Хайх

Ирээдүйд бид хэрхэн болзох вэ: Зургаан гол тренд

Бид 5-10 жилийн дараа хайр дурлалын харилцаагаа хэрхэн шийдвэрлэх вэ?

Text: Buro.Mongolia


Зураг:

Ирээдүйд бид хэрхэн болзох вэ: Зургаан гол тренд

Google компанийн гол футуролог (ирээдүй судлаач) Реймонд Курцвейл 2045 он гэхэд технологийн хөгжил нь хүний тархи хүлээн авч чадахааргүй хэмжээнд хүрнэ гэж урьдчилан таамаглаж байна. Хэдийгээр энэ нь хэт сүртэй сонсогдож магадгүй ч бидний ухаалаг утас яг одоо ямар олон үйлдлүүдийг хийж чаддагийг санахад л Курцвейлын таамаг тийм ч худал зүйл биш болохыг ойлгох болно. Жишээ нь өнөөдөр бидний ухаалаг утас хаалганы түлхүүр, түрийвч, сэрүүлэг гээд нэгэн зэрэг маш олон үүргийг гүйцэтгэх чадвартай болсон шүү дээ. Түүгээр ч барахгүй технологийн хөгжил нь хүмүүсийн хоорондын харилцаанд хүртэл маш хүчтэй нөлөөлж байна.

Өнгөрсөн 15 жилийн хугацаанд "dating service" буюу онлайн болзооны апп, вебсайтууд асар хурдан хугацаанд хөгжиж байгаа бөгөөд тун удахгүй бодит амьдрал дээрх жинхэнэ болзоог орлоно гэж мэргэжилтнүүд үзэж байна. Ингээд ч зогсохгүй эдгээр аппууд яг л Facebook, Twitter, Instagram шиг бүрэн хэмжээний олон нийтийн сүлжээ болох өндөр магадлалтай байгаа юм. Тиймээс бид ирээдүй рүү харж, ирэх 5-10 жилийн дараа хүмүүсийн болзоонд юу тохиолдож болохыг судалж, технологийн трендүүдийг харахын зэрэгцээ сэтгэл судлалын талаас нь дүгнэлт хийхээр шийдлээ.

Ирээдүйд бид хэрхэн болзох вэ: Зургаан гол тренд (фото 1)

Тренд 1. Ухаалаг цаг, фитнесс аппуудын оролцоо

Болзооны апп дотор зүрхний цохилт хэмжигч суулгаж өгснөөр ямар хүний зургийг харахад таны зүрх хамгийн хүчтэй цохилж байгааг тодорхойлно. Өөрөөр хэлбэл танд хамгийн их таалагдаж байгаа хүнийг олж тогтооно гэсэн үг юм. Илүү энгийнээр тайлбарлавал болзооны апп нь танд таалагдах өндөр магадлалтай хүмүүсийг "ой санамжиндаа" тогтоох болно. Уг үйлчилгээ нь танд тохирох хүнийг олоод зогсохгүй хэн таны зүрхийг илүү хүчтэй цохилуулж байгааг тодорхойлно. Мөн ирээдүйд технологи хүний тархины үйл ажиллагааг хянаж чаддаг болсон үед зүрхний цохилт дээр суурилан танд гарцаагүй таалагдах хүнийг олох нь бүр ч хялбар болох юм. Хелена Фишер ба Семир Зеки гэх антропологичид нэгэн сонирхолтой судалгаа хийжээ. Тэд хүмүүсийн тархины үйл ажиллагаа дурласан үедээ энгийн байх үеэсээ эрс ялгардаг болохыг тогтоосон байна. Тодруулбал дурласан үед стресс, айдас, уур хилэнг хариуцдаг тархины хэсгийн үйл ажиллагаа эрс буурдаг болохыг тэд уг судалгаагаар нотложээ. Мөн үүнтэй зэрэгцэн нөхцөл байдалд бодит дүгнэлт хийх, үр дүнг нь урьдчилан таамаглах чадвар ч багасдаг болох нь батлагдсан байна.

Сэтгэл зүйн талаас харахад: Зөвхөн танд таалагдах магадлалтай хүмүүсийг сонгосноор цаашид өөр хэн нэгнийг хайж цаг алдах шаардлага гарахгүй ба зөвхөн өөрт таалагдсан хүнтэйгээ харилцах боломж гарч ирэх юм. Түүнчлэн анх хэн нэгэнтэй танилцахад тохиолддог таагүй нөхцөл байдлаас сэргийлж болно. Хэрэв аппын хэрэглэгчид физиологийн талаасаа бие биедээ татагдаж байвал, уулзах үедээ ч бусад хариу үйлдлүүд нь адилхан байх өндөр магадлалтай юм.

