Хайх

Эрчүүдэд: 2016 оны шинэ үнэртэй уснууд

Эрчүүдэд: 2016 оны шинэ үнэртэй уснууд

Эрч хүч нэмнэ

Text: Buro.Mongolia


"Сүрчиг загварын хэв маягт нийцэж байх хэрэгтэй. Харин эсрэгээрээ биш" гэх Ив Сан Лорены үгтэй та санал нийлэх үү? Хэрэв тийм бол энэ 2016 онд шинээр гарч буй эрэгтэй үнэртэй уснуудад анхаарлаа хандуулаарай

Эрчүүдэд: 2016 оны шинэ үнэртэй уснууд (фото 1)

Issey Miyake L'EAU D'ISSEY FRAICHE

Цаст уулын цэнгэг ус шиг эрч хүч өгөх, цэмцгэр байдлыг билгэдсэн Issey Miyake L'eau D'issey Pour Homme үнэртэй ус  анх 1994 онд гарсан билээ. Энэ жил алдарт ус шинэчлэгдэн хийгдэж, орчин үеийн залуусын өдөр тутмын амьдралд хүч нэмэх боллоо. Сүрчигний мэргэжилтэн Кристоф Рейногийн энэхүү бүтээл нь бэрсүүт жүрж болон цагаан пачули цэцгийн холимог үнэртэй. Түүний төрүүлэх мэдрэмжийг дурдвал эхлээд бэрсүүт жүрж, лийр, розмарин болон гаа үнэртэнэ. Харин сүрчигний дунд өнгө нь хаврын сарнай, ягаан чинжүү байх бол суурь үнэр нь модорхог өнгө аястай, цагаан пачули болон заараас бүрдэнэ.

Эрчүүдэд: 2016 оны шинэ үнэртэй уснууд (фото 2)

John Varvatos Dark Rebel

Загвар зохион бүтээгч Жон Варватос энэхүү үнэртнийг "Муу залуус"-т зориулсан ба сүрчгийг бүтээхэд түүний төрөлх хот Детройтын уур амьсгал их нөлөөлжээ. Энэхүү сүрчгийг анх харахад л бааранд виски шимж, тамхины хуулийг үл ойшоон тухлах савхин хүрэмтэй залуу төсөөлөгдөнө. Тус сүрчиг нь дорны уур амьсгалтай, модорхог болон навчин тамхины цогц үнэртэй. Дээд өнгө нь Ямайк ром, Кубын чихрийн нишингэ, кардамон бол, дунд өнгө нь савхи, задь, чинжүү, гацуурны давирхай зэрэг зүйлсийн үнэрээс бүрдэнэ. Түүний үндсэн орц нь акигала мод, тамхины навч, Мексикийн хар ванилин, минжний заар болон арцны нэгдэл юм.  

Эрчүүдэд: 2016 оны шинэ үнэртэй уснууд (фото 3)

Thierry Mugler A*Men Pure Tonka

Эрчүүдийн үнэртэй усны сонгодог хувилбар болсон A*Men сүрчиг анх 1997 онд гарч байсан юм. Харин энэ 2016 онд шинэ хувилбарыг Тиерри Мюглер Жак Уклетэй хамтран бүтээлээ. Энэхүү сүрчиг нь ерөнхийдөө дорнын уур амьсгалыг санагдуулах бөгөөд гол орц нь Венесуэлийн байгаль хамгаалах хөтөлбөр дор ургуулсан тонка шош, лаванда цэцэг, пачули ваниль болон кофе юм. A*Men Pure Tonka сүрчиг нь хайрсан шош болон шинэхэн лаванда цэцгийн хослол бүхий дулаан шинж чанартай анхилуун үнэртэн юм. Үнэртний дээд өнгө аяс нь лаванда цэцэг бөгөөд дунд өнгөнд тонка шош үнэртэх ба гүнзгийрэх тусам кофе, пачули, ваниль мэдрэгдэнэ.

