Хайх

Шинэ үеийнхэн ямар өвчин тусч байна вэ: Эрүүл хооллолт болон цахим ертөнцийн дон

Шинэ үеийнхэн ямар өвчин тусч байна вэ: Эрүүл хооллолт болон цахим ертөнцийн дон

Y ба Z үеийнхэн шинэ төрлийн мэдрэлийн өвчнөөр өвчилж байна

Text: Buro.Mongolia


Зураг:

Киберхондрия: "Би Google ашиглан өөрийнхөө өвчнийг оношилж чадна"

Хэрэв бие тань тавгүйтвэл та мэдээж эхлээд интернетээс өвчний шалтгааныг хайх байх. Гэхдээ таны хайлтын үр дүнд үнэхээр цочирдом хариултууд гарч ирнэ гэдэгт итгээрэй. Жишээлбэл "Хэвлийн зүүн талд өвдөх" гэсэн хайлт ходоодны хорт хавдар болон хувирч, харин хөлийн хуруу чимчгэнэх гэж хайвал тархмал хатуурлын анхны шинж тэмдэг болдог. Янз бүрийн шинж тэмдгүүдийг хайх тусам танд улам л аймшигтай санагдах болно. Тийм ч учраас энэхүү эмгэгийг "hypochondriasis" буюу өөрийгөө өвчин тусах вий хэмээн байнгын түгшүүрийн байдалд оршдог сэтгэцийн өвчний орчин үеийн хувилбар гэж эмч нар дүгнэж байна. Гэхдээ хамгийн аймшигтай зүйл нь ийм төрлийн зохиомол өвчин туссан хүмүүс жинхэнээсээ өвдөлт мэдэрдэгт байгаа юм. Microsoft компанийн хийсэн нэгэн судалгаанд киберхондрия өвчин нь хүмүүсийн сэтгэцийн онцлогоос хамаарч биш харин цахим ертөнцөд уншсан мэдээллээ шалгаагүй тохиолдолд улам бүр сэдэрдэг гэдгийг нотолжээ. Тиймээс зөвхөн дараах хоёр тохиолдолд л интернетээс биед илэрч буй шинж тэмдгийн талаар хайх нь ухаалаг шийдвэр байх болно. Юуны өмнө зөвхөн баталгаатай эх сурвалжтай анагаах ухааны вебсайтууд руу (WebMd эсвэл Patient) орох хэрэгтэй. Мөн мэдээж хэрэг эмчид үзүүлж зөвлөгөө авах ёстой гэдгийг санаарай.

Шинэ үеийнхэн ямар өвчин тусч байна вэ: Эрүүл хооллолт болон цахим ертөнцийн дон (фото 1)

Орторексия: "Би үргэлж эрүүл хооллох ёстой"

Зөв хооллолтын дүрмийг хэт шүтэж, баримтлах нь улигт бодол, албадмал үйлдлийн эмгэгийн (OCD) нэг төрөлд хамрагддаг гэдгийг хамгийн анх 1970-аад оны үед Стивен Брэтмен гэх эмч олж тогтоожээ. Тэрбээр Нью-Йорк мужийн хойд хэсэгт байрлах зөвхөн экологийн цэвэр хүнсний бүтээгдэхүүнээр хооллодог нэгэн нийгэмлэгийн гишүүн байсан аж. Брэтмен энэхүү нийгэмлэгээс гадуур, үргэлж эрүүл хоолны тухай бодох болсноор энэ тухай илүү дэлгэрэнгүй судлахаар шийджээ. Спорт болон эрүүл хооллолтыг (#EatClean гэсэн hashtag-тай нийт 45 сая нийтлэл бий) тахин шүтсэн бидний амьдарч буй эрин үед энэхүү эмгэгийн талаар бид бүр ч илүү их ярих ёстой юм. Хэрэв таны бүхэл бүтэн ертөнц зөвхөн тавагтай өдрийн хоолоор хязгаарлагдаж байвал, хэрэв хоол ямар ч ярианы гол сэдэв болдог бол, эсвэл "зөв" хүнсний бүтээгдэхүүн ширээн дээр байхгүй үед айдас, түгшүүрт автаж ("Breaking Vegan" номын зохиолчийн адилаар) байвал та орторексия эмгэгтэй гэсэн үг. Гэхдээ мэдээж эрүүл хоолны дэглэм барьдаг хүмүүс болон орторексия өвчтэй хүмүүсийн хооронд зааг бий. Та эрүүл хооллолтод хэт их донтож эхлэх үед л энэ нь эмгэг болон хувирна.

