Хайх

New York Times-ийн  \"2017 онд аялах 52 орон\"-д яагаад Монгол улс багтсангүй вэ?

New York Times-ийн "2017 онд аялах 52 орон"-д яагаад Монгол улс багтсангүй вэ?

Харьцуулалт хийцгээе

Text: Ж.Чинбат


Зураг:

New York Times сонин жил бүр уламжлал болгон гаргадаг бүтэн жилийн аяллын хөтөч танилцуулагдлаа. Дэлхийн 52 орон багтсан энэхүү жагсаалтын нэгдүгээр байранд Канад улс орсон байна

Хэрэв New York Times сонин аяллын сэдэв санал болгож байгаа бол үүнийг нэг өдрийн дотор есөн сая гаруй хүн (зөвхөн АНУ-д) уншина гэсэн үг. Тиймээс тус хэвлэлийн газрын гаргаж буй жагсаалт маш нэр хүндтэй байдаг бөгөөд дурдагдсан орнуудад ирэх жуулчдын тоонд эерэг нөлөө үзүүлэх болно.

Жагсаалтыг 200 гаруй Үндэсний байгалийн цогцолбор болон түүхэн дурсгалт газруудаараа Канад улс тэргүүлсэн бол Атакамагийн элсэн цөлд нар мандаж байх агшинд агаарын бөмбөлөгөөр аялах боломжтой Чили улс хоёрт эрэмблэгдлээ. Харин гуравдугаар байранд Таж Махалтай ойролцоо оршдог Энэтхэгийн Агра хот нэрлэгджээ. Дөрөвдүгээрт 1898 оноос хойш жуулчдын очих дуртай газар болсон Швейцарь улсын Зерматт дахь цанын бааз, тавдугаарт арслангуудын сүргээрээ алдартай Африкийн Ботсвана улс орлоо.

Харамсалтай нь дэлхийн өнцөг булан бүрээс хамгийн сонирхолтой, сэтгэл татам газруудыг түүвэрлэж багтаасан энэхүү жагсаалтанд Монгол улс багтаж чадсангүй. Өнгөрсөн 2016 онд "The Еagle Huntress" кино Монгол улсын талаар томоохон сурталчилгаа болж, Sundance кино наадамд сонгогдож, тус киноны талаар Vogue, Harper's Bazaar, The Guardian, New York Times зэрэг дэлхийн хэмжээний хэвлэл мэдээллийн байгууллагууд ээлж дарааллан бичсэн боловч харин манай улсын аялал жуулчлалын салбарын өрсөлдөх чадвар сул хэвээрээ байна. Алтайн уулс дахь Монголчуудын амьдрал болоод Казакийн ард түмний өв соёлыг 13 настай Айшоплан охины түүхээр үзүүлсэн тус кино олон нийтийн хүртээл болсны дараа барууны хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Монгол улсад аялахыг санал болгож эхэлсэн юм. Жишээ нь Bloomberg телевиз бүргэдтэй анчидтай танилцах аяллын тооцооллыг гаргаж, 16,000 доллараар Монгол улс руу аялах боломжтой гэж өнгөрсөн есдүгээр сард мэдээллэж байлаа.

New York Times-ийн  "2017 онд аялах 52 орон"-д яагаад Монгол улс багтсангүй вэ? (фото 1)

Гэвч Улаанбаатар хотоос Баян-Өлгий аймаг орох дэд бүтцийн хөгжил муу, орон нутагт жуулчдыг тав тухтай байлгах тансаг зэрэглэлийн зочид буудал байхгүй, Монголын хээр талаар олон хоног аялахад тухтай шүршүүрт орох боломж гардаггүй зэрэг сөрөг үзүүлэлтүүдийг аялал жуулчлалаар дагнасан Lonely Planet сайт дээр жуулчид бичиж, өөрсдийн сэтгэгдлээ үлдээсэн байна.

New York Times сонины нэрлэсэн газруудыг сайтар ажиглах юм бол эдгээр улс орнууд бүгд өөрийн гэсэн давтагдашгүй түүх соёл, үзэсгэлэнт байгальтай бөгөөд хамгийн гол нь олон сонирхолтой арга хэмжээнүүдийг төлөвлөсөн байна. Харин бид үүнээс суралцаж, наанадаж Улаанбаатар хотоос холдохгүйгээр жуулчдад хэрхэн гоё сонирхолтой зүйлс санал болгож болох вэ гэдэг дээр анхаарч, дүгнэлт хийх хэрэгтэй болов уу. Тэгэхээр та эндээс New York Times-ийн санал болгосон аялал жуулчлалын газруудын дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцаж, манай улсад шинээр юу байгуулж болох талаар хараарай. Мэдээж мөн энэ 2017 онд гадаад улс орнууд руу аялах маршрутаа төлөвлөөд аваарай. 

цааш үзэх