөвлөх шаардлагатай болгож байна. Үүнээс шалтгаалж бид хүссэн хугацаандаа хүссэн үр дүндээ хүрэх нөхцөл байдал бий болдог. Гэхдээ хүн бүрийн бие организм, чадамж өөр тул бүх хүнд нэгэн зэрэг тохирох дасгалын хөтөлбөр гэж байхгүй. Тиймээс спортоор хичээллэхээс өмнө оношилгоонд хамрагдсанаар бие организмын ерөнхий төлөв байдлыг олж тогтоон, ямар үр дүнд хүрэх боломжтойг мэдэж болно. Мөн дасгалжуулагч энэхүү үзлэг дээр тулгуурлан хамгийн үр дүнтэй бас аюулгүй дасгалын хөтөлбөрийг зөвхөн танд зориулан боловсруулж өгөх юм.

Дасгалын өмнөх шинжилгээ

Эмч болон дасгалжуулагчтай хамтран шинжилгээнд хамрагдах нь зайлшгүй шаардлагатай зүйл юм. Учир нь ингэснээр эмч таны эрүүл мэндийн сул талуудыг олж тогтоон тухайн хүнд тохирсон аюулгүй бэлтгэлийн ачааллыг хэлж өгөх боломжтой. Харин дасгалжуулагч тухайн хүний бие бялдрын хүчин чадлыг нэмэгдүүлэх, тэр ч бүү хэл эрүүл мэндийн байдлыг нь дээшлүүлэх зорилготой тусгай хөтөлбөр гаргаж өгнө. Ингээд ч зогсохгүй маш олон өвчин, эмгэгүүдийг эхний үе шатанд нь олж тогтоож сайтар боловсруулсан дасгал хөдөлгөөний тусламжтай эмчлэх боломжтой байдаг.

Ялангуяа маш удаан хугацааны турш завсарласны дараа эргээд бэлтгэлдээ орох үед эдгээр зүйлс нь өндөр ач холбогдолтой. Бидний тархи 20 жилийн өмнө бэлтгэл сайтай байсныг санах боловч бодит байдал дээр бие организм өөрчлөгдсөн байдаг. Энэ тохиолдолд шинжилгээ хийлгэх нь бие организмын бодит төлөвийг дүгнэж, тохиромжтой дасгалын хөтөлбөр боловсруулахад тусална. Үүнээс гадна бие организм ачаалал авахгүй байх үед өвчин эмгэгүүд огт илрэхгүй байх тохиолдол гардаг. Тэгвэл энэхүү "light" дэглэмийн үед бидний биед ямар нэг өвчин эмгэг нуугдаж байгаа талаар огт олж мэдэхгүй байх хэрнээ стресстэй нөхцөл байдал үүсэхэд (жишээ нь гэнэт ачаалал ихтэй бэлтгэл хийх) өвчин сэдрэх магадлал үүсдэг тул заавал шинжилгээ хийлгэж, үзлэгт хамрагдах хэрэгтэй.

Спорт оношилгоонд зүрх судас болон бусад эрхтний ЭКГ (зүрхний цахилгаан бичлэг), ЭХО (хэт авиан шинжилгээ), ачаалалтай ЭКГ сорил, хийн шинжилгээ, мөн шаардлагатай тохиолдолд (өвчтөний зовиураас шалтгаалж) цусны шинжилгээ хамрагдана. Түүнчлэн биеийн бүтцийг шинжлүүлэхийг мэргэжилтнүүд давхар зөвлөдөг.