Шинэ үеийнхэн ямар өвчин тусч байна вэ: Эрүүл хооллолт болон цахим ертөнцийн дон (фото 2)

Албан хүчээр дасгал хийх синдром: "Би дасгал хийхгүй амьдарч чадахгүй. Би ажилдаа явахаасаа өмнө болон тарсныхаа дараа дасгал хийж, үүрээр йогоор хичээллэж, унтахаасаа өмнө гүйдэг"

Яг л эрүүл хооллолттой адил дасгал хөдөлгөөн дон болон хувирах нь маш аюултай. Хэрэв таны бэлтгэл хийх хуваарь амьдралыг тань удирдаж байвал, мөн энэ үйл явцаас ямар ч таашаал авдаггүй бол, мөн дасгал хийхгүй алгассан үедээ айдас түгшүүр мэдэрч байвал танд тус эмгэгийн хамгийн анхны шинж тэмдэг илэрчээ. Хэрэв таны өөрийгөө үнэлэх үнэлэмж gym-д өнгөрүүлсэн цаг, долоо хоногт гүйсэн километр болон сунгалтын дасгал хийх чадвараар тань хэмжигдэж байвал сэтгэл мэдрэлийн эмчид хандах цаг нь болсон гэсэн үг юм. Энэхүү эмгэгийн жинхэнэ шалтгаан нь таны сэтгэл дотор оршиж байгаа түгшүүрээс гаралтай юм. Тиймээс ч Америкийн сэтгэцийн эрүүл мэндийн холбоо (American Psychiatric Association) албан хүчээр дасгал хийх синдромыг сэтгэцийн эмгэгийн жагсаалтад оруулжээ.

Шинэ үеийнхэн ямар өвчин тусч байна вэ: Эрүүл хооллолт болон цахим ертөнцийн дон (фото 3)

Ой тогтоолт муудах: "Ухаалаг утсандаа дотнын хүмүүсийнхээ утасны дугаарыг тэмдэглэсэн байхад заавал цээжлэх албагүй"

Ой тогтоолт муудах нь орчин үеийн хүмүүсийн гол эмгэгүүдийн нэг болоод байна. Колумбын их сургуулийн профессор Бэтси Спэрроугийн хийсэн судалгаанаас харахад орчин үеийн хүмүүсийн тархи маш муу хөгжсөн гэдэг нь харагдаж байгаа юм. Хүмүүс цахим ертөнцөд илүү найдлага тавьж, ямар нэг мэдээллийг тогтоож авах нь багасаж, хэрэв санасан тохиолдолд мэдээллийг биш, харин хаанаас энэ тухай хайж болохыг нь тогтоодог байна. Мөн зураг авах нь ой тогтоолт муудах бас нэг шалтгаан болдог аж. Музей үзсэн, үдэшлэгт явсан болон бусад дурсамжуудаа үргэлж камерын дуранд буулгаснаар хүмүүс ухаалаг утасны дэлгэцээр дэлхий ертөнцийг хүлээн авч байгаа хэрэг юм. Пулитцерын шагналт зохиолч Николас Карр "Хүний ой тогтоолт муу байх тусмаа түүний сэтгэн бодох чадвар багасдаг. Энэ хэрээрээ түүний бодол санаа утгагүй байх болно гэж "The Shallows: What internet is doing to our brains" номондоо дурджээ.

Шинэ үеийнхэн ямар өвчин тусч байна вэ: Эрүүл хооллолт болон цахим ертөнцийн дон (фото 4)

Номофобия: "Миний гар утасны цэнэг дуусах үед эсвэл холбоо тасрах тохиолдолд би маш их сандардаг"

Хамгийн сүүлд буюу нэг сарын өмнө Хонг Конгийн их сургуулийн хийсэн нэгэн судалгаанд гар утсанд донтох бас нэг шалтгааныг олж илрүүлсэн байна. Эрдэмтдийн үзэж буйгаар бол ийм төрлийн эмгэгтэй хүмүүс чухал дуудлага харалгүй орхихоос айх биш харин дурсамжаа алдахаас айдаг аж. "Орчин үеийн өсвөр насныхнаас ухаалаг утсыг нь зөвхөн мэс заслын аргаар л салгаж авах боломжтой. Яагаад гэвэл түүний хамаг амьдрал гар утсанд нь оршиж байгаа" гэж сэтгэл судлаач Марк Граффитс The Guardian сонинд хошигнон ярьжээ. Түүнчлэн тухайн төхөөрөмж ухаалаг байх тусмаа илүү их дурсамж хадгалах боломжтой болж байгаа юм. Энэ эрчээрээ донтох үйл явц хүчтэй явагддаг. Хэрэв та утасны тань цэнэг дуусч эсвэл бүр эвдэрнэ гэж түгшихийг хүсэхгүй байвал ухаалаг утсан дахь чухал дурсамжуудаа урьдаас өөр эх үүсвэр лүү шилжүүлэх хэрэгтэй. Жишээ нь видео болон зургуудаа "Cloud" серверт байршуулж, харин чухал утасны дугааруудаа тэмдэглэлийн дэвтэртээ гараараа бичин үлдээж болно шүү дээ.

