Хайх

Эрэгтэй загварын долоо хоног: Hermes, хавар-зун, 2017

Эрэгтэй загварын долоо хоног: Hermes, хавар-зун, 2017

Хамгийн дулаан өнгө

Text: Buro.Mongolia


Зураг:

Хавар-зуны цуглуулгад тод өнгөнөөс илүү сайхан зүйл гэж үгүй. Тэгвэл Hermes брэндийн бүтээлч захирал Вероник Нишанян хамгийн гэгээлэг, баяр баясгалантай шар өнгийг шинэ цуглуулгадаа онцолсон байлаа

Өнгө, будгийн элбэг дэлбэг байдлыг үл харгалзан улирлаас улиралд бор, саарал, хар хөх, тас хар зэрэг суурь өнгөнүүд үргэлж түгээмэл байсаар ирсэн. Тэр тусмаа эрэгтэй загварт эдгээр өнгө бүр ч нийтлэг ордог. Энэхүү жагсаалтанд цагаан өнгө бараг байхгүй. Учир нь өдөр тутмын амьдралд цагаан өнгийг шингээхэд хэцүү байдаг ба тийм ч нийтлэг өнгө биш юм. Вероник Нишанян Hermes-ийн шинэ цуглуулгад арай хөгжилтэй өнгө будаг нэмэхийн тулд суурь өнгөнүүдийг тод шар өнгөөр "шингэлсэн" харагдлаа. Жишээ нь хар, бор, саарал өнгөнүүдийн суурь дээр хурц өнгөнүүд бүр ч их баяр баясгалантай харагдаж байв. Хэрэв та өөрийн хувцасны шүүгээндээ арай зоригтой шийдэл нэмэх хүсэлтэй боловч юу ч мэддэггүй хүн шиг, эсвэл Pitti Uomo-гийн дэгжин залуучууд шиг харагдахыг хүсэхгүй байгаа бол энэхүү цуглуулгаас санаа авч болно.

Эхний дүрэм бол шууд л ягаан хослол эсвэл цэцэгтэй өмднөөс бүү эхлээрэй. Харин эхлээд өнгө, өнгийн ромбо дүрстэй энгийн кардиган эсвэл эрс тэс өнгөтэй дөрвөлжин оруулгатай хөнгөн бомбер хүрэм өмссөн нь дээр. Эсвэл зүгээр л оюу ногоон ба цэнхэр өнгийн эмжээртэй поло цамц байсан ч болно. Харин тод шар футболка, хослол (өмдний оронд зуны богино өмд) өмсөх цаг дараа нь гарч ирнэ. Үүний дараа тод өнгөнүүдийг өөрийн бүрэлдүүлсэн хувцаснуудтайгаа нэгтгэх хэрэгтэй. Суурь өнгөнүүдийн гол давуу тал нь бусад бүх өнгөтэй гайхалтай сайхан зохицож чаддагт байгаа юм.

Эцэст нь тод өнгөтэй хувцас биеэ барьсан, буурь суурьтай харагдуулж болдог гэдгийг мартах хэрэггүй. Хэрэв tie-dye өнгөтэй цамц өмссөн л бол шууд л серфингийн тамирчин болоод хувирахгүй шүү дээ. Нишанян энэхүү tie-dye будалтын техникийг (энэ зуны эмэгтэй цуглуулгуудад маш түгээмэл байгаа) сонгодог эрэгтэй загварууд дээр маш ухаалгаар ашигласан байлаа. Өнгө, өнгийн толботой түүний бүтээсэн цамцнууд хэт хүчиллэг эсвэл хэт чөлөөтэй харагдахгүй байсан юм. Тиймээс ингэж хувцасласан залуу бусдын хяламхийсэн харцанд өртөхгүй гэдэгт итгэлтэй байж болно.

цааш үзэх