Спорт оношилгоо: Фитнесээр хичээллэхээс өмнө яагаад шинжилгээ хийлгэх хэрэгтэй вэ? (фото 1)

Оношилгоонд хамрагдах заалтууд

Хүн бүр бэлтгэл хийж эхлэхээс өмнө спорт оношилгоонд хамрагдах хэрэгтэй. Ялангуяа та 40 насны босго давсан бол эсвэл удаан хугацааны турш бэлтгэл хийгээгүй бол оношилгоо зайлшгүй шаардлагатай. Хэрэв хэн нэгэн хэзээ нэгэн цагт танд холестерин эсвэл цусны шинжилгээ тань асуудалтай байгааг хэлж байсан бол, аль нэг хамаатан тань зүрх судасны эмгэгтэй бол эсвэл та өндөр халуурдаг ханиад томуу хүрч байсан бол заавал спорт оношилгоо хийлгэх хэрэгтэй. Мөн та артерийн даралт өндөртэй ч үүнийгээ хэвийн хэмээн тооцдог бол энэ нь хэвийн бус гэдгийг санаарай.

Сонирхогчдын спортоор хичээллэдэг хүмүүс , олон давталттай спортын төрлүүдээр хичээллэдэг тамирчид (биатлон, цана, триатлон, сэлэлт г.м) ба бодибилдингийн тамирчид жилд 2-4 удаа энэхүү оношилгоонд тогтмол хамрагддаг байна.

Спорт оношилгоо: Фитнесээр хичээллэхээс өмнө яагаад шинжилгээ хийлгэх хэрэгтэй вэ? (фото 2)

Эрүүл мэндийн байдлаа шалгуулах нь

Спорт оношилгоо хийлгэх үед огт зовиургүй ямар нэг эмгэг илрэх тохиолдол гардаг. Энэ нь тухайн хүн амьдралын хэв маягаа өөрчилж, бэлтгэл хийж, хоолны дэглэмээ солихоос өмнө тухайн өвчин эмгэгийг судалж, дүгнэх маш том боломж байдаг.

Энэ тохиолдолд дасгалын хөтөлбөрийг тухайн хүний онцлогт тусгайлан боловсруулах бөгөөд бэлтгэл хийх явцад биеийн байдлаа тогтмол шалгуулж байх хэрэгтэй. Ингэснээр тухайн дасгал хөдөлгөөн эрүүл мэндийг улам бүр дордуулахгүй харин ч ашиг тус авчирна гэдэгт итгэлтэй байж болох юм. Эмч ба дасгалжуулагч даралт, зүрхний цохилтыг анхааралтай ажиглаж, хэрэв шаардлагатай бол бэлтгэлийн ачааллыг хязгаарлан, цусны үзүүлэлтүүдийг хянах ба үүний үр дүнд тулгуурлан хөтөлбөрөө боловсруулна.

Дасгал хөдөлгөөн огт хийх боломжгүй өвчин (хүнд өвчнийг эс тооцвол) гэж байхгүй бөгөөд харин ч өөрийн бие организмын онцлогт тохируулан бэлтгэлийн төрөл ба ачааллыг сонгох боломжтой гэдгийг мэргэжилтэн онцолж байна.

Спорт оношилгоо: Фитнесээр хичээллэхээс өмнө яагаад шинжилгээ хийлгэх хэрэгтэй вэ? (фото 3)

Үр дүн

Спорт оношилгоо хийлгэснээр бид яг юунаас эхлэхээ олж мэдэх болно. Үүнээс улбаалж хүн бүрийн биеийн байдалд тохирсон ачаалалтай хөтөлбөрийг сонгож өгнө. Мэдээж хэрэг хүн бүр л өөрийнхөө хэмжээнд аль болох хурдан хугацаанд үр дүнд хүрэхийг хүсдэг (хэрэв дасгалжуулагчийнхаа үгэнд сайн орвол шүү дээ). Энэхүү оношилгоо нь бидний давуу ба сул талуудыг илрүүлэхэд тусалдаг ба бид үүний үр дүнд асуудлууд дээрээ төвлөрч, засах боломж бүрддэг билээ. Ер нь бол фитнесийн гол зорилго нь эрүүл мэнд гэдгийг мартаж болохгүй юм.

Эцэст нь хэлэхэд спорт оношилгоо хийлгэснээр та ямар төрлийн спортод илүү авьяастай болохоо ч олж мэдэх боломжтой билээ.

цааш үзэх