Хайх

Бюрогийн хотын хөтөч: Канн

Бюрогийн хотын хөтөч: Канн

Ойрын эх сурвалжаас

Text: Buro.Mongolia


Зураг:

Манай сэтгүүлийн сурвалжлагч яг одоо Каннд байрлаж байгаа бөгөөд зөвхөн кино наадмын үеэр бус, ер нь тэнд очоод юу хийж болох талаар маш дэлгэрэнгүй зөвлөгөө өгч байна

Бюро 24/7 дижитал сэтгүүлийн зүгээс Канн гэдэг үг зөвхөн телевиз, сэтгүүлээс хардаг үг биш, харин ойрын хугацаанд очихоор товлогдсон газар нь болж байгаа хүмүүст зориулан Номин эргийн хамгийн сонирхолтой газруудын хөтөч бэлдлээ. Үзэг, цаасаа гаргаад тэмдэглээд аваарай.

Кино болон Канн

Бюрогийн хотын хөтөч: Канн (фото 1)

Хэдийгээр танд киноны нээлтийг үзэх эрх байхгүй эсвэл ажлын шугамаар ирсэн байсан ч та хотыг бүхэлд нь эзэмдсэн баярын уур амьсгалыг шууд л мэдрэх болно. Энд, тэнд өлгөсөн аварга том кино одуудын зурагт хуудсууд, таван одтой зочид буудлуудын гадаа шавах папарацци зурагчид, улаан хивсний эргэн тойрон дахь үйл явдлыг сонирхогчид гээд хаа сайгүй кино наадамтай үйл явдал өрнөнө. 

Харин энгийн жуулчид Cinéma de la Plage буюу "Далайн эргийн кино" хөтөлбөрийн тусламжтай кино ертөнцөд нэвтэрч болно. Масэ эрэг дээр үдэш бүрийн 21:30-аас эхлээд асар том дэлгэцэн дээр (24x6 м) хэзээ ч хуучирдаггүй сонгодог бүтээлүүд болон Канны кино наадмын хөтөлбөрт ороогүй кинонуудыг үзүүлдэг байна. Тиймээс хурдан суудлаа эзлээрэй.

Plage Macé, La Croisette Cannes

Байрлах газар

Бюрогийн хотын хөтөч: Канн (фото 2)

Канн хотод очоод хаана байрлах талаар бодож байгаа хүмүүст хэлэхэд, эхлээд танд юу хамгийн чухал вэ гэдгээ тодорхойлох хэрэгтэй. Танд нэр хүндтэй хаяг, онцгой үйлчилгээ эсвэл байршил сайтай байдлын аль нь чухал вэ? Мэдээж Каннд тансаг зэрэглэлийн олон янзын зочид буудлууд оршдог. Үүнийг дагаад спа, далайн устай усан сан, фитнесс төв болон олон төрлийн үйлчилгээг авч болно. Тухайлбал The Radisson Blu 1835 Hotel & Thalasso, Cannes нэртэй таван одтой цогцолборт "талассотерапия" буюу далайн устай шавар эмчилгээ зочдод санал болгодог. Газар дундын тэнгис хэв маяг бүхий загвартай La Bastide de l'Oliveraie зочид буудал нь Monfleury дүүрэгт оршдог бөгөөд жуулчдын шуугианаас түр ч болов холдож, амсхийх боломж олгоно. Дараагийн Hotel des Orangers гэх 1870 онд баригдсан эртний барилгад оршдог зочид буудал бол түүхэн дурсгалт Сукет дүүрэгт байх ба зочид буудлаас байгалийн гайхамшигтай дүр зураг харагдана. (Мэдээж энд ямар ч удам дамжсан сүнс, хий үзэгдэл байхгүй, маш орчин үеийн хэв маягтай). Хэрэв та хотын төвд байрлахыг хүсвэл арт деко загвартай Hotel Montaigne & Spa зочид буудал тохиромжтой.

Ер нь л та энд өөрийн хүсэл сонирхолд нийцсэн зочид буудлыг олох боломжтой бөгөөд танд хотын албан ёсны цахим хуудас тус болно. Та мөн Канны аялал жуулчлалын оффисоос явган аялагчдадзориулсан хөтөч ном бэлгэнд авч болно.  Энэхүү номонд буй Рандо нэртэй, хөгжилтэй дорго таныг болон хүүхдүүдийг тань хотын сонирхолтой газруудаар замчилна.

Хоол

"Хаана хооллох вэ?" гэдэг асуулт бол аялаж явахад гарч ирдэг хамгийн чухал асуултуудын нэг. Хоолны асуудал Каннд маш амархан шийдэгддэг. Зүгээр л Форвиль зах (le Marché Forville) руу очоод л ногоо, жимс, загас, бяслаг, амтлагч гээд төрөл бүрийн хүнсийг шинээр нь авч болно. Канны шилдэг зочид буудал болон ресторануудын ахлах тогооч нар өглөө бүр энд ирж хүнсээ худалдан авдаг. Та ч гэсэн эндээс хамгийн шинэ хүнсийг авч болно. Гэхдээ хэрэв өөрийн гараар хоол хийхийг хүсэхгүй бол, захын ойр орчимд боломжийн үнэтэй жижиг зоогийн газрууд олон бий.

5-, 11 Rue du Marché Forville

Бюрогийн хотын хөтөч: Канн (фото 3) 

Канны бас нэгэн сонирхолтой газар бол Le Bar de l'Horloge юм. Энд та алдарт нугасны нухашийг шаржигнасан франц талхны хамт зооглох боломжтой. Харин та цахлай шувуунаас болгоомжлоорой. Тэд үргэлж эндхийн үйлчлүүлэгчдийн хоолноос "шүүрэх"-ийг оролддог.

7 Rue du Marché Forville

Éleveurs Gastronomes хэмээх газар орц ихтэй нугасны цээж махыг ногоон салат болон жижиглэж шарсан төмсний хамтаар хийдэг. Харин та энэхүү амтат зоогийг Côte-de-Gascogne цагаан дарсын хамт зооглоход ердөө л 12 евро болно.

13 Rue du Marché Forville

Хэрэв үндсэн хоолоо зооглож дуусаад, амттан идмээр санагдвал Канны кино наадам болж буй ордон руу яваарай. Тэнд Францын хамгийн амттай Vilfeu зайрмагийг хийдэг. Мөн тэдний шоколадтай меринг (зефир) нь толгой эргэм сайхан амттай.

14 Rue Bivouac Napoléon

Бюрогийн хотын хөтөч: Канн (фото 4)

Харин бие галбиртаа анхаардаг хүмүүст зориулан хэлэхэд саяхан далайн эрэг дэх InterContinental Carlton зочид буудалд California Bliss гэх америк ресторан нээгджээ. Энд маш амттай таргаар хийсэн зайрмаг санал болгодог.

Мөн хэрэв хоолны газар хайж явмааргүй байвал Сукет (Le Suquet) хэмээх хуучин дүүрэгт очих хэрэгтэй. Хуучин хотын ид шидийн мэт уур амьсгал, анивчсан гэрэл, амьд хөгжим болон нутгийн хоолны соёл нь ачаалалтай өдрийн дараа гайхамшигтай санагдах болно. Харин хуучин хотын боомт руу хүрч очвол усан дээр оршдог дөрвөн ресторан ажиллаж байгаа ба романтик хүмүүст таалагдах нь гарцаагүй (Quai Laubeuf).

Бюрогийн хотын хөтөч: Канн (фото 5)

Хэрэв та сүүлийн үеийн хоолны чиг хандлагыг дагадаг бөгөөд хооллох зоогийн газраа сонгохдоо их нухацтай ханддаг бол тусгай сайт ашиглан ресторанаа сонгож, захиалгаа өгөх боломжтой. Үүнээс гадна Каннд Мишлений одтой хоёр ресторан бий. Нэг нь Кристиан Синикропигийн Martinez зочид буудалд байдаг хоёр одтой La Palme d'Or ресторан юм. Харин нөгөө нь Себастьян Бродагийн Grand Hotel зочид буудалд орших Park 45 ресторан.

Түүнчлэн Францын шинэ зоогийн газруудыг туршиж болох хэд, хэдэн газар бий. Жишээлбэл, Газар дундын тэнгисийн хоолоор үйлчилдэг La Мome нэртэй ресторанд очиж болно. Luci Sera зоогийн газар итали хоолтой гэдгээрээ онцлогтой бол, La Cabane de l'Ecailler ресторанд далайн гаралтай төрөл бүрийн шинэхэн хоолнуудаар үйлчилдэг.

Наран шарлагын газар болон Спа

Канны далайн эрэг нь Cannes La Bocca болон Golfe-Juan-ын хооронд 15 км үргэлжилдэг бөгөөд ойролцоогоор энд 50-аад наран шарлагын газар бий. Үүнээс 33 нь Palais des Festivals et des Congrès буюу Канны кино наадмын ордон болон Палм эргийн дагуу (Palm Beach) байгаа. Мөн наран шарлагын газар бүр өөрийн гэсэн ресторантай.

Энд танд хамгийн сайн эм болох зүйл бол далай, харин гоо сайхны хамгийн шилдэг бэлдмэл нь хөнгөн наран шарлага юм. Гэхдээ хэрэв арьсаа борлуулахад тохиромжгүй цаг агаартай байвал спа орж болно.

Канны хамгийн том шавран эмчилгээтэй газар бол Radisson Blu 1835 Hotel зочид буудалд байдаг Les Thermes Marins de Cannes төв юм. Энэхүү төв нь Хуучин хотын хажууд rue Georges Clémenceau гудамжинд оршдог. Тус спа төвд халаасан далайн устай усан сан, Финланд сауна, жакузи, Турк болон Япон усан эмчилгээ гэх мэт төрөл бүрийн үйлчилгээ үзүүлдэг. Үүнээс гадна спа төвийн гол үйлчилгээ болох талассотерапияг мартаж болохгүй. Мөн тансаг орчинд төрөл бүрийн гоо сайхны үйлчилгээ үзүүлнэ.

Бюрогийн хотын хөтөч: Канн (фото 6)

Хэрэв танд амрах тийм ч их цаг хугацаа байхгүй бол ойролцоох дөрөв, таван одтой зочид буудалд буугаарай. Учир нь тэд бүгд дотроо спа төвтэй байдаг бөгөөд зөвхөн буудлын зочид төдийгүй гаднаас ирсэн хүмүүст ч үйлчилгээ үзүүлдэг. Мөн бараг бүх спа төвүүдэд хоёр хүнд зориулсан үйлчилгээний багц бий.

Тухайлбал, Hotel Cezanne (40 Boulevard d'Alsace) зочид буудалд, Канны кино наадмын ордноос таван алхмын зайд шинэ дизайнерын спа төв нээгджээ. Хаммам буюу Турк усан эмчилгээ, жакузи, цайны өрөө болон хоёр гоо сайхны төв зэрэг газрууд энд өдөр бүр өглөөний 10:00 цагаас оройн 20:00 цаг хүртэл үйл ажиллагаа явуулдаг. Харин Hôtel Beau Séjour зочид буудалд Spa HBS нэртэй төв байгаа бөгөөд та энд хагас өдөр буюу 10:00-13:00 эсвэл 14:00-19:00 цагуудад ердөө 20 евро төлөөд л дээрх үйлчилгээнүүдийг авах боломжтой.

Худалдаа

Дэлгүүрүүд

Каннд шоппинг төрөл, төрлөөрөө тусгай бүсүүдэд хуваагдсан байдаг. Жишээ нь Круазет хөвөөнд бүх тансаг зэрэглэлийн брэндүүдийн бутикууд бий. Харин арай дундаж зэрэглэлийн маркууд rue d'Antibes гудамжинд орших жишээтэй. Dries Van Noten, Ann Demeulemeester, Maison Margiela, Alessandra Rich, Marni зэрэг дизайнеруудын хувцсыг худалдаалдаг Маргарита Киселевагийн концепц дэлгүүрийг анхааралдаа аваарай.

Бюрогийн хотын хөтөч: Канн (фото 7)

Каннд ямар нэг өвөрмөц, эх хувь зүйл олохыг хүсвэл Gray d'Albion зочид буудлын галерейг зориорой. Эсвэл Хуучин хотын ойролцоо, Форвиль захын орчимд, ялангуяа rue Meynadier гудамжинд орон нутгийн дархан болон урчууд өөрсдийн бүтээлээ дэлгэдэг.

Хуучин эд зүйлс худалдаалдаг зах

Франц улс зөвхөн хоолны соёл төдийгүй хуучин эд зүйлсийн захуудаараа дэлхийд алдартай. Каннд ч мөн адил алдартай хуучин захууд бий. Тухайлбал, Marché de brocante нь өөрийн гэсэн хууль дүрэмтэй, тусгаар тогтносон ертөнц юм. Энд хэзээ ч битгий яар, сониуч, анхааралтай бай бас үргэлж наймаалц гэсэн чухал дүрмүүд үйлчилдэг.

Эрдэнэсийн ангуучид анхаарлаа хандуулаарай. Доорх захуудаар явснаар маш боломжийн үнээр жинхэнэ Лимож шаазан, XIV Людовикийн ширээ эсвэл удам дамжсан үнэт эдлэлийг олох боломжтой. Харин аз таарвал бүр Дюбюффегийн зурагны эх хувийг ч олж болно. Сонирхуулахад, түүний зурагны үнэ 260,000 евро хүрдэг байна.

Бюрогийн хотын хөтөч: Канн (фото 8)

Marche des Allees de la Liberte нь ажлын өдрүүдэд цэцгийн дэлгүүр байдаг бол, амралтын өдрүүдээр Marché de brocante буюу эртний эд зүйлсийн болон хуучин эд зүйлсийн зах болон хувирдаг. Мөн эндээс та орон нутгийн уран бүтээлчдийн бүтээлүүдийг худалдан авах боломжтой. Сануулж хэлэхэд энэхүү зах нь 08:00 цагаас оройн 18:00 цаг хүртэл ажилладаг.

Allée de la Liberté (Хуучин боомтын орчим, Канны кино наадмын ордны ойролцоо оршдог)

Forville - Энэхүү алдарт хүнсний зах нь даваа гараг бүрт хуучин эд зүйлсийн зах болон хувирдаг юм. Хэдийгээр Marche des Allees зах шиг том биш ч ижил төрлийн эртний эдлэлийн зүйлс зардаг. Цагийн хуваарийн хувьд өглөө 07:00-08:00 цагийн хооронд онгойж, орой 17:30 хүртэл ажиллана.

Rue du Marché Forville

Бюрогийн хотын хөтөч: Канн (фото 9)

Marche de la Bocca хуучин эд зүйлс худалдаалдаг зах нь Cannes La Bocca дүүрэгт оршдог бөгөөд хэмжээгээрээ хамгийн жижигт тооцогддог. Гэхдээ эндээс маш сонирхолтой олон зүйлсийг олж болно. Харин Пүрэв гарагт 08:00-12:00 цагийн хооронд ажилладаг гэдгийг санах хэрэгтэй.
Place du Marché, 7 rue du Docteur Baloux

Дашрамд дурдахад, Каннд эртний эдлэл зардаг олон төрлийн салон, үзэсгэлэнгүүд байдаг бөгөөд үнэ болон нэр төрлийн хувьд ялгаатай байдаг.

Аялал

Далайн аялал

Канны кино наадмын үймээн шуугианаас амсхийхийг хүсвэл ойролцоох îles de Lérins буюу Лерин арлыг зориорой. Сент-Мергерит арал дээр үзэсгэлэнтэй цэцэрлэгт хүрээлэн болон эртний цайз байгаа бөгөөд дотор нь Далайн музей байрладаг. Энэхүү арал нь халуун өдөр салхинд гарч хооллоход хамгийн тохиромжтой газар юм. Учир нь нарс модны сүүдэр хангалттай сэрүүн байлгах бөгөөд наранд гарахыг хүсвэл наран шарлагын газар ч бий. Харин Лерин арлуудын Сент-Онора арал нь католик шашины сүмтэй ба сүмээс нүүдэлчдэд хоноглох байр гарган өгч, харин бусад хүмүүст дарс болон ликёр санал болгодог гэнэ. Мөн арал дээр орших La Tonnelle зоогийн газарт орон нутгийн, бараг хөдөөгийн гэж хэлж болохоор зоогуудаар үйлчилдэг байна.

Бюрогийн хотын хөтөч: Канн (фото 10)

Харин Сен-Тропе тосгон руу тавдугаар сарын 24-өөс эхлэн усан онгоцууд явдаг. Тиймээс кино наадмын дараа Каннд үлдэхээр шийдвэл тийшээ явах боломжийг бүү алдаарай (Усан онгоц өдрийн 13:15-д хөдөлдөг)

Quai Laubeuf, Хуучин боомтоос хөдлөнө

Явган зугаалга

Jean de Noailles өргөн чөлөөгөөр дээшээ өгсөхөд La Croix-des-Gardes ойн хүрээлэнд ирнэ. Цэцэрлэгт хүрээлэн 80 га бүхий үзэсгэлэнт байгальтай. Мөн энд маш сайн тохижуулсан явган хүний зам болон дугуйн зам бий.

Бюрогийн хотын хөтөч: Канн (фото 11)

Канны хойд хэсэгт Beauséjour өргөн чөлөөнд Parc Montfleury нэртэй жижиг цэцэрлэгт хүрээлэн оршдог. Энэхүү цэцэрлэгт хүрээлэнгийн бүсэд усан сан, теннис, хүүхдийн тоглоомын талбай мөн мэдээж хэрэг унадаг дугуйн зам багтдаг.

Дугуйн аялал

Каннд дугуйтай аялахаар шийдсэн бол залхууралгүйгээр Круазет хөвөөнд оршдог хотын аялал жуулчлалын оффисоор ороод гараарай. Энд танд дугуй түрээсийн газруудын байршил болон замын хөтөчтэй товхимол өгөхөөс гадна, дугуй хагарахаас хамгаалдаг төхөөрөмж болон дугуй хийлэгч өгнө. Үүний тулд та зүгээр л эелдэгээр асуухад хангалттай.

Нисдэг тэрэгний аялал

Бюрогийн хотын хөтөч: Канн (фото 12)

Номин эргийг бүхэлд нь дээрээс тольдох хүсэлтэй болох нисэх дуртай хүмүүст зориулаад Azur Helicoptere компани төрөл бүрийн нислэг үйлддэг. Та богино буюу зургаан минутын нислэгээс нэг цаг хүртэл нисэх нислэгүүдээс сонголтоо хийж болно. Хэрэв хүсвэл Isola 2000 цанын бааз руу эсвэл Куршевель, Женев болон Миланы уул руу нисч болно. Мөн Ниццагийн онгоцны буудлаас нислэг захиалах ч боломжтой.

Спорт

Бюрогийн хотын хөтөч: Канн (фото 13)

Хэрэв та өөрийн амьдралыг спортгүй төсөөлдөггүй эсвэл олон хүний дунд хөгжилтэй байх дуртай бол танд наран шарлагын газарт зохиогддог багийн дасгал яг тохирно. Circuit training хөтөлбөрт гүйлт болон биеийн хүчний дасгал багтдаг.
Энэ газар "48, Boulevard du Midi", 33 болон 34 мухлагын хооронд оршиж байгаа.

Шөнийн клуб

Энд шөнийн амьдралд дуртай хүмүүст ч өргөн сонголт бий. Канны хамгийн түгээмэл хэдэн клубыг нэрлэж байна.

Хамгийн алдартай газар бол мэдээж Baoli ресторан-клуб юм. Энд эхлээд тансаг орчинд оройн хоолоо идсэний дараа, хэмнэлтэй хөгжим сонсон бүжиглэж болно.

Port Pierre Canto, Boulevard de la Croisette

Бюрогийн хотын хөтөч: Канн (фото 14)

Харин хотын хамгийн шинэ клуб бол Круазет хөвөө болон Кино наадмын ордны ойролцоо оршдог Chrystie нэртэй газар юм. Энэхүү клуб нь барокко болон орчин үеийн хэв маягтай ба уламжлалт DJ хөгжим тавихаас гадна, амьд хөгжим сонсож ч болно. Мөн хамгийн сонирхолтой нь эндээс товшуур бүжигчдийн тоглолтыг ч харах боломжтой.

22 rue Macé

Palm Beach-ийн ойролцоо орших Gotha клуб нь хамгийн хөгжимлөг газарт тооцогддог. Энэхүү клубын хөтөлбөрт David Guetta, Carl Cox, Swedish House Mafia, Busta Rhymes, Armand Van Helden, Martin Solveig нар багтдаг байна.

Place Franklin Roosevelt

Бюрогийн хотын хөтөч: Канн (фото 15)

Канны кино наадмын ордны эсрэг талд байрлах ZOA нэртэй газар нь хамгийн этгээд клубт тооцогддог аж. Учир нь өдөр болон оройдоо тэнд суши баар ажилладаг бол шөнө маш их хүнтэй бүжгийн клуб болон хувирдаг.

Урлаг

Круазет хөвөөний ойр орчимд, rue d'Antibes гудамжинд орчин үеийн урлагийн олон үзэсгэлэнгүүд төвлөрсөн байдаг. Хэрэв хотоос бага зэрэг цаашилбал Пикассогийн Cap d'Antibes музейг үзэж болно. Харин орчин үеийн урлагийг гайхалтай дүр зурагтай хослуулахыг хүсвэл Saint-Paul-se-Vence-ийг зориорой. Харин шавар эдлэл сонирхдог бол Vallauris Golfe-Juan музейд очиж болно. Сонирхуулахад, нэгэн цагт яг энд Пабло Пикассогийн урлан байрлаж байсан юм.

Бюрогийн хотын хөтөч: Канн (фото 16)

цааш үзэх