Хайх

Бидний дараагийн бай: Ялалт, ялагдлын сэтгэл зүй

Бидний дараагийн бай: Ялалт, ялагдлын сэтгэл зүй

Сэтгэлийг нь эзлэхтүн

Text: Ж.Чинбат


Рио-де-Жанейрогийн тэнгэрт Монголын далбаа хоёроос олон мандах боломжтой байсан ч бид шүүгчдийн удаа дараагийн эргэлзээтэй шийдвэрийн үр дүнд хоёр медальтайгаар Олимпийн наадмыг дуусгалаа

Монгол улсаа төлөөлж Олимпийн наадамд оролцсон 43 тамирчиндаа юуны өмнө баяр хүргэе. Бүх тамирчид маань дөрвөн жилийн хичээл, хөдөлмөрөө үнэлүүлж, өөр өөрсдийнхөө хэмжээнд амжилт гаргалаа. Харамсалтай нь Олимпийн наадмын сүүлчийн өдөр бид чөлөөт бөхийн 65 кг-ийн жинд хүрэл медаль хүртсэн баяраа тэмцээн дуусаагүй байхад "зарласнаар" медалиа алдлаа. Г.Мандахнаран маань сүүлийн таван секундэд хийсэн "бүжиг" өрсөлдөгчдөө оноо бэлэглэж, улмаар энэ нь монгол дасгалжуулагчдын "хувцсаа тайлаад шидсэн" үйлдэл болж хувирлаа. Дасгалжуулагчдын энэхүү үйлдэл нь ганцхан хүрэл медалиа алдсанд уурссан гэхээсээ илүү Олимпийн наадмын турш шудрага бус шүүгчдэд даруулж байгааг харж, тэвчиж байсан нь тэсэрч тайлагдсан үйлдэл боллоо. Гэхдээ "Бид ингэж болох уу?" гэсэн асуулт гарч ирж байна.

"Үг, үйлдлийн үнэ цэнийг ойлгосон хүн амжилт гаргадаг" гэж Г.Амаржаргалын хэлсэн үг бий. Г.Мандахнаран бол Олимпод оролцсон тамирчдаас ганцаараа сэтгэл зүйчтэй байсан нь гэж байгаа. Тэр өнгөрсөн шөнийн тэмцээнд эхнээсээ л маш сайн барилдаж, их ч ажилласан. Хамгийн гол нь Олимпийн сүүлийн өдөр бүх монголчууд түүнээс медаль харж байгаа гэдэг асар их сэтгэл зүйн ачаа түүнд байсан нь лавтай. Үүнийг ч тэр өөрийн уран барилдаанаараа хангалттай хариулсан. Тэгэхдээ л бөх хүн бүдүүн өвсөнд бүдэрнэ гэгчээр Г.Мандахнаран маань тавхан секунд тулж ажиллаад, зугатахгүйгээр оноогоо хамгаалсан бол ялалт бүрэн биднийх болох байлаа. 

Бидний дараагийн бай: Ялалт, ялагдлын сэтгэл зүй (фото 1)

Хэдийгээр Америкийн чөлөөт бөхийн холбоо зэрэг дэлхийн зарим томоохон институт Г.Мандахнаранг өмөөрч байгаа ч яг одоо дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд "Монголын дасгалжуулагчид тайчив" нэртэй нийтлэл хөвөрч байна. Дэлхийн хэвлэлүүд биднийг жудогийн олон тамирчныхаа ялалтыг Япон шүүгчийн буруу шийдвэрээс болж алдсаныг мэдэхгүй. Тэд зүгээр л "Монголчууд орчин үед ч балмад, бүдүүлэг хэвээр байгаа юм байна" гэж л дүгнэлээ.  

Тиймээс манай улс шигшээ багийн тамирчин, дасгалжуулагчдынхаа ялалт, ялагдлын сэтгэл зүй дээр сайн ажиллах хэрэгтэй гэдэг нь харагдаж байна. Ганцхан спортод ч биш гадаадад болдог томоохон урлагийн тэмцээн уралдаанд явдаг бүх монголчууд бор зүрхээрээ оролцож, бор зүрхээрээ амжилт гаргадаг. Дэлхийн бусад орнууд ганц тамирчин, ганц уран бүтээлч гэхгүйгээр түүнд сэтгэл зүйч, эмч, туслах гээд маш олон хүнийг гарган өгч, байнга урамшуулж, сэтгэл санааг нь сэргээж өгч байдаг. Харин монголчууд бид тамирчдаасаа зөвхөн медаль л нэхдэг. Зарим хэсэг нь медаль авч чадаагүй тамирчны бусад бүх амжилтыг огтхон ч хүндлэхгүйгээр шууд л буруутгаж, шүүмжилдэг. Энэ хандлага өөрөө тамирчдад ямар хүнд дарамт болдог бол? Гурван сая ард түмэн минь харж байгаа гэх бодол нь тэднийг "шатааж" ямар ч үйлдэл хийхэд бэлэн болгодгийг бид өнгөрсөн шөнө үзлээ. 

Бидний дараагийн бай: Ялалт, ялагдлын сэтгэл зүй (фото 2)

Гэвч Олимп үүгээр дуусахгүй. Тиймээс цаашдаа зөвхөн тамирчид, дасгалжуулагчид гэлтгүй хөгжөөн дэмжигч бид бүгдээрээ сэтгэл зүйн том бэлтгэл хийх хэрэг гарч байна. Энэ удаа манай тамирчдын эсрэг шүүлт олон гарсан бол дараагийн удаад бид ямар арга хэмжээ авах вэ гэдгээ урьдчилан төлөвлөсөн байх хэрэгтэй байх. Олон нийт Монголын Үндэсний Олимпийн хороог тамирчдаа өмгөөлж, хамгаалахгүй байна гэж буруутгаж байна. Үнэндээ спортын ертөнц дэх эрх ашгаа хамгаалж байр сууриа илэрхийлэхэд том, жижиг улсын ялгаа гэх зүйл байх ёсгүй шүү дээ. Тэгэхдээ шууд эсэргүйцэл гаргаж, уурандаа шатах нь зөв биш. Харин "Аливаа хүний биеийг эзлэх гэж бүү яарагтун. Сэтгэлийг нь эзлэхтүн. Сэтгэлийг эзэлбээс бие нь хаашаа одох билээ" гэдэг Чингис хааны сургаалийг бид орчин үед өөрсдийн сэтгэл зүйн зэвсэг болгон ашиглах хэрэгтэй. Үүнийг харин уур бухимдлаар биш арга ухаанаар олж авах учиртай биз ээ. 

цааш үзэх