Шинэ үеийнхэн ямар өвчин тусч байна вэ: Эрүүл хооллолт болон цахим ертөнцийн дон (фото 5)

Утас чичирхийлэх синдром/Хий хоосон дуудлагын синдром: "Миний утас чичирхийлсэн ч хэн ч над руу залгаагүй"

Маккуорригийн толь бичиг 2015 онд "хий хоосон чичирхийллийн синдром"-ийг тухайн оны гол нэр томьёогоор нэрлэсэн юм. Ямар нэг дуудлага хүлээн аваагүй хэдий ч чичирхийлэл мэдэрч утсаа шалгах нь хэвийн үзэгдэл гэнэ. Эрдэмтэд энэ үйл явцыг биеийн мэдрэх чадварыг хариуцдаг тархины хэсэгтэй холбож тайлбарлаж байна. Харин тухайн хүн чичирхийллийн оронд утас дуугарах чимээ, эсвэл зурвас ирсэн дохиог сонсож байвал маш их стресст орж, түгшсэнийг (чухал дуудлага хүлээн авахын өмнө) илтгэнэ. Энэ нөхцөл байдлаас гарахын тулд зүгээр л анхаарлаа өөр зүйлд хандуулах хэрэгтэй. Жишээ нь ном уншиж эсвэл цуврал кино үзэж болох юм.

Шинэ үеийнхэн ямар өвчин тусч байна вэ: Эрүүл хооллолт болон цахим ертөнцийн дон (фото 6)

"Труман Шоу"-ны синдром: "Миний iPhone намайг чагнаж байгаа. Харин камер болон микрофоныг тагнуулын албаныхан хянадаг"

Анх 1998 онд гарсан "The Truman Show" кинонд гол дүрийн баатар (Жим Керри) реалити шоуны баатар болохоо ухаардаг. Түүний төрсөн цагаас нь авахуулаад өдийг хүртэл уулзсан бүх хүмүүс нь жүжигчид бөгөөд тойрон хүрээлж буй ертөнц нь зүгээр л зураг авалтын хэсэг болж таардаг. Энэхүү кино нээлтээ хийснээс таван жилийн дараа Нью-Йоркийн Анагаах Ухааны Их сургуулийн профессорууд Ян ба Жоэль Голд нар "Труман Шоу"-ны синдром гэх шинэ нэр томьёог гаргаж ирсэн байна. Тэд судалгаандаа бодит амьдрал дээр болсон үйл явдлуудаас хуваалцсан байдаг. Тодруулбал нэгэн өвчтөн есдүгээр сарын 11-нд болсон террорист халдлагыг зөвхөн түүнд зориулан тавьсан телевизийн жүжиг хэмээн ярьсан бол, өөр нэг өвчтөн реалити шоунаас гарч бодит амьдралдаа эргэн орохыг хүсч, улс төрийн орогнол хүссэн гэнэ. Гэхдээ зарим эх сурвалжуудын мэдээллээс харахад энэхүү өвчин нь ойролцоогоор 100 жилийн настай бөгөөд технологийн эрин үед арай өөр шинж тэмдгээр илэрч байгаа аж. Жишээ нь 1950-аад онд ЗХУ-ын хиймэл дагуул Америкчуудыг тагнадаг гэж зарим хүмүүс үздэг байсан бол 1970-аад оны үед АНУ-ын тагнуулын төв газар хүүхдүүдийг дөнгөж төрөхөд нь тусгай ялтас суулгадаг гэж сэжиглэдэг байсан юм. Тэгвэл 2000-аад оны үед сэтгэцийн өвчтэй болоход ердөө л iPhone-тай байхад хангалттай болжээ.

Шинэ үеийнхэн ямар өвчин тусч байна вэ: Эрүүл хооллолт болон цахим ертөнцийн дон (фото 7)

 

 

 

цааш үзэх