Ирээдүйд бид хэрхэн болзох вэ: Зургаан гол тренд (фото 2)

Тренд 2. Болзооны аппуудын үнэлгээний систем

Их Британийн "Black Mirror" цувралын нэг ангид гол баатруудын амьдрал нэгэн аппын рейтингээс бүрэн шалтгаалж буйгаар гардаг. Тодруулбал яг л Uber шиг хүн бүр бусдад ямар нэгэн үнэлгээ өгөх ба эргүүлээд тэд өөрсдөө ч гэсэн бусад хүмүүсээс үнэлгээ авдаг. Жишээ дурдахад цувралын баатрууд тансаг зэрэглэлийн дүүрэгт байр түрээслэхийн тулд хамгийн ихдээ таван оноо бүхий үнэлгээний системийн 4,5-ын босгыг давсан байх шаардлагатай. Харин одоо зарим нэг болзооны аппууд аль хэдийнэ ийм төрлийн рейтингийг нэвтрүүлээд эхэлжээ. Тухайлбал Badoo гэх болзооны аппыг дурдаж болно. Энэхүү аппыг ашигласан үед таны зурган дээр хэр олон хүн like дарж, найзын жагсаалтандаа нэмж эсвэл зүгээр л хувийн хуудсыг тань үзэж байна тэр хэмжээгээрээ та илүү олон хүнтэй танилцах боломжтой болдог. Өөрөөр хэлбэл таны рейтинг өндөр байх тусам олон хүмүүс тантай танилцахыг хүснэ гэсэн үг юм.

Ирээдүйд бид хэрхэн болзох вэ: Зургаан гол тренд (фото 3)

Сэтгэл зүйн талаас харахад: Бусдаас өндөр үнэлгээ авч, алдартай болох хүсэл нь хүмүүсийг болзооны апп илүү их ашиглахад хүргэнэ. Badoo-гийн рейтингийн систем аль хэдийнээ идэвхтэй ашиглагдаж байгаа бөгөөд болзооны апп дотор алдартай болох нь үнэн хэрэгтээ тийм ч хэцүү зүйл биш юм. Олон хүмүүст таалагдахын тулд өөрийгөө сонирхолтой байдлаар илтгэж чадах гоё зургууд байршуулж, анкетаа дэлгэрэнгүй бөглөхөд л хангалттай. Гэхдээ хамгийн гол нь өөрийнхөө талаар үнэн зөв мэдээлэл оруулах хэрэгтэй. Нуух зүйлгүй, бодит, үнэнч хүнтэй хүн бүр харилцах дуртай байдаг шүү дээ.

Тренд 3. Цаг хугацаа хэмнэхийн тулд VR болзоонд явна

Хэсэг хугацааны дараа та болзоонд явахын тулд гэрээсээ ч гарах шаардлагагүй болно. Дижитал мэдээлэл дамжуулах хурд нэмэгдсэнээр виртуал орчинд болзох боломж гарч ирнэ. Ингэснээр дэлхийн өнцөг бүрт оршиж буй хүмүүс гэрээсээ гаралгүй, тав тухтай орчинд бусадтай болзох боломж нээгдэх болно. Мөн виртуал ертөнцөд болзох нь цаг хугацаа хэмнэх бас нэгэн давуу талтай. Та таалагдсан хүнтэйгээ онлайнаар харилцаж, олон нийтийн газар очиж, замдаа цаг алдалгүйгээр нүүр, нүүрээ харан уулзаж болох юм. Тэр ч бүү хэл таалагдсан хүнийхээ гарыг атгаж, үнэрийг нь ч мэдрэх боломжтой.

Сэтгэл зүйн талаас харахад: Виртуал болзоо үүссэнээр хол байгаа хосуудын харилцаа илүү хялбар болно. Учир нь таны хамтрагч хэдий хол байгаа ч хүссэн үедээ яг л дэргэд тань байгаа мэт мэдрэмжийг төрүүлнэ. Харин болзооны аппууд VR технологи нэвтрүүлснээр таалагдсан хүнтэйгээ бодит амьдрал дээр уулзахаасаа өмнө түүнийг илүү дэлгэрэнгүй шинжих боломжтой болно. Мөн мэдээж энэхүү технологи нь анх уулзахад үүсдэг эвгүй байдлаас сэргийлнэ. 

Ирээдүйд бид хэрхэн болзох вэ: Зургаан гол тренд (фото 4)

