Хайх

Apple-ын танилцуулсан бүх зүйл: $4,99 үнэтэй стриминг тавцан, хэзээ ч унтардаггүй дэлгэцтэй Apple Watch болон бусад

Apple-ын танилцуулсан бүх зүйл: $4,99 үнэтэй стриминг тавцан, хэзээ ч унтардаггүй дэлгэцтэй Apple Watch болон бусад

Худалдаж авахыг тэсэн ядан хүлээж байна уу?

Text: Г.Тэмүүлэн


Технологийн ертөнцийн хамгийн чухал үйл явдлуудын нэг болох Apple компанийн шинэ бүтээгдэхүүний танилцуулга өнгөрсөн шөнө болж өнгөрлөө. Арга хэмжээний үеэр хэд, хэдэн шинэ iPhone ухаалаг утаснаас гадна Apple Watch ухаалаг цаг, iPad, стриминг тавцан гэх зэрэг олон сонирхолтой зүйлсийг танилцуулсан юм.

Apple Arcade

Apple-ын танилцуулсан бүх зүйл: $4,99 үнэтэй стриминг тавцан, хэзээ ч унтардаггүй дэлгэцтэй Apple Watch болон бусад (фото 1)

Apple компанийн анхны тоглоомын тавцан. Хэрэв энгийнээр тайлбарлавал энэхүү үйлчилгээг "видео тоглоомын Netflix" гэж нэрлэж болох юм. Хэрэглэгч сар бүр ердөө 4,99 ам.доллар төлөн 100 гаруй (сар бүр шинэ тоглоом нэмэгдэнэ) тоглоомоос дуртайгаа сонгон тоглох боломжтой. Apple Arcade дээрх тоглоомуудыг өөр ямар ч вебсайт, тавцангуудаас олох боломжгүй бөгөөд зөвхөн Apple-д тусгайлан бүтээгдсэн гэдгээрээ онцлогтой. Энэхүү шинэ үйлчилгээ нь есдүгээр сарын 19-нд дэлхийн 150 оронд нээлтээ хийнэ.

Apple Watch Series 5

Apple-ын танилцуулсан бүх зүйл: $4,99 үнэтэй стриминг тавцан, хэзээ ч унтардаггүй дэлгэцтэй Apple Watch болон бусад (фото 2)

Шинэ Apple Watch энэ удаад илүү ухаалаг Retina дэлгэцтэй болсон байна. Хэрэв өмнө нь ухаалаг цагны дэлгэц идэвхгүй үед унтардаг байсан бол одоо үргэлж асаалттай байж дэлгэцэн дээрх цаг болон бусад мэдээллүүдийг харуулах юм. Гэхдээ энэхүү шинэчлэлтийг хийснээр таны цагны цэнэг хурдан дуусна гэж айх хэрэггүй. Учир нь шинэ Apple Watch урьдын адил бүхэл өдрийн турш буюу 18 цаг цэнэгээ хадгалж чадна. Түүнчлэн шинэ загварт луужин нэмэгдсэн тул та өөрийн байршил болон зүг чигээ маш сайн мэдэх болно. Бас нэгэн сайхан мэдээ дуулгахад шинэ Apple Watch-ын эх биеийг 100% дахин боловсруулагддаг хөнгөн цагаанаар бүтээжээ.

Apple-ын танилцуулсан бүх зүйл: $4,99 үнэтэй стриминг тавцан, хэзээ ч унтардаггүй дэлгэцтэй Apple Watch болон бусад (фото 3)

Үүнээс гадна титан, керамик материалаар урласан хувилбарууд ч бий. Дээрх шинэчлэлтүүдээс гадна зүрхний бичлэг хийж, доргилтыг мэдрэх гээд маш олон үйлдлүүдийг суулгаж өгсөн байгаа. Стандарт загвартай Apple Watch 399 ам.доллараас эхлэн худалдаалагдаж байгаа бол дуудлага хийх боломжтой хувилбар нь 499 ам.доллараар зарагдаж байна. Та яг одоо урьдчилсан захиалга хийж эсвэл есдүгээр сарын 20-нд албан ёсны дэлгүүрүүдээс худалдан авах боломжтой.

iPad

Apple-ын танилцуулсан бүх зүйл: $4,99 үнэтэй стриминг тавцан, хэзээ ч унтардаггүй дэлгэцтэй Apple Watch болон бусад (фото 4)

Apple компани долоо дах үеийн iPad-ыг бүр ч том дэлгэцтэй болгохоор шийджээ. Тодруулбал одоо энэхүү таблет нь 10,2 инчийн Retina дэлгэцтэй болсон байна. Үүнээс гадна хэмжээ болон байршлыг нь хүссэнээрээ өөрчилж болдог ухаалаг товчлуурыг суулгаснаар хэрэглэхэд бүр ч хялбар болж байгаа юм. Мөн тус төхөөрөмж нь 8 MP камертайгаас гадна Apple Pencil-тэй холбогдон ажилладаг гэдгийг дурдах нь зүйтэй. Үнийн хувьд энэхүү таблетыг 329 ам.доллараас эхлэн урьдчилан захиалж авах боломжтой.

Apple TV+

Apple-ын танилцуулсан бүх зүйл: $4,99 үнэтэй стриминг тавцан, хэзээ ч унтардаггүй дэлгэцтэй Apple Watch болон бусад (фото 5)

Эцэст нь хэрэглэгчдийн дунд маш өндөр хүлээлт үүсгээд байсан Apple TV+ стриминг тавцан албан ёсоор танилцуулагдлаа. Уг тавцангийн хэрэглэгч болсноор Риз Уидерспун, Женнифер Энистон, Жейсон Момоа, Опра Уинфри болон бусад олон жүжигчдийн тоглосон, зөвхөн Apple-д тусгайлан зориулж бүтээгдсэн телевизийн цуврал ба кинонуудыг сард ердөө л 4,99 ам.доллар төлөн үзэх боломжтой. Хамгийн гайхалтай нь шинэ iPhone, iPad, iMac зэрэг Apple-ын бүтээгдэхүүн худалдан авсан хүн бүр Apple TV+ стриминг тавцанг бүтэн нэг жилийн турш үнэ төлбөргүй ашиглах эрхтэй! Харин бусад хэрэглэгчид долоо хоногийн турш туршилтын журмаар үнэгүй ашиглаж болно. Энэхүү стриминг тавцан нь 2019 оны арваннэгдүгээр сарын 1-нд хэрэглэгчдэд нээлттэй болох юм.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх