Хайх

Аяллын шинэ сонголт: Байгалийн сайхныг мэдрэхэд тань туслах кабин зочид буудлууд

Дижитал детокс хийн, оюун бодлоо цэгцлэхэд тун тохиромжтой

Text: Ц.Намуун


Чөлөө завгүй үргэлжлэх хотын амьдралаас түр хөндийрөхийг хүссэн аялагчид тансаг резортоос илүү байгалийн сайханд ганцаар амрахыг илүүд үзэх болжээ. Үүнийг дагаад кабин болон landscape буюу зэрлэг байгальд байрлах цомхон хэлбэрийн зочид буудлууд олноор ашиглалтад орж байна. Эдгээр зочид буудлуудад интернет орчин хязгаарлагдмал учир дижитал детокс хийн, оюун бодлоо цэгцлэхэд тун тохиромжтой. Тэр ч бүү хэл зарим кабинд өрөөний үйлчилгээ аль эсвэл коктейл захиалах боломжгүй ч харин оронд ил галын дэргэд хэвтэнгээ зэргэлдээ орших нуур, ой моддыг ширтэх завшаан олдох болов уу. Ингээд дэлхийн өнцөг булан бүрт орших хамгийн шилдэг кабин, landscape зочид буудлуудтай танилцацгаая.

Шинэ Зеландын Крайстчерч дахь Annandale Вилла

 

Скандинав хэв маягаар тохижуулсан өрөө, байгалийн чулуугаар чимэглэсэн хана, ил галын зуух, шалнаас тааз хүртэл үргэлжлэх өргөн цонх ба түүгээр харагдах Номхон далай. Байгалийн үзэсгэлэнт өвөрмөц тогтоцтой Шинэ Зеландын өмнөд хэсэгт орших Seascape гэх шилэн кабинд энэ бүхнийг цогцлоожээ. Seascape кабин нь Номхон далайн эрэг дээр оршдог тул серфинг хийн, далайн гахайнуудтай хамт сэлэх боломжтой.

Шведийн хойд хэсэгт орших Tree Hotel

Шведийн хойд хэсгийн нарсан ойд орших Tree Hotel нь ижил төрлийн зочид буудлуудаасаа хамгийн алдартай нь. Tree Hotel-д харь гарагийн таваг мэт харагдах "UFO", толиор бүрхэгдсэн "Mirror Cube" зэрэг өөр өөрийн гэсэн өвөрмөц хэв маяг бүхий долоон төрлийн кабин байрлана. Эдгээр бүх кабинууд модны оройд байрлах тул байгалийн сайхныг бүрэн мэдрэх боломжтойгоос гадна нохой чаргаар гулгах, мөсөн голд загасчлах зэргээр цагийг сонирхолтой өнгөрүүлэх боломжтой.

Испанийн VIVOOD зочид буудал

Испанийн Аликанте хотын ууланд орших VIVOOD зочид буудлын Скандинав уур амьсгалтай кабинд хосоороо амрахад нэн тохиромжтой. Түүнчлэн VIVOOD зочид буудлын бясалгал, йогийн хичээл болон зах хязгааргүй мэт мэдрэмжийг төрүүлэх усан сангаараа алдартай.

Норвегийн Juvet зочид буудал

Норвегийн баруун хойд хэсэгт орших Juvet зочид буудал Европын хамгийн анхны landscape зочид буудал билээ. Алдарт архитектурын компани болох Jensen & Skodvin студи зочид буудлын зураг төслийг гаргасан ба "Ex Machina" киноны зураг авалт энд хийгдсэн байдаг.  Уул, хад хосолсон аниргүй газар байрлах Juvet зочид буудлыг өөрийгөө нээх хүсэлтэй ганцаар аялагчид ихээхэн сонгодог ажээ.

 

цааш үзэх