Эрчүүдэд: 2016 оны шинэ үнэртэй уснууд (фото 4)

Terre D'Hermes Parfum Limited Edition

Hermes брэндийн шинэ бүтээл модорхог хурц үнэртэй тул эрчүүдийн шийдэмгий байдлыг сайтар илтгэнэ. Энэхүү шинэ үнэртэнг сүрчигний мэргэжилтэн Жан Клод Эллена зохион бүтээжээ. Terre D'Hermes сүрчиг эхлээд бэрсүүт болон амтат жүрж хосолсон үнэр түгээх бол харин үндсэн өнгө аяс нь царс болон ойн хөвдний үнэртэй. Улмаар шинэхэн шүүслэг жүрж нь модны хурц үнэртэй нэгдэж анхилуун, таатай мэдрэмж төрүүлнэ.

Эрчүүдэд: 2016 оны шинэ үнэртэй уснууд (фото 5)

Givenchy Gentlemen Only Parisian Break

Анх 1974 онд гарч эхэлсэн Givenchy Gentlemen цуглуулгын цоо шинэ үнэртэн болох Gentlemen Only Parisian Break сүрчиг энэ хавар нээлтээ хийх гэж байна. Энэ сүрчиг нь өглөөний цэнгэг агаарт Сена мөрний эргээр зугаалж буй мэт сэнгэнэсэн мэдрэмж төрүүлнэ. Цэмцгэр, ганган эрчүүдэд зориулсан тус сүрчгээс эхлээд Балба гаа болон нимбэг үнэртэнэ. Харин түүний гол үнэр нь Хайти арлын ветивер гэх ургамал, амброксан зэрэг онцгой зүйлсээс бүрджээ.


Эрчүүдэд: 2016 оны шинэ үнэртэй уснууд (фото 6)

Invictus Aqua Paco Rabanne

Өнгөрсөн нэгдүгээр сард шинээр гарсан энэхүү үнэртэй ус нь тэмцээн, өрсөлдөөнд дуртай, ялагчдад зориулагдсан үнэртэн юм. Тийм ч учраас Invictus Aqua сүрчиг нь эрч хүчтэй, далайн давалгааны сэнгэнэсэн үнэрийг санагдуулам эрэгтэйлэг үнэртэн болжээ. Сүрчигний эхний сэтгэгдэл нь бэрсүүт жүрж зэрэг цитрусын төрлийн жимснүүд болон ягаан чинжүүтэй холилдсон үнэрээс бүрдэнэ. Дунд өнгөнд далайн ус, нил цэцгийн навч орсон бол, үндсэн өнгө аяс нь гваяк мод, хувны үнэртэй.


Эрчүүдэд: 2016 оны шинэ үнэртэй уснууд (фото 7)

Prada Luna Rossa Sport

Prada брэнд 2012 онд гаргасан Luna Rossa цуглуулгаа өргөжүүлж, Luna Rossa Sport сүрчгийг өнгөрсөн оны сүүлээр танилцуулсан юм. Энэхүү сүрчиг нь дур булаам, орчин үеийн сэтгэгдэл төрүүлэх бөгөөд цуглуулгад багтсан бусад сүрчигнээс эрс ялгарах онцгой үнэртэй. Өмнө нь Bvlgari, Marni, Bottega Venetta зэрэг олон брэндийн үнэртэнг хийж байсан Даниэла Андрие тус үнэртэнг бүтээсэн байна. Сүрчгийг өнгөц үнэртвэл арц, цагаан гаа анхилна. Дунд үед нь лаванда цэцэг үнэртэх бол үндсэн өнгө аяс нь ваниль болон тонка шошны зөөлөн үнэртэй. 


Эрчүүдэд: 2016 оны шинэ үнэртэй уснууд (фото 8)

Joop! Sport

Анх 1989 онд гарсан Joop! Homme сүрчигний спорт хувилбар 2016 онд шинээр танилцуулагдлаа. Антуан Лигийн бүтээсэн тус үнэртэн нь цэцгийн анхилам үнэртэй. Түүний хэлж буйгаар бол сонгодог цитрусын үнэрээс илүүтэйгээр нойтон арьсан дээрх гаа болон бергамотын зохицлыг гаргаж өгөхийг хичээсэн гэнэ.  Энэхүү үнэртэй ус нь эрч хүчтэй хөдөлгөөнтэй амьдралыг билэгдсэн бөгөөд зуны улиралд хэрэглэхэд илүү тохиромжтой.

 

цааш үзэх