Хайх

Sega-гийн сонгодог тоглоомуудыг iPhone ба Android утас дээр тоглох боломжтой боллоо

Sega-гийн сонгодог тоглоомуудыг iPhone ба Android утас дээр тоглох боломжтой боллоо

1990-ээд оныхонд сайхан мэдээ дуулгаж байна

Text: Г.Тэмүүлэн


Зураг:

Яг одоо 1990-ээд оны эд зүйлс зөвхөн загварын ертөнцийг төдийгүй, технологийн салбарыг ч бас эзэгнэж байна. Тухайлбал Японы алдарт Sega компани "Sega Forever" нэртэй сонгодог видео тоглоомын цуглуулгыг ухаалаг утасны хэрэглэгчдэд нээлттэй болгож байгаа гэх мэдээ саяхан хэвлэл мэдээллээр цацагдлаа. Өөрөөр хэлбэл бид өнөөдрөөс эхлэн хүүхэд насандаа тоглож өссөн Sega консолийн видео тоглоомуудыг iPhone ба Android ухаалаг утаснууд дээр тоглох боломжтой боллоо. Жишээлбэл Sonic The Hedgehog, Altered Beasts, Phantasy Star II, Kid Chameleon, Comix Zone зэрэг уралдаант, адал явдалт жанрын тоглоомуудыг үнэ төлбөргүй татаж болох байна. Түүгээр ч барахгүй Sega компани одооноос эхлэн хоёр долоо хоног тутам iOS ба Android үйлдлийн системд зориулсан цоо шинэ тоглоом танилцуулах төлөвлөгөөтэй байгаа гэнэ.

"Sega Forever видео тоглоомын цуглуулгыг хөгжүүлэх явцад бид Sega консолийн эриний хамгийн шилдэг тоглоомуудыг хамрууллаа. Бид эдгээр тоглоомуудыг ухаалаг утсанд тохиромжтой болгохын зэрэгцээ анхны хувилбартай нь яг ижил байхад анхаарч ажилласан байгаа" хэмээн Sega компанийн албан ёсны төлөөлөгч мэдэгджээ. Одоогоор нээлтээ хийсэн байгаа таван видео тоглоом бүгд тухайн үед Sega Genesis консольд зориулан гарч байсан юм. 

Видео тоглоомуудыг гар утсан дээрээ үнэ төлбөргүй татаж авах боломжтой бөгөөд 1.99 доллар төлснөөр сурталчилгааг хаах сонголт хийж болох юм. Та Sonic The Hedgehog тоглоомыг эндээс татаж авна уу.

цааш үзэх