Хайх

Бүхнээс тасрахыг хүсвэл: 2017 онд аялах 10 шилдэг газар

Бүхнээс тасрахыг хүсвэл: 2017 онд аялах 10 шилдэг газар

Монгол, Намиби, Канад ба бусад

Text: Г.Тэмүүлэн


Зураг:

Дэлхийн хамгийн олон орон буюу НҮБ-ын 193 гишүүн улсаар аялсан америкийн залуу аялагч, аяллын блогер Ли Аббамонте 2017 онд заавал аялах 10 газрыг USA Today сонинд санал болгожээ. Жагсаалтын нэгдүгээр байранд үзэсгэлэнт Монгол орныг нэрлэсэн байна

Хэрэв та 2017 онд олон орноор аялж үзэх зорилго тавьсан бол заавал бусад хүмүүсийн очдог, түгээмэл газруудыг сонгох албагүй шүү дээ. Бүхнийг умартаж, байгалийн сайхныг мэдэрч, жинхэнэ ёсоор амрахыг хүсвэл эдгээр газруудыг анхааралдаа аваарай!

Монгол

Бүхнээс тасрахыг хүсвэл: 2017 онд аялах 10 шилдэг газар (фото 1)

Ли Аббамонте жуулчдад Улаанбаатар хотод очиж үзэхийг зөвлөжээ. Мэдээж мөн жуулчид нийслэл хотоос гарч, нүүдэлчин соёлын хамаг сайхныг мэдэрч, хүй нэгдлийн үеийн мэт аялал хийж үзэх хэрэгтэй.

Оман

Бүхнээс тасрахыг хүсвэл: 2017 онд аялах 10 шилдэг газар (фото 2)

Персийн булангийн энэхүү улс Дубай ба Абу Дабигийн сүүдэрт дарагдаж ирсэн ч үнэн хэрэгтээ жуулчдад аяллын асар олон боломжуудыг олгодог. Энд тансаг зэрэглэлийн зочид буудал, амралтын газруудаас эхлээд элсэн цөлийн аялал зэрэг сонирхолтой хөтөлбөрүүд бий. Оманы нийслэл Мускат хотод янз бүрийн музей, лалын сүм, сонирхолтой эд зүйлс, элдэв хүнсээр дүүрэн захууд байрладаг. Оман бол ямар ч төсөвтэй жуулчдад тохиромжтой аяллын цэг юм.

Дьюи Бич, Делавер

Бүхнээс тасрахыг хүсвэл: 2017 онд аялах 10 шилдэг газар (фото 3)

АНУ-ын Делавер мужийн энэхүү далайн эргийн хот нь байгалийн сайханд амарч, зугаалахад хамгийн тохиромжтой. Үдэш бүр эрэг орчимд амьд хөгжим эгшиглэж, ер бусын уур амьсгал бүрдүүлдэг.

Намиби

Бүхнээс тасрахыг хүсвэл: 2017 онд аялах 10 шилдэг газар (фото 4)

Африкийн бүх орноор аялсан Аббамонте Намибийг энэ тивийн хамгийн үзэсгэлэнтэй улс гэж үздэг. Сафари аяллаас эхлээд дэлхийн хамгийн том элсэн манханг эндээс олж болно. Байгалийн гоо үзэсгэлэн нь харанхуйд ч мэдрэгдэнэ. Намибийн шөнийн тэнгэр гайхалтай үзэсгэлэнтэй харагддаг байна.

Форт Уорт

Бүхнээс тасрахыг хүсвэл: 2017 онд аялах 10 шилдэг газар (фото 5)

Аялагчид ихэвчлэн Даллас-Форт Уортын олон улсын нисэх онгоцны буудлаас энэхүү хотыг алгасч, шууд Даллас хотыг зорьдог. Форт Уортоос дэлхийн хэмжээний музейн дүүрэг, кантри хөгжимтэй хонки-тонк баарууд болон үнэхээр амттай хоолыг олж болохыг хүмүүс тэр бүр мэдээд байдаггүй.

Боливи

Бүхнээс тасрахыг хүсвэл: 2017 онд аялах 10 шилдэг газар (фото 6)

Өмнөд Америкийн энэхүү орныг заавал үзэх ёстой гол шалтгаан бол үзэсгэлэнт байгаль нь юм. Салар де Уюнигийн давсан цөл бол манай дэлхийн хамгийн гайхамшигтай газруудын нэг яах аргагүй мөн. Үүнээс гадна, дэлхийн хамгийн өндөрлөгт байрладаг нийслэл хот болох Ла Пазыг заавал үзэх хэрэгтэй.

Моаб, Юта

Бүхнээс тасрахыг хүсвэл: 2017 онд аялах 10 шилдэг газар (фото 7)

Уулын дугуйчид, хаданд авирагчид, явган аялагчдад Юта мужийн зүүн өмнөд хэсэгт орших Моабаас илүү тохиромжтой газар гэж үгүй. Энэхүү хотын бас нэг давуу тал нь Арчес ба Каньонлендсын Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэнгүүдтэй ойрхон оршдогт байгаа юм. Идэвхтэй аялал, адал явдалд дуртай хүмүүсийн аяллын төв болсон Моабыг Ли Аббамонте санал болгож байна.

Киава Айленд, Өмнөд Каролина

Бүхнээс тасрахыг хүсвэл: 2017 онд аялах 10 шилдэг газар (фото 8)

Далайн эргийн энэхүү хот нь гольф, теннис, дарвуулт завины спортын сургалтуудаар дүүрэн бөгөөд тансаг зэрэглэлийн аялалд мэргэшсэн газар юм. Мэдээж ийм аялал хямд тусахгүй ч гольф сонирхогчдын мөрөөдлийн хот байх болно.

Палау

Бүхнээс тасрахыг хүсвэл: 2017 онд аялах 10 шилдэг газар (фото 9)

Номхон далайн өрнөд хэсэгт орших энэхүү улс нь усан дор шумбаж, шинэхэн далайн гаралтай хоол идэж, байгалийн гоо үзэсгэлэнг мэдрэхэд нэн таатай газар юм.

Альберта, Канад

Бүхнээс тасрахыг хүсвэл: 2017 онд аялах 10 шилдэг газар (фото 10)

Канадын хамгийн үзэсгэлэнтэй муж болох Альбертад өвлийн спортын олон төрлөөр хичээллэж, байгалийн сайханд амарч болно. Энд цанын баазад байрлан, цанаар гулгаж, ууланд авирч мөн Калгари хотоор аялах боломжтой.

цааш үзэх