Тренд 4. Харилцагчийнхаа хариу үйлдлийг хянаж, зөвлөмж өгдөг ухаалаг линз

Ирээдүйд хүмүүсийн хооронд эвгүй байдал үүсэх тохиолдол бүр мөсөн алга болно гээд төсөөлөөд үз дээ. Тун удахгүй мэдээлэл боловсруулах чадвар улам бүр сайжрах ба технологи нь хүмүүсийн ярилцаж буй сэдвийн дагуу сонирхолтой баримт, мэдээллүүдийг цуглуулж, тэднийг ямагт нэмэлт мэдээллээр хангах боломжтой болно гэдгийг эрдэмтэд нэгэн судалгааны үр дүнд баталсан байна. Ирээдүйд хиймэл оюун ухаан ямар нэг видео ба аудио бичлэгийг дүгнэж, боловсруулан хэрэглэгчдэд хариу өгөх чадвартай болно. Хамгийн гайхалтай нь ухаалаг линз бий болсноор яг л болзооны аппуудын адилаар тухайн хэрэглэгчийн хүсэл сонирхолд нийцсэн төгс хүний дүр төрхийг бүтээж, тэрхүү төгс хүний дүр төрхөд хамгийн их нийцэж байгаа хэн нэгнийг олон нийтийн сүлжээнд эсвэл зүгээр л гудамжинд явж буй хүмүүсийн дундаас хайж олно. Гэхдээ бусдын сэтгэл хөдлөлийг төдийлөн ойлгож чаддаггүй хүмүүст энэхүү ухаалаг линз хамгийн их хэрэг болно. Учир нь энэхүү төхөөрөмж нь ярилцагчийн үйл хөдлөл, дохио занг шинжилж, яг одоо тэр ямар сэтгэл хөдлөл мэдэрч байгааг нь хэлж өгнө.

Сэтгэл зүйн талаас харахад: Бусадтай харилцахад хүндрэл тулгардаг хүмүүст энэхүү ухаалаг линз нь маш сайн туслагч болж чадна. Харилцаж буй хүнийхээ үйл хөдлөл, сэтгэл хөдлөлийг ойлгож, өөртөө итгэлтэй ярих нь тэдгээр хүмүүст сандралгүй, биеэ илүү чөлөөтэй авч явахад тусална.

Тренд 5. ДНХ дээр суурилсан зохицолдоо

Генетик судлал нь сүүлийн хэдэн жилд асар эрчимтэй хөгжиж байгаа салбаруудын нэг юм. Тэгвэл болзооны аппууд ч гэсэн тухайн хэрэглэгчийн ДНХ дээр суурилан тохиромжтой хүмүүсийг сонгож өгнө. Сонирхуулахад эрдэмтэд 2014 онд ДНХ-ийн бүтэц нь ижил төстэй байсан хүмүүс хосууд болох өндөр магадлалтай байсныг олж тогтоосон байдаг.

Сэтгэл зүйн талаас харахад: "Хүмүүс өөрт нь тохирох хүн олохыг үнэхээр их хүсдэг. Ялангуяа бие биедээ тохирно гэсэн үндэслэл их байх тусам хүмүүс илүү аз жаргалтай болдог" гэж eHarmony вебсайтын үүсгэн байгуулагч Ромен Бетранд ярьсан байна. Одоогийн байдлаар ДНХ шинжилгээг болзооны аппууд дээр хэрхэн хэрэгжүүлэх нь тодорхойгүй байгаа юм. Гэхдээ эрдэмтдийн үзэж буйгаар бол ирээдүйд энэхүү технологийг ашиглан, хосуудын ирээдүйн хүүхдүүдэд ямар нэг генетикийн мутаци илрэх боломжийг үгүй болгоно гэжээ. Жишээлбэл хамтрагчид хоёулаа рецессив мутацын ген тээж байвал ирээдүйд үр удам нь мутацтай төрөх эрсдэл нь нэмэгддэг. Хэрэв хосуудын зөвхөн нэг нь л энэхүү генийг тээсэн тохиолдолд ирээдүйн хүүхдүүдэд нь мутаци илрэх тохиолдол маш бага болдог байна.

Ирээдүйд бид хэрхэн болзох вэ: Зургаан гол тренд (фото 5)

Тренд 6. Секс тоглоомууд болзоонд

Хэрэв өнөөдөр хосуудын харилцаанд ташуур, гав болон бусад секс тоглоомууд хэвийн үзэгдэл болсон бол ирээдүйд эдгээр зүйлсийг болзооны апп ашиглах үедээ ч хэрэглэх боломжтой болно. Жишээ нь янз бүрийн секс төхөөрөмжүүдийг ухаалаг утастай холбогдон, алсын зайнаас удирдах боломж олгох юм. Энэ нь зөвхөн болзооны апп ашиглан сексийн хамтрагч хайдаг хүмүүст төдийгүй зүгээр л нэг удаагийн зугаа цэнгэл хүссэн хэрэглэгчдэд таашаал авах боломжуудыг нь нэмэгдүүлэх болно. Мөн ийм төрлийн секс нь анагаах ухааны өнцгөөс илүү аюулгүй юм.

Сэтгэл зүйн талаас харахад: Секс төхөөрөмж ашиглан харилцаа үүсгэх нь нэгэн зэрэг хэд, хэдэн асуудлыг шийдэж өгнө. Тухайлбал төрөл бүрийн сэтгэл зүйн хязгаарууд, сэтгэлийн шаналал, мөн ямар нэг хүчирхийлэл алга болох бөгөөд хамтрагчдын аль нь ч нөхцөл байдлыг хянах бүрэн боломжтой болно. Тэр ч бүү хэл ийм төрлийн харилцаанд орохдоо өөрийнхөө тухай мэдээллүүдийг нууцлах боломжтой.

цааш үзэх